Налайхын автозамыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус автозамын  арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар автозамын барилгын явцыг шалгав.

Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ.  Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл автозамын хучилт хийгдэж дуусаж байгаа аж.

Энэ сарын  25-28-ны өдрүүдэд Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийгдэх юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй чанартай хийж дуусгахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулсан юм.

Налайхын 20,9 км автозамын өнгө хучилтын ажил хийгдэхээс гадна явган болон дугуйн зам, 5 гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэх юм.