Б.Пүрэв: Өргөн нэвтрүүлгийн 18 телевиз иргэдээс хураамж авч байгаа нь халаасны хулгайгаас өөрцгүй үйлдэл гэж харж байна

Peak.mn
02 сарын 18, 2024

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу айл өрхүүд сар бүр арилжааны 18 телевизэд 2500-3500 төгрөгийн хураамж төлдөг. Гэвч телевизүүд энэ жишгээр хураамж авах нь үндэслэлгүй бөгөөд иргэдээс хулгай хийсэн явдал гэж сэтгүүлч Б.Пүрэв үзэж байгаа юм. Тиймээс уг хуулийн зохицуулалтыг хүчингүй болгохоор "D-parliаment" системд өргөдөл нээн, иргэдээс гарын үсэг цуглуулж буй талаараа тэрбээр мэдээллээ. 

Сэтгүүлч Б.Пүрэв "Хэвлэл мэдээлэл гэдэг олон нийтийн санаа бодлыг хянадаг, удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл учраас төр телевизүүдэд хэт давуу, монопол байдал олгож байна. Үүний тод жишээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм. 

Учир нь ӨНТХ-иар Монголын 768 мянган айл өрхийн 82 хувь нь “Univision”, “Skymedia”, “DDish” зэрэг кабелийн сувгуудаараа дамжуулан телевизүүдэд хураамж төлдөг. Тухайлбал, хувь хүн эзэмшдэг, арилжааны 18 телевизэд нэг өрх дунджаар 2500-3500 төгрөгийг сард төлдөг гэсэн үг юм.  

Энэ нь нийт дүнгээрээ жилдээ 20-30 тэрбум төгрөг, 1 телевизэд сардаа 100 орчим сая төгрөг хуваарилагддаг гэсэн мэдээлэл байна. 

Би үүнийг иргэдээсээ хулгай хийж байгаагаас өөрцгүй явдал гэж харж байна.

Сошиал сувгууд, стрийминг үйлчилгээ хөгжсөн энэ үед телевиз үздэггүй ч айлууд бий шүү дээ. Тэгэхээр аваагүй үйлчилгээнийхээ төлөө хураамж төлдөг болж таарах нь. 


Арилжааны 18 телевизийг эзэмшигчидтэй нь дурдвал

-25 дугаар суваг телевизийг З.Алтай гэж хүн эзэмшдэг. Охин нь УИХ-ын хэвлэлийн албаны даргаар ажилладаг. 


-UBS телевиз Ц.Балхжавын телевиз. 


-ТВ-5 телевизийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхөр нь ажиллуулдаг.


-ТМ, SBN телевиз нь “Наран” группийн С.Болдхэтийнх,


-ТВ-8 телевиз нь “Эрхэт Монгол” группийн Х.Мандахбаярынх.


-С1 телевиз нь Женко Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой гэх мэдээлэл бий. 


-ТВ-9 телевиз нь УИХ-ын гишүүн Э.Батшугар, аав нь МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. 


-Central телевиз нь “MSC Venture” гээд MSC-ийн группийн охин компанийн телевиз.


-NTV нь “Шунхлай” групп, АПУ-гийн П.Батсайханы телевиз.


-Eagle нь нүүрсний сонсголд нэр холбогдсон “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз.


-Mongol HD телевиз нь “Гацуурт”-ын Ц.Чинбатын телевиз. Охин нь Соёлын сайдаар ажиллаж буй Ч.Номин.


-Тэнгэр телевиз нь “Хас”-ын Ч.Ганхуяг нарын эзэмшдэг телевиз.


-Стар телевизийг Сү.Батболд гишүүний охин Б.Бадамхатан ажиллуулдаг. 


-“Боловсрол” суваг мөн “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз.


-Малчин, Сүлд тв бол Их засаг их сургуулийн захирал Т.Ням-Осор, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарын хамааралтай телевиз юм.


Телевизүүдийн эзэд улс төрд нөлөөтэй эрхмүүд, томоохон бизнес эрхлэгчид гэдгийг дээрх жагсаалтаас харж болно. Тиймээс уг телевизүүд авч буй төлбөрийнхөө хариуд төрийг магтан дуулах, эрх мэдэлд үйлчлэх PR, масс тархи угаалтын хэрэгсэл болж байна гэдгийг судлаачид шүүмжилж байгаа юм.

Түүнчлэн, энэ хууль 2020 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг удаа ч аудитын тайлан мэдээ гаргаагүй. 

Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өөрчилж, иргэдийг ийм төлбөр төлөхгүй болгох нийтийн өргөдлийг санаачилсан. Энэ өргөдлийг УИХ-ын “D-parliement.mn” системд байршуулсан бөгөөд 100 мянган иргэн онлайнаар гарын үсэг зурвал хуулийн төсөл болох боломжтой.

Та энэ саналыг дэмжиж байвал дараах линкээр нэвтэрч ороод гарын үсгээ зураарай гэж уриалмаар байна".

Өргөдөлд нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Холбоотой сэдвүүд

телевиз төлбөр өнтх

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.