Дорнод аймгийн Баянтүмэн сумын IV багийн иргэн, фермер, судлаач, малчин Л.Лхагвасүрэн болон түүний гэр бүлийнхэн санаачилга гаргаж, Дорнод аймгийн Мэнэнгийн цэргийн ангийн дэргэд малчид, хилчдийн хүүхдүүдийг хамруулах бага сургууль байгуулан амжилттай ажиллуулж байна. Хөдөөгийн эрүүл чийрэг, цовоо хүүхдүүд эрдэм ном, мал аж ахуй хосолмол сургалтад идэвхтэй хамрагдаж, гаргуун суралцаж байгааг багш нар онцлон хэлж байна. Энэхүү өвөрмөц сургалтын арга барилынхаа талаар Л.Лхагвасүрэн ийн ярилаа.

Тэрбээр "Хүн гэдэг ерөөсөө хүүхэд. Таны сайн явсныг үр хүүхдээр чинь л хэмжинэ. Та тансаг байр авч, үнэтэй машин унаснаар таны амьдралыг дүгнэхгүй. Хүүхэд аав, ээжээсээ илүү ухаантай, ер нь давж гарна гэж ойлгох хэрэгтэй. Аав, ээжийгээ зогсоо зайгүй засна, бодмоор юм их хэлнэ. Хүний хамгийн айдаг зүйл юу гээч, хүүхдэдээ зэмлүүлэхээс айдаг. Хүн хүүхдээсээ үг сонсож чаддаг, хүүхдэдээ хэзээ ч гомдож чаддаггүй." гэж онцлоод өрх гэрийн гишүүд байнга хамт байснаар харилцан биенээсээ суралцаж, тасралтгүй хөгждөг болохыг сануулсан юм. 


-Хүүхдийн боловсролд гэрийн хүмүүжил чухал гэж та онцолж ярьдаг юм байна?

-Тийм ээ. Гэрийн хүмүүжил, боловсрол хоёр яг адилхан чухал. Малчин хүний уламжилж ирсэн мал маллах арга ухаан бол жинхэнэ боловсрол. Ардчиллаас хойш монгол хүүхдүүдийн 97 хувь нь сургуульд сурсан. 

Удам бол зөвхөн хүнийг дагадаг, ааваас хүү, охинд. Удмыг цааш нь удамшуулан үлдээхэд уламжлал хэрэгтэй. Уламжлал бол өдөр тутам давтагддаг боловсрол юм. 

Гэтэл малчдын хүүхдийг сургуульд сургах гэж сум, аймгийн төв рүү явуулчихаар хүүхдийг бараг хагас өнчрөлд оруулж байгаа юм. Хөдөөний хүүхдийг боловсролгүй гэж хэлдэг, үгүй шүү дээ.
Эрчүүд олж байгаа мөнгөнийхөө бараг 80 хувийг эхнэр, хүүхдэдээ боловсролын төлөө зориулдаг. 

Тэгсэн хэр нь сумын сургууль аймгийнхаас гурав дахин чанаргүй, нийслэлийнхээс зургаа дахин чанаргүй.
Хүн хүүхдээ дагаж хөгждөг. Хүүхдээ хөгжүүлээгүй нийгэм бол хэцүү. Нийгмийг нь бурангуй болгоё гэвэл хүүхдийг нь боловсролгүй болго гэж үг бий.

-Таны бодлоор хамгийн сайн сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ?


-БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэж хэлсэн. Үгүй шүү, хамгийн сайн сургууль бол хамгийн цөөхөн хүүхэдтэй, гэрт ойрхон бага сургууль.

Манай гэр бүлээс “Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй” гэж хөтөлбөрийг санаачилсан юм. Энэ нь багийн бага сургуультай, багийн сургуулийнхаа дэргэд хонины аж ахуйтай.

Дорнод аймгийн Мэнэнгийн сургуулийн хүүхдүүд нэг гэрийн хүүхдүүд шиг ижил дасал болсон. Хүүхдүүдийн сурлагын амжилт ч маш сайн байгаа. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн дэвтрийг багш нь үзүүлж байна. Хүүхдүүд хээ угалз шиг сайхан бичиж байна. 

Үзэг барьж, үсэг үзээгүй, уншиж сураагүй, ширээний ард цэх сууж сураагүй хүүхэд тэгж бичиж сурна гэдэг гайхмаар. Тэгэхээр энэ хүүхдүүд насанд туршдаа ямар ч шийдвэр гаргасан алдахгүй гэж болох юм.

Тэр хүүхдийн нүд, хараа, тархи, гар, мөчүүдийг симфони тоглодог хүн шиг нэг чигт оруулж чадсан. Тиймээс тэр ангид сурлагын хоцрогдолтой хүүхэд байхгүй. Нэг ангийнх хэр нь нэг гэрийнхэн шиг болсон нь гайхмаар.“Миний заасан зүйлийг ангийн хамгийн сайн хүүхэд гарч ирээд заахад би бараг хэрэггүй болж байна” гэж багш нь хэлж байна. Хүүхэд нь хүүхдийн сэтгэхүйгээрээ багшийн заадгаас илүү зааж, ойлгуулж байна.


-Тэр үр дүнгийн нууц нь юундаа байна вэ, таны бодлоор?
-Хөдөө малын захад өссөн, бие чийрэг, тархи хөгжсөн хүүхдэд ном заахад шууд шингээж авч байна. 40 жил ажилласан багш “Би амьдралдаа ийм сонин хүлээж авах чадвартай хүүхдүүдтэй таарч байсангүй. Ном заахад уудаг цаас шиг сороод, тэр чигээр нь цаасан дээр буулгадаг” гэж хэлж байна шүү дээ.

1-5 дугаар ангид нэг ангийн багш л хичээл заана. Эзгүй хээр байгаа хүүхдүүдэд нөхөрлөх, нэг нэгэндээ ойртох хүсэл байдаг. Түүнээс хотынхон шиг нэгнээсээ илүү гарах, илүү гоё хувцас өмсөх гэх мэт маяг, сонирхол байдаггүй ялгаатай. Нэгдүгээр ангид хичээл заасан ч бусад нь сонсож суудаг, 3-р ангид хичээл заасан ч нэгийнхэн нь сонсож л суудаг.

-Хэчнээн хүүхэд сурч байна вэ?
-40 гаруй хүүхэд сурч байна. Том хүүхдүүд нь Улаанбаатарт, багачууд сум эсвэл аймгийн төвд сурдаг. “Хүүхдээ гэрээс хол сургахаар бид нар хүүхдүүдээ бараг хардаггүй байсан” гэж малчид ярьдаг. Би ч өөрөө Халхгол наашаа цаашаа явахдаа хүүхдүүдийг зөөж л байлаа. Цэргийн ангийн дэргэд л байгуулсан болохоос энэ бол хаана ч байгуулсан адилхан зүйл.
Эцэг, эхчүүд “Хүүхдүүдтэйгээ хамт байгаа нь сайхан байна” гэж хэлж байна. Хүүхдүүд ч гэртээ сэтгэл дүүрэн амьдардаг юм.

-Тэгвэл боловсролын системд ямар шинэчлэл хийх шаардлагатай гэж Та үзэж байна вэ?

-Багийн бага сургууль байгуулах ёстой. Сургуулийн хажууд хонины аж ахуй байх ёстой. Гурав хоног хичээллээд, дөрөв хоногт нь гэртээ. Хүүхэд хичээлийнхээ хажуугаар хонь маллагаанд оролцоно, тэр хэрээр уламжлалаа авч үлдэнэ гэсэн үг. Хүүхдүүд хонио услах, өвс тэжээл өгөх, хорголыг нь цэвэрлэх гэх мэтээр ээлжилж, ажлаа сэлгэж байх юм. Сэлгэж байгаа шалтгаан нь итгэлцэл бий болгож байгаа юм. “Би чамайг хонио усалсан гэж бодсон шүү дээ” гэж ярих нь байна.

Тэгэхээр хүүхдүүд маш сэргэг байна. Мэнэнгийн отрядын хүүхдүүд хичээлээ сайн сурч, “цоорч” байна шүү дээ. Эхний хагас жилд нэгдүгээр ангийн хичээлээ үзчихлээ. Дараагийн хагаст хоёрдугаар ангийн хичээл орно гэж багш нь ярьж байна.

Орон нутагт байгаа тэр хүүхдүүд ирээдүйн удирдагчид болно. 

Монгол хүний ондоошил бол бид удамшиж ирсэн уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх тухай юм. уламжлал, удамшил байхгүй бол түүхээс арчигдана л гэсэн үг.  

Боловсрол гэхээр ямар нэг сургуульд сурч, заавал нэг диплом авах тухай гэж ойлгох хэрэггүй. Тэгвэл монголчууд эртнээс эцэг, эхтэйгээ гэрийн боловсрол эзэмшиж, арай онцгой нэгийг нь Хүрээнд шавилан суулгадаг байв. 

Гэхдээ гэртээ байснаар муудсан юм ер байхгүй. Малчин түмнийг боловсролгүй гэж болохгүй. Тэгэхээр өрх гэрийн боловсролыг өргөн хүрээнд авч үзэх ёстой гэдгийг онцолж хэлмээр байна.