Өнгөрсөн ням гарагт хоёр бүсгүй Луврын музейд байршуулсан Мона Лизагийн зураг руу шөл цацсан үйл явдал өрнөв. Урлагийн хосгүй үнэтэй өвд тооцогдох уг зураг нь шилэн хамгаалалттай учир бүтээлд ямар нэгэн гэмтэл учраагүй байна.

Учрыг тодруулбал зураг руу шөл цацсан эмэгтэйчүүд байгаль орчны төлөө хөдөлгөөн өрнүүлдэг “Riposte Alimentaire” бүлгийн гишүүд аж. Тэд энэ үйлдлээрээ олон нийтийн анхаарлыг эрүүл хоол, хүнс тэжээлийн сэдэв рүү чиглүүлэхийг зорьжээ.

“Riposte Alimentaire” хөдөлгөөн нь Францад өрнөж буй тариаланчдын бослоготой холбогдуулан хоол хүнсний үйлдвэрлэлийн тогтворгүй байдал, өлсгөлөнгийн эсрэг компанит ажил өрнүүлж байгаа юм. Тус хөдөлгөөний зүгээс Францын иргэн бүрд сар бүр 150 евро буюу монгол мөнгөөр  561285 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл хоол хүнс худалдаж авах хүнсний талон өгөхийг ЗГ-аасаа шаардаж буй.  

Гэвч Францын Соёлын сайд Рачида Дати нь өөрийн цахим хаягаараа дамжуулан тус эсэргүүцлийг буруушааж “Моно Лиза бүтээл бол бидний ирээдүй хойчид өвлөгдөх учиртай үнэт өв, ямар ч шалтгаанаар урлагийн бүтээлийг сүйтгэж болохгүй” хэмээжээ. 




Сонирхуулахад, энэ үйлдэл нь Мона Лизагийн хөрөг рүү юм шидсэн анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2022 онд нэгэн залуу мөн бялуу шидэж, олны  анхаарлын төвд орж байв. Тиймээс  2005 оноос Мона Лизагийн хөргийг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалах болсон юм. 

З.Занабазар