Сурвалжилга: “Шархадсан” Шарын голын орхигдсон талбайг нөхөн сэргээх хариуцлагатай уул уурхайн жишиг

П.Мөнгөнсор
05 сарын 02, 2024

Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр ач буяныг нь хүртсэн ч ашигласан газраа овоолсон шороо, ухсан нүх болгож үлдээсэн гашуун түүх цөөнгүй бий. Хуулийг уландаа гишгэсэн үйлдлийн балаг бас гэрч нь болж үлдсэн газруудын нэг бол Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь Хургадын ам хэмээх газар юм. 


Цагтаа ойн сан, усны эх болсон газар хэмээгдэж байсан үзэмжит сайхан байгальтай энэхүү газар өдгөө хариуцлагагүй уул уурхайн золиос бас сануулга болж үлджээ.

Тухайн үед нөхөн сэргээлт хийсэн бол энэ нутаг өмнөх шигээ биш юмаа гэхэд нарсан ой ургахаар хугацаа өнгөрсөн гэж нутгийн иргэд халаглан ярьдаг билээ.

Хургадын ам шиг эвдэгдэж зарим компаниуд, “нинжа” нарын гарт сүйдэгдсэн газар Дархан-Уул аймагт нэлээд бий. Сайн мэдээ гэвэл энэ газруудыг ээлж дараагаар нөхөн сэргээсээр байгаа аж. 

Энэ удаа 30 жил эзэнгүй орхигдсон уг газарт техникийн нөхөн сэргээлт хийх сайн санаачилгыг Оюу толгой компани өрнүүлж, санхүүжүүлэн ажиллахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөнийг Оюу толгой ХХК дэмжин 100 сая мод тарих амлалт авсан бөгөөд, БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймаг, Оюу толгой ХХК хамтран ажиллах гэрээг өнгөрөгч онд үзэглэсэн юм.

Бид хариуцлагатай уул уурхайн жишиг болсон энэхүү ажлыг сурвалжлахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Шарын голын уурхайг зорьсон юм.

Биднийг очиход ухагдаж эвдэрсэн Шарын голын 187 га газрыг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажил ид өрнөж байлаа.  

Их ажлыг нээж "Оюу толгой" компанийн Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан ерөнхий менежер Филипп Абрахам үг хэлсэн юм. 

Тэрбээр “Оюу толгой” компани хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайханд, бодит хувь нэмэр оруулахыг зорин  ажилладаг.  Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд түүчээлэгч байгууллага байхыг зорьдог учраас хариуцлагатай уул уурхайн жишгийг үлгэрлэж, монгол орон даяар уул уурхайгаас орхигдсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийсээр байна.  Бид БОАЖЯ болон Дархан-Уул аймгийн удирдлагууд, орон нутгийн гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласнаар нөхөн сэргээлтийн ажлыг бодитой үйл хэрэг болгож буйдаа баяртай байна. Энэ бол хамтын ажиллагааны үр дүн юм” хэмээн онцлон хэллээ.


Эвдэрч сүйдсэн газрыг эргүүлэн сэргээх их ажлыг Оюу толгой компанийн тусламжтайгаар эхлүүллээ

/Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал /

Би 30 жилийн өмнө сурагч байхдаа энэ газарт анх ирж билээ. Тэр зураглал ерөөсөө мартагддаггүй. Тухайн үед хүн яаж эх дэлхийтэйгээ ийм муухай харьцаж газар орноо сүйдэлж чаддаг байна аа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, нүдэндээ нулимстай буцаж байлаа.

Харин өнөөдөр энэ газрыг нөхөн сэргээж байгааг хараад сэтгэл үнэхээр их хөдөллөө. Энэ ажил бол дан ганц Дархан-Уул аймагт төдийгүй эх дэлхийдээ оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм. 

Манай аймагт яг үүн шиг яаралтай нөхөн сэргээх шаардлагатай 800 га гаруй газар бий. Үүний 187 га газрыг Оюу толгой компанитай хамтран нөхөн сэргээхээр болсонд туйлын их талархаж байна. 

Техникийн нөхөн сэргээлт хийснээр хөрсний үржил шим сайжирдаг

/Оюутолгой компанийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг/

Бичлэг үзэх: 


Хургадын ам эвдэгдэж сүйдэгдээд олон жилийн турш хаягдсан учраас эхлээд шороон овоолгуудыг хэлбэржүүлэх ажлыг төлөвлөөд, техникийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн. 

Нөхөн сэргээлтийг хийхдээ тухайн газрын гадарга, байгалийн унаган тогтоцтой уялдуулж хэлбэржүүлдэг. Ингэснээр харьцангуй богино хугацаанд байгалиараа нөхөн сэргэх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл биологийн нөхөн сэргээлтийн суурь тавигдаж байна л гэсэн үг. Цаашдаа Шарын голын голдирол,  ойр орчмын жижиг нуур цөөрмийг авч үлдэх зохицуулалтын ажил явагдана. 

Оюутолгой компанийн хувьд газрыг хөндөхөөс нь өмнө анхаарал тавьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл  ямар газрыг хөндөх гэж байгааг нь судалгаа хийснээр дараа нь төстэй байдал руу нь нөхөн сэргээх ажлуудыг цогцоор нь хийдэг гэдгээрээ онцлог.

Оюутолгой компани 2022 оноос стратегиа шинэчлээд байгаль орчны асуудлыг илүү анхаарч үзэхийг тод томруунаар тусгаж өгсөн. 

Тэр утгаараа Оюутолгой компани өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг гэхгүйгээр хариуцлагагүй байгаа уул уурхайнуудыг эргүүлээд хүн орчинд хэрэгцээтэй байхаар нөхөн сэргээх ажлуудыг хийж байгаа нь эргээд хариуцлагатай уул уурхайн жишээг үзүүлж байна. Энэ маань эргээд хүмүүсийн итгэх итгэлцлийг илүү бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа ажил гэж харж байна. 

Дашрамд сонирхуулахад, Монголд хариуцлагатай уул уурхайн жишгийг нэвтрүүлж буй Оюутолгой компани Тэрбум Мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй 8000га талбайг нөхөн сэргээнэ гэсэн ажлын дагуу 2022 онд Ялбагийн хөндийд амжилттай нөхөн сэргээлт хийгээд байгаа юм. 


Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.