Peak.mn
01 сарын 17, 2024
Агаарын бохирдол, түүнд агуулагдаж байгаа хүнд металлууд монголчуудын дунд зонхилон тохиолдож буй олон өвчлөлийн суурь шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл энэ утаатай нөхцөлд Улаанбаатарчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа юм. Тиймээс хүний их эмч, Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрхзүйч, доктор Э.Ганбат өнөөдөр хэвлэлийн хурал хийж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ.
Тэд утаанаас болж хохирсон иргэдэд нөхөн олговор олгохыг шаардаж дараах үндэслэлүүдийг дэвшүүлж байгаа талаар Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг ийнхүү ярилаа.
Үндэслэл #1
Монгол Улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсуудыг тэргүүлж байна. Одоог хүртэл Улаанбаатарчууд ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэхгүй байгаа. Ямар ч стандартгүй шахмал түлшний барьцалдуулагчийг хэрэглээд таван жил боллоо. Гэвч энэ түлшнээс гарч байгаа утааны найрлагыг Засгийн газар, Тавантолгой түлш компани одоог хүртэл судлаагүй л байна.
Угаарын хийн хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна агаарын чанарын индексийг мэдээлдэг “agаar.mn”-ийн мэдээлэл бодитой бус байдаг. Бохирдолгүй гэж мэдээлдэг ч үнэн хэрэгтээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.
Угаарын хий, утааны найрлага шахмал түлшнээс гарч байгаа утааныхаа бодит найрлагыг мэдээлэх үүргээ засгийн газар биелүүлээгүй гэж үзэж байгаа.
Шаардлага #1
“Агаар.мн” дээр тавигдаж буй агаарын чанарын мэдээлэл долоо хоногийн дундаж үзүүлэлт байдаг. Гэтэл бидний хувьд яг одоо агаарын чанар ямар байгааг мэдэх нь чухал. Тиймээс агаарын чанарын индексийг 24 цагийн хугацаанд, цаг тутмын үзүүлэлтээр гаргадаг болгохыг шаардаж байна.
Бичлэг үзэх:
Үндэслэл #2
Угаарын хийн хордлогыг архаг болон цочмог гэж ангилдаг. Цочмог хордлогод орсон хүн тэр даруйдаа угаартаж нас барах эрсдэлтэй бол архаг хордлого аажим аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг.
Угаарын хийн хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины үйл ажиллагаа дахин сэргэхгүй буюу мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стресст өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн газарт /НЭМГ/-т цочмог хордлого эмчлэх MNS6449-2013 гэсэн стандарт байгаа ч архаг хордлого эмчлэх стандарт гэж байдаггүй. Үүнийг баталж хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрсэн.
Манай улсад 2022 онд хийсэн судалгаагаар амьсгалын замын тогтолцооны өвчнөөр 600 мянга гаруй хүн өвчилжээ. Ингэснээр нийт өвчлөлийн нэгдүгээрт орж байгаа юм. Агаар дахь найрлага нь тодорхой бус утаа хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.
Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн тоог шүүх шинжилгээний статистикаас үзвэл сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн нас барсан гэжээ.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2,679 иргэн угаарын хийн хордлогод өртөж, тэдний 57 нь харамсалтайгаар амь насаа алдсан байна. Үлдсэн 2,622 хүн нь ямар нэгэн байдлаар хордлого тайлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэсэн үг.
Цаашилбал, хүүхдийн өвчлөл, нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч агаарын бохирдол эзэлж байна.
Өнгөрөгч оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд, 0-1 насны бүлэг буюу нялхсын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2023 онд 1,754 бяцхан иргэнээ алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна.
Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан хүүхдийн тоо. Тэгвэл цэцэрлэг, сургууль эхлэх цагаас эхлэн хавар дуустал ханиаданд дарлуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон тоог тооцвол маш их хохирол болно. Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэл бүр ч их анхаарал татна.
Шаардлага #2
Утааны улиралд хүүхэд бүр жилд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиадны эмчилгээнд нэг хүүхдэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг гэх тооцоолол бий. Ингээд харвал ээж аавууд жилдээ 1-1.2 сая төгрөгийг эм, эмчилгээнд зарцуулдаг байна.
Иймд Монголын бүх 0-5 насны хүүхдэд эмчилгээний мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговор олгохыг шаардаж байна. 2022 оны байдлаар манай улсад 0-5 насны 366 мянга орчим хүүхэд амьдарч байна. Энэ бүх хүүхдэд дээрх нөхөн олговрыг олголоо гэж тооцоход 440 тэрбум орчим төгрөг байна. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө шүү дээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд утааг бууруулахад төр засаг НЭГ ИХ НАЯД төгрөгийг зарцуулсан. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүй, энэ асуудлаар хэн ч хариуцлага хүлээгээгүй, үр дүнтэй бодлого, шийдвэр гаргаж ажиллагаагүй холбогдох төрийн байгууллагуудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үе үеийн Засгийн газар энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Дээрх шаардлага, шүүхэд хандаж буй асуудлууд нь хууль зүйн ямар үндэслэлтэй талаар Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжуудын хэрэгжилт бодит амьдрал дээр байгааг хангагдахгүй бид бүгд мэднэ. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдэд эрүүл аюулгүй, орчин бүрдүүлэхэд иргэн бүр санаачилга гаргах, дэмжих үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг. Энэхүү заалтын хүрээнд Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг 0-5 насны хүүхдийн амьсгалын замын өөрчлөлт, түүнд нөлөөлж байгаа агаарын бохирдлын асуудлын талаар судлаад төрөөс тодорхой нөхөн олговор олгохыг шаардаж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Хэрэгжилт хангалтгүй байна. Хүний эрхийг хангах, эдийн засаг, нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг нь төрд бий.
Нийгмийн баталгаа хангах, хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ гэдгийг эрүү шүүлтийн тухай асуудал гэж ойлгоод байдаг. Гэтэл агаарын бохирдол, стандартгүй түлш гээд энэ бүх зүйл маань бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчиж байна. Энэ мэт хүний эрхийн зөрчилтэй тэмцэх үүргийг төр хүлээдэг гэсэн үг.
Иймд хуульд заасан үүргээ биелүүлж, ажлаа хийхгүй байгаа холбогдох төрийн байгууллагуудын асуудлыг Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг Монгол Улсын иргэний хувьд хөндөж шүүхэд хандаж байгаа юм.” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.