Peak.mn
03 сарын 26, 2024
Бид "Санхүүгийн боловсрол" булангийн ээлжит ярилцлагадаа Бодь Даатгал ХК-ийн ЭМД-ын хэлтсийн захирал Д.Дөлгөөнийг урьж эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар ярилцлаа.
Тэрбээр эрүүл мэндийн боловсрол төдийгүй хувийн эрүүл мэндийн даатгалын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд иргэдийн төдийгүй бизнесийн байгууллагуудын оролцоо чухал болохыг онцолж байна.
Монголчууд бид сэргийлж болох өвчнөөр өвдөж, амь насаа алдаж байна
Монголчууд бид өгөөмөр сэтгэлтэй ард түмэн. Тэр хэрээрээ өвдөж зовсон нэгэндээ гар сунгаж ирсэн. Гэвч хандив тусламж цуглуулах нь шийдэл биш гэдэг нь гашуун үнэн билээ.
Нэг нь эдгэсэн ч нөгөө нь дахиад л өвдсөөр, хандивын цуваа, сошиал дахь зүрх зүсэм зураг, зарууд үргэлжилсээр л байна.
Зарим нь хандивын мөнгөө эмчилгээндээ зарцуулж амжилгүй эмнэлгийн орон дээр амь насаа алдсаар. Бүр ч харамсмаар нь Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд эзэлж байна шүү дээ.
Яагаад урьдчилан сэргийлж чадахгүй, ингэтлээ хүндрүүлж байгаагийн цаана олон шалтгаан бий.
Эмнэлгийн урд очер дугаар, хүнд суртлаас төвөгшөөдөг. Зарим нь даатгалтай хэдий ч нэмэлтээр мөнгө санхүү гарах вий гэж эмээж явсаар хүндрүүлчихдэг. Уг нь энэ асуудалд шийдэл бий.
Иргэн бүр цалингаасаа ЭМД-ын шимтгэл төлж улсын эмнэлгээс үйлчилгээ авч ирсэн уламжлалт тогтолцоо бий. Үүнээс гадна хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэд, ААН-үүд төдийлөн үнэ цэнийг нь одоо л иргэд ААН-үүд ойлгож эхэлж байна.
Бичлэг үзэх:
Эрүүл мэндээ даатгуулах нь хайртай хүмүүсийнхээ төлөө хийж болох хамгийн энгийн хэр нь чухал үйлдэл
Манай Бодь даатгал компани Монгол хүн бүрийн амьдралд бодит хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын тулд “Эрхэм” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгож ирсэн.
Энэхүү даатгалын ачаар олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж чадсан.
Сүүлд гэхэд манай харилцагч санамсаргүй тохиолдлоор өөрийгөө хорт хавдартай гэдгээ олж мэдсэн тохиолдол гарсан юм.
Өөрөө байгууллагын менежер учраас ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд санаа тавьж тэр энэ ажилтан маань өвдсөн, түүний нөхөн төлбөр гээд л харилцдаг байв. Харин ковидын дараа сульдаад байхаар нь нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд ортол хавдартай болчихсон байсан хэрэг.
Яаралтай эмчилгээ хийх ёстой учраас гадагшаа явахаас аргагүй байдалд орсон. Мэдээж манай компанийн ЭМД-ын үйлчилгээнд хамрагдсан учраас шууд гадагшаа явж эмчлүүлсэн.
Ойролцоогоор 150 сая төгрөгийн нөхөн төлбөр авч эмчлүүлээд ирээд монголдоо химийн эмчилгээгээ үргэлжлүүлсэн.
Хавдраар оношлогдоно гэдэг мэдээж хэний хувьд ч мэдээ хэдий ч даатгалынхаа ачаар эрүүл энх болоод ирэх шиг сайхан зүйл үгүй. Энэ мэт олон жишээ гардаг.
Би даатгалын мэргэжилтний хувьд эрүүл мэнддээ анхаарал хандуулна гэдэг, ядахдаа даатгуулчихна гэдэг нь хайртай хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн энгийн хэр нь чухал зүйл гэж боддог.
Амьдрал баян гэж үг бий. Өнөөдөр инээгээд яваа нэгэнд маргааш юу тохиохыг таахад бэрх.
Гэр бүлийн нэг л хүн хүндээр өвдөхөд түүний эргэн тойрны хүмүүсийн амьдралын чанарт ихээхэн өөрчлөлт ордог. Мөнгө санхүүгээс эхлээд сэтгэл санаа, бие махбодын гүн хямрал эхэлнэ. Үүнтэй холбоотой нэг тоо хэлье.
2015 онд Монгол банкны хийсэн гадаад орнуудад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн судалгаагаар монголчууд жилд 58 сая долларыг эмчлүүлэхэд зарцуулдаг гэсэн тоо гарчээ. Энэ зөвхөн эмчилгээний виз авч зорчсон хүмүүсийг хамруулсан судалгаа юм. Иймээс л гаднын улс орнуудад энэ төрлийн асуудалд орохгүйн тулд даатгалын үйлчилгээнд онцгой анхаарал хандуулдаг, тэр дундаа хувийн эрүүл мэндийн даатгалд хэзээ ч гар татдаггүй.
Ухаалаг менежменттэй, урт хугацааны төлөвлөгөөтэй компаниуд ажилтнуудынхаа эрүүл мэндийг даатгадаг
Жил ирэх тусам хүмүүсийн, ААН-үүдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь сайхан. Хэдэн жилийн өмнө хувийн эрүүл мэндийн даатгалд олон улсын болон гаднын санхүүжилттэй байгууллагууд л ханддаг байлаа. Харин сүүлийн үед тэр дундаа ойрын гурван жилд дотоодын байгууллагууд маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг болжээ.
Маш их сонирхож асууж, лавлан улмаар даатгуулдаг болсон. Ажлын нэг хүн өвдлөө гээд өнөө хандив тусламж гэсэн амаргүй асуудал өрнөхгүйгээр даатгуулагч байгууллагадаа хандсанаар гарц шийдлээ олж байгаа юм.
Зарим компаниуд хүний нөөцөө тогтвортой ажиллуулахын бодлогын хэсэгтээ хувийн эрүүл мэндийн даатгалыг тусгасан байдаг.
Ингэснээр ажилтан тайван сэтгэл ханамжтай ажиллана.Үүнийг маш хүнлэг менежмент гэж хардаг.
Эрүүл мэндийн даатгал үнэтэй юу
Ихэнх хүн эрүүл мэндийн даатгалыг өндөр үнэтэй гэж ойлгодог.
Бараг л баян хүмүүсийн л авах үйлчилгээ гэж эндүүрдэг. Яг үнэндээ 700 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн үнэтэй байдаг. Магадгүй шууд сонсоход бас л үнэтэй сонсогдож мэднэ.
Бодоод үзвэл маш бага үнийн дүн. Жишээ нь өнөөдөр "iphone15" гар утас 5 сая төгрөгийн үнэтэй байгаа ч олон худалдаж аваад барьж байгаа, мөнгө нь хүрэлцэхгүй байлаа ч зээлээр авч байгаа шүү дээ. Гэтэл өвдвөл таны гар утас таны эрүүл мэндийг хамгаалахгүй, зарлаа ч эмчилгээний зардлын хаана ч хүрэхгүй.
Хэрвээ гар утас авах мөнгөний тал мөнгөөр л эрүүл мэндээ даатгуулчихсан байхад 30 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Би залуу хүн яав л гэж боддог нь зөндөө л бий. Үнэндээ хавдар болтлоо хүндрэхгүй юмаа гэхэд наад зах нь ханиад, харшил хүрэхэд бид ямар их мөнгө зарцуулдаг билээ, өрхөөр тооцвол бүр ч өндөр дүн гарна. Гэтэл хувийн ЭМД ердөө 700-хан мянган төгрөгөөс эхэлж байна.
Монголчууд нэг үеэ бодвол мөнгөө хадгалдаг болж, хадгалах зуршилтай болцгооё гэсэн уриалга ч нэлээд гардаг болсон нь сайшаалтай. Яг үүн шигээ л хувийн эрүүл мэндийн даатгалд хандаж сураасай, даатгалыг зуршил болгож сураасай гэж хүсдэг. Хүн амьдралдаа олон зүйлийг хойш тавьж болох байх. Гэхдээ хойшлуулж, хайхрахгүй өнгөрүүлж болохгүй зүйлийн нэг бол эрүүл мэнд юм шүү.
Эрхэм баян эрүүл мэндийн даатгалын давуу тал болон онцлог:
• Албан ёсны зөвшөөрөлтэй бүх эмнэлэгт үйлчлүүлэх боломж
• Эмнэлэг рүү шууд төлбөр хийх үйлчилгээ
• Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамгаалалт
• Хамтран ажиллагч байгууллагын хөнгөлөлт
• Нөхөн төлбөрийн шуурхай үйлчилгээ
• 24/7 харилцагчийн халамж үйлчилгээ
• Байгууллага, гэр бүлд зориулсан хэмнэлт
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.