Яг тэрний зарчим мөн дөө. Түүнийг шаргуу хөдөлмөрч, тасралтгүй суралцагч, хятад, англи хэлэнд маш сайн орчуулагчсэтгүүлч гэдгийг эргэлзээгүй мэднэ. МҮОНР-д олон жил хамт ажилласан болохоор энэ чигийн тодорхойлолтыг нотолгоотой нь өгнө. Бас дээр нь шинийг санаачлан хэрэгжүүлэгч гэвэл ч эргэлзэхгүй. Тэр бол Монголын говиос дэлхийн олон инженер төрүүлэх амбиц тээн Өмнөговьд “Роботын урлан” нээж, ОУ-ын хөтөлбөртэй цогц чадамжийн сургалтыг хөдөөд нутагшуулах гэж зорьж ажиллаж буй Цахим говь ТББ-ийн Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Э.Эрдэнэсувд. Даланзадгад суман дахь дотуур байрны охидыг роботик хөтөлбөрт хамруулан, улмаар 2022 онд WOMEN IN TECH Олон улсын хөдөлгөөнөөс “Азийн шилдэг санаачилга” шагнал хүртсэн гэхээр зарим нь сонссон байх.

-Дугуйлангийн хүүхдүүд ирчихжээ. Хичээл эхлэх болчихсон уу. Бид жаахан оройтчихов уу даа. 

-Болоогүй байна. Манай хүүхдүүд л эрт ирчихэж. Зарим нь цагийн өмнө шахуу ирээд хүлээгээд суучихна. Аав ээжийгээ хоцроолоо гээд уурлана, уйлна. Хөөрхөн юм болно оо бас. Роботын сургалтын хүүхдүүдэд битгий эрт ирээрэй, цагтаа ирээрэй гэж гуйна ш даа заримдаа. /инээв /

-Хөдөөд роботын сургалт ордог гэхээр сонирхол татлаа. Бас бусдад ч санаа, туршлага болог гээд “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубынхэн зорьж ирлээ. 

-Орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайнгүй нь хөдөөгөөс хот руу чиглэсэн тасралтгүй нүүдлийг бий болгож буй суурь шалтгаан. Бүх нийтийн мэдээлэл технологи, англи хэлний боловсролыг орон нутагт илүү хүртээмжтэй, амжилттай түгээн дэлгэрүүлэхийн тулд бидэнд олон улсын стандарт хэрэгтэй. Тиймээс сургалт, судалгааны бүхий л үйл ажиллагаагаа ОУ-ын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Тухайлбал, долоо дахь жилдээ ажиллаж байгаа “Роботын урлан” маань БНСУ-ын ОУ-ын STEM (ШИМТ буюу шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи гэсэн үгийн товчлол) сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Өмнө нь хөтөлбөр дуусаад л сургалт зогсдог байсан бол одоо код бичих, эсвэл электроник анги гээд хүүхдүүд илүү сонирхож байгаа чиглэл рүүгээ цааш үргэлжлүүлэн шилжин суралцах боломжтой болсон. 

                 “МОНГОЛЫН ГОВИОС ДЭЛХИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ТӨРҮҮЛЬЕ”            

Би 2020 онд Даланзадгадад ирээд сургалтаа дөрвөн ширхэг роботтой эхэлж байсан. Тэр нь манай хүүхдийн багадаа тоглож байсан роботууд л даа. Одоо бол манай төв 70 гаруй роботтой 10 түвшний сургалт явуулж байна. Улсын бүх шатны улсын сургууль роботик, электроник багцтай. Гэвч хэрэглэгдэхүүн нь хүрэлцээгүй, нэг анги хэт олон хүүхэдтэй болохоор энэ төрлийн сургалт дугуйлангийн хэлбэрээр явагдахаас өөр аргагүй болдог байх. 

Манай хөтөлбөрийн онцлог нь багаж хэрэглэгдэхүүн, хичээлийн агуулга, хөтөлбөр нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, робот, электроник, кодчлолын суурь ойлголтыг тоглоомын аргаар өгдөг. Манай роботын урланд хүүхдүүд 3 наснаас эхлэн суралцдаг. Цэцэрлэгийн насныханд зориулсан Юаро хөтөлбөр, 6-9 насны сурагчдад Робокидс, 10+ насныханд зориулсан Робокит гээд. 

“Монголын говиос дэлхийн инженерүүдийг төрүүлье” гэсэн уриатай манай санаачилга бол иргэдийн хүсэл сонирхлоороо эхэлсэн сайн дурын санаачилга. Бид төр засаг, ямар нэг бизнесийн байгууллагаас санхүүждэггүй. 

“БОЛДОГСОН БОЛ МОНГОЛЫН БҮХ АЙМАГ, СУМЫГ “РОБОТЫН УРЛАН”-ТАЙ БОЛГОХ СОН...” 

Болдогсон бол Монгол улсын бүх аймаг, сумыг “Роботын урлан”-тай болгож, бүх нийтийн технологийн боловсролыг хүүхэд залууст бага балчраас нь хүргэх юм сан. Хот хөдөөгөөс олон байгууллага, хувь хүмүүс манайхаас санаа авах, хамтрах зорилгоор ирж байсан л даа. 

Хүний нөөц, хүчин чадал хүрэлцээгүй учраас бид тэр бүртэй хамтарч чаддаггүй. 

Уржнан 2022 онд ЮНИТЕЛ группээс аймгуудад байгуулж буй ЮНИТЕЛ HUB төсөлд бид яг өөрсдийнхөө хэрэгжүүлдэг хөтөлбөр, сургалтын робот хэрэглэгдэхүүнийг холбон зуучилж, анхны багш нарыг нь сургасан. 2023 онд ЮНИТЕЛ HUB нийт 12 аймагт байгуулагдаж, бидний 7 жил хэрэгжүүлж туршсан робокит хөтөлбөрөөр хөдөөд олон арван хүүхэд залуусыг сургаж эхэлсэн. 

Өөрсдийн мэдсэн туршсанаа хуваалцсандаа баяртай байгаа. Цаашдаа “Цахим говь” боловсролын төслөө өргөжүүлж, хүүхдүүдээс гадна багш, эцэг эхчүүд, бизнес эрхлэгч, стартап-ууд гээд бүх нийтэд нээлттэй, хамтын хөгжлийг хангаж чадахуйц STEM төв болгоно гэсэн амбицтай, мөрөөдөлтэй ажиллаж байна.  

Цэцэрлэгээсээ явж байсан хүүхдүүд маань сургуульд орчихсон, сургуулийн томчууд нь оюутан болсон. Манай бүх хөтөлбөрийг үзэж дуусгачихсан мөртлөө юу ч хамаагүй хиймээр байна гээд хүрч ирээд суучихдаг хүүхдүүд бас бий. Тэдний нэг нь энэ М.Амур гээд хүү. Одоо нэгдүгээр анги. Жаахан амарчих л даа, ирэх жил ирэхээр чинь төмөр эд ангиар робот угсардаг дараагийн шат руу оруулъя гэхээр “Би энд байж байя л даа. Юу ч хамаагүй хийнэ ээ” гээд хүрээд ирдэг. Зарим эд анги, чип доголдоод ажиллахгүй бол мань эр задлаад үзчихье л дээ гээд шавдуулна. 

Роботик сургалт өөрөө их өртөгтэй, сэлбэгийг нь улирал болгонд захиалж авдаг. Бид хотод болдог роботын тэмцээнд хүүхэд явуулж чаддаггүй. 

                    “ӨВӨӨ, ЭМЭЭГЭЭ НҮҮЛГЭХГҮЙН ТУЛД ҮҮЛНЭЭС УСНЫ ДУСАЛ ЦУГЛУУЛАХ РОБОТ ХИЙНЭ Л ГЭНЭ ...”

Бидний зорилго олимпиадын хүүхэд бэлтгэх биш л дээ. Бүх нийтэд мэдээлэл технологийн боловсролын ач холбогдол, шаардлага хэрэгцээний талаар зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт өгөх сонирхолтой. Манай Монгол Улсын боловсролын агуулга, сургалтын цөм хөтөлбөр мэдлэг олгох тал дээр нэлээд төгөлдөр системтэй, олон улсад чансаатай, муугүй гэгддэг. Дутагдалтай нь ур чадвар олгох тал дээр сул санагддаг. Тиймээс бид энэ талыг нөхөж сургалтуудаараа дамжуулан хүүхдүүдийн зөөлөн, хатуу ур чадваруудыг хөгжүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл цөм хөтөлбөрөөр сургууль дээрээ сурч, мэдсэн зүйлсийг нь бодитоор хэрэгжүүлж, турших орон зайг олгох гэж хичээдэг юм. 

Хэдийгээр олон улсын стандарт хөтөлбөр боловч нэгж хичээлийн агуулга нь тухайн хөтөлбөрийг боловсруулагч улс орны соёл сэтгэлгээг ямар нэг байдлаар шингээсэн байдаг. Тухайлбал, манай роботик хөтөлбөр БНСУ-ынх болохоор тариачин соёлын онцлог анзаарагддаг. Жишээ нь гурван настай хүүхэд тариан талбайг шувуунаас хамгаалдаг автомат мануухай хийх даалгавартай хичээл бий. 

IR sensor буюу хэт улаан туяагаар удирддаг робот. Шувуу суухаар л үргээдэг мануухай л даа. Их хөөрхөн. Гэтэл огт тариа тарьдаггүй нутгийн монгол хүүхдүүдэд мануухайг ойлгуулах төвөгтэй. Тиймээс бид нүүдэлчин ахуй соёл, бүхлээс нэгж рүү чиглэсэн сэтгэлгээтэй хүүхдүүдэд зориулж хөтөлбөрийн агуулгыг хөгжүүлж, нутагшуулах тал дээр сүүлийн гурван жил ажилласан. 

Хүүхдүүдэд сурах бичиг дээр байхгүй тусгай сэдэвтэй даалгавар  өгдөг. Тухайлбал, бидний амьдралд хэрэгтэй туслагч робот бүтээх санаа гаргах даалгавар өгөхөд манай 7 настай сурагч “Багш аа, говь нутагт бороо орохгүй болохоор өвс ургахгүй, өвс ургахгүй болохоор өвөө эмээ маань малаа аваад нүүгээд явчихдаг. Ёстой хэцүү” гэж байна. Тэгээд хуралдсан үүлийг сарнихаас нь өмнө нисэж очоод борооны дуслуудыг нь цуглуулаад авчихдаг робот хийх тухай санаа гаргасан. Хүүхэд гэдэг амьтан тийм л уран төсөөлж хайрцгаас гадуур сэтгэх чадвартай. 

Хүүхдийн энэ чадварыг хөхиүлэн дэмжвэл тэднээс ямар ч гайхамшигтай санаа гарна шүү. Манай хүүхдийн мөрөөдөл өөрчлөгдсөн. Жолооч болно гэж байснаа инженер гэдэг болсон шүү гээд эцэг эх нь хэлж байгаа юм. Монгол улсын ойрын ирээдүйд 38 000 инженер хэрэгцээтэй гэсэн байсан. Энэ мэргэжилд дур сонирхолтой хүүхэд залуус олон болж байгааг харах бахархалтай байдаг даа. 

  “УДААН БАЙХ Ч ДАВУУ ТАЛТАЙ...” 

Эцэг эхчүүд хүүхдүүдээ Роботын урланд хэсэг явуулж байснаа “Манай хүүхэд хурдан болж байна уу? цагтаа яг амжуулж байна уу?” гэхчлэн асуух нь элбэг. Төрөлхийн удаавтар, тайвандуу хүүхдийг зориудаар, хүчээр хурдлуулах гэдэг нь магадгүй томчууд бидний алдаа болж мэднэ. Мэдээж бүхнийг цагт нь амжуулах нь нэг шалгуур мөн. Гэхдээ хамгийн чухал нь биш байх вий. Удаан байх нь тийм ч муу чанар биш. Ялангуяа асуудлыг илрүүлж оношлоход, шийдвэрлэхэд заримдаа няхуур, тайван, удаан хандах нь давуу тал болдог. 

STEM сургалт бол цогц чадамжийн сургалт, нөгөө талаар үр дүнд суурилсан биш, харин үйл явцыг чухалчилдаг сургалт гэж би эцэг эхчүүдэд хэлдэг. 2+2=4 хариу нь хэд гарсан бэ гэдгээс илүүтэй яг яаж, ямар арга замаар энэ хариуг гаргав гэдэг нь чухал асуулт. Энэ талаараа оюун ухаан, сэтгэхүй хөгжүүлдэг бусад төрлийн сургалтаас арай жаахан өөр. Хийж буй төсөл дээр нь алдаа гарсан бол хүүхдээр өөрөөр нь алдааг хайлгах, өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх, өөрөөр нь алдааг шийдвэрлүүлэх байдлаар сургадаг. Хүүхдүүд тухайн хичээл дээр төслөө цагтаа хийж дуусгаж амжихгүй ч байж болно. 

                              “ХОГ ТҮҮЖ АНГИЛАН ЯЛГАХ РОБОТ БҮТЭЭСЭН ОХИН ОУ-Д ТҮРҮҮЛСЭН” 

Бид ноднингоос 10+ насныханд зориулан компьютерт суурилсан кодингийн сургалт явуулж эхэлсэн. Scratch дээр блок кодинг ашиглаж, тоглоом бүтээх, анимэйшн бүтээх дасгал даалгавруудтай. Аймагтаа анх удаа энэ төрлийн сургалт явуулж туршсан хэрэг. Эхний хөтөлбөрөөр сурсан хамгийн ууган шавь нарын нэг Индонезийн ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас “тоглоом хөгжүүлэлт” төрөлд алтан медаль авсан. Хот хөдөө гэж ялгахгүйгээр боломжийг тэгш олговол хэн ч, хаа ч адилхан сурч, амжилт гаргаж чадна гэдгийг эндээс харж болно. Хөдөөгийн хүүхдэд ганцхан сарын сургалт явуулахад ОУ-ын тоглоом бүтээх уралдаанд түрүүлж байна шүү дээ.  

Говь Гурван сайхан ууланд жуулчид, аялагчид их ирдэг. Хог их тарьдаг. Түүнийг ажигласан манай сурагч “Sustainable lifestyle” сэдвийн хүрээнд хог ангилан ялгах тоглоом зохион бүтээж, түүнийгээ 2 минутад багтаан англи хэлээр танилцуулан, олон улсын шүүгчдийн үнэлгээгээр алтан медаль авч, түрүүлсэн. Блок кодинг дээр бол би чинь “шинэ үсгийн багш” шиг л сурагчдаасаа жаахан түрүүнд л сурсан хүн шүү дээ. Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ гэдэг зарчмаар л явж байна, үнэндээ. Хүүхдүүдтэйгээ хамт хөгжиж, асуудлыг хамт шийдвэрлэхэд, найз шиг байхад тэр нь заримдаа давуу тал болдог юм шиг ээ. 

-Ингээд ярихаар Даланзадгадад ажил аяндаа бүтээд байгаа юм шиг заримд нь санагдаж болох юм. Гэтэл бэрхшээл бас л бий байх. Гол бэрхшээл нь? 

Хөдөө, орон нутагт STEM салбараар мэргэшсэн багш олддоггүй. Өмнөх жилүүдэд би багш нараа сургаад ажиллуулж байсан. Хотоос ирсэн нь хоёр жил болоод л буцах болдог. Сургуулиуд хүртэл багшаа хотоос татаж байгаа энэ үед сургалтын төвд багшлах хүн орон нутгаас олно гэдэг ёстой нөгөө зүү эрэхтэй адил шахуу. Гэсэн ч шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр ямар ч үед сургалтаа тогтмол явуулахыг хичээдэг. Бас шинийг судлах, турших ажлаа хэзээ ч орхидоггүй. Харвард Их Сургуулийн эрдэмтдийн оролцоотой Common Sense Education байгууллагаас боловсруулсан “Цахим иргэний боловсрол”, мөн “Хэвлэл мэдээллийн суурь боловсрол” зэрэг хөтөлбөрийг сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн. 

Ноднин бид хотоос ирсэн математикийн багштайгаа хамт “Дижитал математик” бага ангийн сурагчдад зориулсан сургалт явуулсан. Хүүхдүүд танхимд багшийнхаа хичээлийг тоглоомын аргаар сураад, дараа нь дадлага ажлаа Khan Academy платформ дээр компьютер ашиглан хийдэг тийм сургалт. Орон нутагтаа бас л анх удаа амжилттай туршсан. Одоо бас бид гурван хэмжээст хэвлэгчийг сургалтдаа оруулах гээд судалж байна. Массачусеттсийн Технологийн Институтийн боловсруулсан хөтөлбөрөөр энэ сургалтаа явуулахаар төлөвлөөд бэлтгэж байна. Бэрхшээл бүр боломжийг агуулж байдаг болохоор тулгамдаж буй хэцүү нөхцөл бүрд тохирсон гарц шийдэл олж, боломж болгон хувиргахыг л боддог. 

-Хүүхдүүд маань мөрөөдлөө өөрчилж, хүслээ томруулж байна гэлээ. Тэгвэл багшийн мөрөөдөл өөрчлөгдөж байна уу?

Хүүхдүүд хамгийн их сурахыг хүсдэг програм хангамж, график дизайн зэрэг мэдээлэл технологийн чиглэлийн сургалтууд, бас мэдээж гадаадын их дээд сургуульд элсэхэд шаардагддаг англи хэлний болон бусад хичээлийн олон улсын стандарт шалгалтуудад бэлтгэдэг хөтөлбөр хөдөө орон нутагт байдаггүй. Тиймээс ч хүүхдүүд хотын хувийн сургуулиудыг мөрөөдөж, зарим нь хот руу ганцаараа, гэр орныхонтойгоо хот нүүх шалтгаан болж байна. Хувийн сургуулиудын маркетинг үнэхээр байгаа онож буйн бас нэг нөлөөлөл байх л даа. Гэхдээ хэт их хөөсрөх нь сайн биш ээ. Боловсролын салбарын үр өгөөж харьцангуй урт хугацаанд гардаг. Тийм учраас энэ салбарт тогтвортой бодит өсөлтийг чухалчлах ёстой байх. 

Бид хүүхдүүдээ насанд хүртэл нь гэр бүлийн орчинд өсгөн, сурч боловсрох хамгийн тайван, таатай нөхцөлийг бүрдүүлэх хүсэлтэй. Ер нь “гэрт хамгийн ойр боловсрол бол хамгийн сайн боловсрол” гэдэгтэй санал бүрэн нийлдэг. Учир нь хүүхэд гэртээ, аав ээж ах дүү, найз нөхөдтэйгөө ойр байхдаа хамгийн тайван, тухтай байдаг. Тайван байхдаа хүүхэд өндөр бүтээмжтэй суралцдаг. Бид “Цахим говь” санаачилгынхаа хажуугаар англи хэлний TOEFL тестийн төв байгуулж, сум орон нутгийн хүүхдүүдээ олон улсын шалгалтад дунд ангиас нь бэлтгэж эхэлсэн. Үр дүн сайн гарч байгаа шүү. Цаашдаа STEM дээр суурилсан олон улсын дунд сургуулийг орон нутагтаа байгуулах амбицтай ажиллаж байна даа.

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб. Д.Даваадулам