УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдахаар болсон билээ. Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор явуулахыг хориглосон дараах үйлдэл, үйл ажиллагааг тодорхойлон хуульчилжээ. Тухайлбал,

  • мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
  • нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
  • сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
  • хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх
  • тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлахыг хориглоно.

Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. Иймд улс төрийн намаас хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд зөвхөн тухайн намын гишүүдийг оролцуулах шаардлагатай.

Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу, нээлттэй ил тод, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг шуурхай шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгааг мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дээрх зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын сонгуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75.2-т зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохыг анхаарууллаа.