Л.Дэлгэрмаа
04 сарын 08, 2024
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэс Монгол нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа.
Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100.000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуунсухайт авто зам ХХК ажиллаж байна.
Гашуунсухайт авто зам ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын тухайд:
Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40%-тай явагдаж байна. Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу 2 байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг 2 цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулагдаж байна. Амрах талбайн байршил Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олон нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гашуунсухайтын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг:
Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал газар дээр нь ирж танилцаж байна. Мөн ЦЕГ-ын Санхүүгийн албанаас ирж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь нэлээдгүй ажил арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна. Тухайлбал, 2024 оны 6 дугаар сард багтаагаад тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохироод ярьж байна.
Энэ замд нэлээдгүй тээврийн хэрэгсэл явж байгаа буюу өдөрт дунджаар 1500, 600 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс дээш ачаалалтай үедээ 2000 гардаг. Тээврийн хэрэгслийн жолооч нарын ганц асуудал бол тухтай зогсоол, хоол идээд амарчихдаг байр байх шаардлагатай. Тиймээс үүнтэй холбогдуулан хоёр цэгт эхний ээлжинд амрах зогсоол талбайг тохижилт үйлчилгээний газартай нь барья гэсэн иймэрхүү зүйлийг ярьж байгаа юм байна. Энэ бол их зөв зүйтэй ажил гэж харж байна. Үүнийг барьснаар хөдөлгөөнд орж байгаа жолооч нар маань амардаг, ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурах байх аа гэж ойлгож байна.
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг 5 цэгт байршуулна
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, 3 уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг.
Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн зөрчил илрүүлэлтийн мэдээллээр 2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78%-иар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80%-иар нэмэгдсэн байна.
2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд:
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр жолооч нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, чадна гэж үзэж байна.
2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үе 13 нэгжээр буюу 34.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.