Би нэг удаа #7: Адилхан монголчууд байж нэгнийгээ хот, хөдөөгийн хүн гэж ялгахгүй, хүн ёсоор харьцаасай гэж хүсдэг

П.Мөнгөнсор
02 сарын 21, 2024

Peak.mn сайт "Би нэг удаа" цувралын шинэ дугаартаа "Сормуус Артист Чой" нэрээр танигдсан Б.Чойнпоролжавыг урьж ярилцлаа.  

Энэхүү буланд уригдсан зочид өөрт тохиолдсон түүхүүдээ хуваалцдаг билээ. Эдгээр түүхүүдийн ард хүний эрхийн асуудлуудыг хөнддөг гэдгийг уншигч та бүхэн сайн мэднэ.

Нийгэмд, бидний харилцаанд байдаг эдгээр түүхүүдээрээ бид аливаа асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг уриалж байна.

Бид энэ удаад бие биеэ хот, хөдөөгийн хүн гэж ялгаварлан гадуурхаж харьцдаг, элдэв нэр хоч өгдөг асуудлыг хөндсөн юм. 

Бичлэг үзэх: 


Хүмүүс намайг “Сормуус Артист Чой” гэдэг нэрээр минь илүүтэй таних байх. Миний нэрийг Батбаярын Чойнпоролжав гэдэг.

Сормуус суулгах ажлынхаа хажуугаар жилийн өмнөөс эхнэртэйгээ хамтран богино хэмжээний бичлэг хийж эхэлсэн. 

Бид хоёр ихэнхдээ хайр түгээсэн, хөнгөн бөгөөд хөгжилтэй бичлэгүүд хийдэг юм. Тиймээс цахим орчинд нийтлэхэд ямар ч сөрөг сэтгэгдэл ирэхгүй байх даа гэж боддог. 

Гэтэл нийгмийн сүлжээнд янз бүрийн л хүмүүс байдаг юм билээ. Ямар ч бичлэгээс дээр заавал нэг өө гаргаж ирээд муулсан таагүй сэтгэгдэл нэлээд бичнэ. Намайг голдуу хөдөө царайтай, хөдөөний хүн гэж онцолж өөлж, муулж бичиж харагддаг юм.

Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж өссөн. 2014 оны үед оюутан болоод анх хотод ирж байлаа. Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. 

Би хэдий хөдөө өссөн хүүхэд байлаа ч Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй олон залуусын л төлөөлөл. 

Хотын залуусаас ялгарах зүйл нь өсөж төрсөн орчин л байх. 

Түүнээс биш адилхан монголчууд байж өөрсдийгөө хот, хөдөөгийн хүн гэж ялгаж таагүй харьцах нь утгагүй хэрэг юм. 

“Хөдөөгийн орк” гэж ярьдаг даа. Хотын соёлд суралцаагүй, бүдүүлэг нэгнээ ингэж нэрлээд заншсан. Анзаарахад хөдөө төрж өссөн өссөн хүн бүрийг ингэж доромжилж байгаа нь таалагддаггүй.

Хэрвээ их хотын соёлд хараахан суралцаагүй хүнтэй таарвал зааж, тайлбарлаад өгөх хэрэгтэй. Хэрвээ хөдөөний хүн мунгинаад явж байвал уурлалгүй хүн ёсоор харьцаж, зөвлөж туслах нь зүйтэй. Монгол хүн хаана ч очсон хурдан дасан зохицох чадвартай. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг хэнэггүй зангаа төвөггүйхэн хаяад хотын соёлд суралцана.

Эцэст нь наадам болохоор хөдөөг зорьж, хамаатнууд дээрээ очдоггүй юм шиг аашилдаг зарим хотын залуустаа хандаж уриалга гаргах гэсэн юм. 

Монгол Улс 21 аймагтай. Халх, буриад, дөрвөд гээд өөрийн ёс заншлаа тээж яваа өөр өөр угсаатны бүлгүүд байна. Түүнийг хүндэтгэж, маш мэдрэмжтэй ханддаг байгаасай гэж хүсэж байна. Бид адилхан монголчууд шүү. 


Өмнөх контентуудыг унших↓

Би нэг удаа #1: Хүний эрх гэдэг хүний сонголтыг хүндэтгэж сурах тухай ойлголт юм

Би нэг удаа #2: Хүний угсаа гарвал руу бүдүүлгээр халдана гэдэг хамгийн "орк" үйлдэл

Би нэг удаа#3:Төрсний дараах эмзэг үеийг хосууд ойлголцож, хамтдаа давах хэрэгтэй

Би нэг удаа #4: Санаандгүй хэлсэн ганц үг бусдын амьдралд хар толбо болж үлддэг гэдгийг бүү мартаарай

Би нэг удаа #5:"Хархан нүдэн" тоглолтоос ковид тарсан гэж ойлгодог хүмүүс одоо ч намайг элдвээр хочилдог

Би нэг удаа #6: Өөрийнхөө гоо зүйн стандартад бусдыг нийцүүлэх гэж хүчлэх нь утгагүй хэрэг

Холбоотой сэдвүүд

би нэг удаа хүнийэрх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.