Б.Тулга: Сайн менежер, мэдрэмжтэй дизайнер, чадварлаг хөгжүүлэгч гурвын уулзах цэг нь DPC арга хэмжээ

П.Мөнгөнсор
11 сарын 20, 2023

Вэб хуудас, мобайл апп зэрэг дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ярилцах DPC /Digital Product Conferenfe/ эвент эргэн ирж байна. Энэ жил агуулгын хувьд үнэ цэнтэй, өгөөжтэй байх олон шинэлэг санаануудыг хүргэхээр зорьж байгаа аж. Энэ талаар “IO Institute”-ийн үүсгэн байгуулагч, технологийн салбарт 17 жил ажиллаж байгаа IT инженер Б.Тулгатай ярилцлаа. 


-Энэ жилийн  DPC ямар онцлог, шинэ содон зүйлийг оролцогчдодоо хүргэхээр зорьж байна вэ?

-DPC өнгөрсөн жилүүдэд дижитал бүтээгдэхүүний дизайн яагаад чухал гэдэгт илүүтэй анхаарч ирсэн. Харин энэ удаад агуулгын хувьд  илүү өргөн хүрээг хамаръя гэж шийдээд “Idea to Product” сэдвийн хүрээнд илтгэлүүдээ бэлдэж байна. 

Энэ нь  вэб хуудас, мобайл апп зэрэг дижитал бүтээгдэхүүний санааг олохоос эхлээд хэрэглэгчид хүрэх хүртэл бүх үе шатыг зураглана гэсэн үг. 

Мэдээж ямарваа нэгэн санааг бодит ажил хэрэг болгож, хүнд хэрэгтэй дижитал шийдэл болгоно гэдэг тодорхой процессын дагуу хийгдэх ажил. Ингэхдээ юун дээр анхаарах, юуг яаж хийвэл бусдынхаа алдааг давтахгүй байх вэ гэдгийг илтгэгчид болон панелистууд хүргэх юм. 


-Та ямар сэдвээр илтгэл тавих вэ?

-Би “Low code solution” сэдвээр илтгэл тавина. 

Одоо дэлхийд технологийн томчууд “low code, no code” гэдэг зүйлийг ярьж байна. 

Энэ нь аль болох код бичихгүйгээр програм хөгжүүлэх шийдлийг хэлж байгаа. 

Апп хөгжүүлнэ гэхээр л программист код бичээд түүнийгээ засаж сайжруулаад явдаг схем хоцрогджээ гэж ойлгох хэрэгтэй.

Блок схем, алгоритмын талаар мэддэг хүн бүхэн энэ тэнд байгаа бэлэн шийдлүүдийг ашиглаад хүссэн дижитал бүтээгдэхүүнээ өөрөө угсрах боломжтой. Ялангуяа манайх шиг IT инженерийн хомсдолд орчихсон оронд тун ч хэрэгтэй шийдэл гэж харж байгаа. 


-Манай улс ер нь энэ технологийн шилжилт, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талбарт хаана яваа юм бэ?  

АНУ, Солонгосын технологийн хөгжлийг харахад манайх хориод жилээр хоцорч яваа. Одоо метаверс болоод хиймэл оюун ухааны системүүд асар хурдтай хөгжиж байна. 

АНУ-д программистууд код бичихгүйгээр зөвхөн эх өгөгдөл дээр л ажиллаж байна. Үлдсэнийг нь AI хийгээд өгчхөж байгаа юм. Энэ мэтчилэн бидний сонсож ойлгох ёстой, нэвтрүүлэх хөгжүүлэх ёстой олон сэдвүүд байна. Тийм ч учраас DPC эвентэд AI-ийн талаар хэлэлцүүлэг өрнөх болно.


-Тэгэхээр DPC зөвхөн технологийн компаниуд гэлтгүй дижитал бүтээгдэхүүн хөгжүүлье гэсэн хүн бүхэнд зориулсан арга хэмжээ байх нь ээ?

-Тийм ээ. Бүх бизнесүүд л тодорхой хэмжээнд дижитал рүү шилжихгүй бол хоцрогдоод байгаагаа ойлгож байна. Гэхдээ яаж гэдэг нь тусдаа асуудал. 

Ямар хөгжүүлэгчтэй хамтран ажиллах вэ, тэр хүний туршлага ур чадвар хангалттай юу, цаашид урт хугацаандаа хамтран ажиллах уу гээд бодох зүйл их бий.

Тиймээс старт-апууд, дижитал шилжилт хийе гэж зорьж байгаа, шилжилтээ хийчихсэн ч цаашдаа тэр том системээ яаж авч явах вэ гэдгээ мэдэхгүй байгаа компаниуд DPC дээр ирээрэй гэж хэлмээр байна. 

Ялангуяа би ЖДҮ эрхлэгчдээ ирээд, өөрт хэрэгтэй мэдээллээ сонсоод аваасай гэж хүсэж байгаа. Машины дугуй зардаг байна уу, үс засдаг байна уу хамаагүй. 

Бизнесийнхээ нэг хэсгийг л дижиталд шилжүүлчихэд орлого нь “пуужиндах” тийм боломжууд харагдаад байдаг юм.

Жишээ нь дугуй зардаг хүн байлаа гэж бодоход хэрэглэгч утсаараа танайд байгаа дугуйг алган дээр тавьсан юм шиг үзээд таалагдсанаа онлайнаар төлөөд авчихдаг бол амар. Нэмээд хэрэглэгчийн байгаа газар очоод дугуйг нь солиод өгдөг байвал танай орлого хэд дахин өснө дөө. Яг үүн шиг хэрэглэгчдэдээ ойртох, механик ажлаа системжүүлэх боломжууд салбарт бүрд бий. 

Даанч ЖДҮ-эрхлэгчид маань энэ тал дээр хойрго, уламжлалт арга барилтайгаа зууралдах гээд байдаг талтай. Ер нь энэ технологи, дижитал гэж яриад байгаа чинь эцсийн дүндээ хэрэглэгчдэдээ илүү ойртож, орлогоо нэмэгдүүлэх л хэрэгсэл шүү дээ. Тиймээс хэрэгтэй мэдээллээ зөв газраас нь аваад байгаа боломжоо ашигламаар байна аа. 


-Эсрэгээрээ том компаниудад ямар асуудал байна вэ?

-Томоохон компаниуд маш сайн IT баг бүрдүүлж, том төлөвлөгөө боловсруулж байж дижитал шилжилт хийж байгаа ч 60 хувь нь бүтэлгүйтээд байна гэсэн судалгаа бий. Монголд энэ тоо илүү өндөр байгаа нь ойлгомжтой. 

Гол учир нь манай компанид яг ямар дижитал шилжилт хэрэгтэй вэ гэдгээ сайн тооцдоггүйгээс болж байна уу гэж хардаг. 

Жишээ нь борлуулалтын компани дижиталд шилжихдээ “loyalty”, хүний нөөцийн модуль, агуулахын модуль угсарна гээд хэрэгтэй хэрэггүй олон зүйл рүү зэрэг орчихдог. Тиймээс оношоо зөв тавьж байж л эмчилгээгээ хийлгэмээр байна гэж хэлмээр байдаг. 

Тэгэхээр ийм асуудалтай хүмүүс байвал DPC-д ирээд оролцох хэрэгтэй. Угаасаа бидний өгөх гэж байгаа үнэ цэн “IDEA TO PRODUCT” шүү дээ. Санаа, стратеги, дизайн, хөгжүүлэлт, сайжруулалт гээд бүгдийг цогцоор нь зураглах болно. 


Дижитал бүтээгдэхүүн амжилттай хэрэглээнд нэвтрэхэд үндсэн гурван хүн л хэрэгтэй.

Нэгдүгээрт, санаагаа цэвэр бизнес талаас нь хардаг, менежментийн ур чадвар сайтай хүн


Хоёрдугаарт, асуудлаа зөвөөр шийдсэн, ажилладаг дизайн хийдэг хүн


Гуравдугаарт, программ хөгжүүлэгч

Энэ гурван хүн хаана цуглаж, хоорондоо танилцаж болох вэ гэвэл DPC эвент гэж хэлнэ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 

ХААНА: Crocus Event Hall

ХЭЗЭЭ: 2023.11.23 Пүрэв гараг

ХОЛБОО БАРИХ: 77477700, 91109189, 85155009

Холбоотой сэдвүүд

dpc2023 дижитал бүтээгдэхүүн

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.