МАН бүлэг өнөөдөр хуралдаж, энэ онд болох УИХ-ын сонгуулийн тухай хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож, тодорхой чиглэлүүд өгчээ.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хуралдааны үеэр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэгэн байдлаар мөнгө авахгүй гэж мэдэгдлээ. Улс төрийн намууд нэр дэвшигчдэд тодорхой хэмжээний босго тавьдаг, мөнгө хандивласан хүн нэр дэвших эрх авдаг гэсэн ойлголт байдаг. Энэ удаа МАН тийм байдлаар ажиллахгүй гэдгээ зарлаж байна. Сонгуульд нэр дэвшихийг хүсэж буй горилогчид МАН-аас явуулж буй зохион байгуулалт, суурь судалгааны ажлыг дэмжиж оролцоно. Үүнд өөрт оногдох тодорхой хэмжээний зардал гаргана. Нэр дэвшигчид дэнчин мөнгө тавихгүй болсноор улстөрийн намуудын санхүү илүү ил тод байх зарчим руу орж байна гэсэн үг. 

Намын дарга бас нэг зарчмын асуудал ярьсан нь нэр дэвшихээр горилж буй хүмүүс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, мөнгөн хандив дэмжлэгийг иргэд, ААН-үүдээс авч болохгүй. Ийм асуудалд орсон этгээдийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор зарлалаа. 

Нам сонгуульд ялсан тохиолдолд өгсөн хандивынх нь хэмжээгээр хүмүүсийг ажил, албан тушаалд томилдог байдлыг таслан зогсоох ёстой. МАН хамаатан, найзын хүрээллээр ажил, албан тушаалд томилдог байдлаас татгалзана. Мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулах чиглэл барьж ажиллана гэдгээ намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр хэллээ" хэмээлээ.