Хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” хэмээн мэдэгдсэн. 

Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлжээ. Тодруулбал НЗДГ болон Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан байжээ. 

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн байна. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэх аж. Улмаар  төгсөгчид герман хэлний  DSD шалгалтын B2 түвшинд тэнцсэн тохиолдолд тус улсад суралцах юм байна. 

Хүүхдүүд хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж зэрэг мэргэжлээр суралцана. 

Герман Улсад суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой.