Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музей иргэд олон нийтэд аяганы соёлыг таниулахаар “Аяганы соёл” үзэсгэлэнгээ дэлгэжээ.  Тус үзэсгэлэн нь нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх,  олон нийтийг эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах зорилготой аж. 

Учир нь  эртнээс монголчууд аягаа биедээ авч явдаг байсан ёс, уламжлалтай. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй нэгээхэн өв болж дэлгэрсэн байдаг. 

Гэвч сүүлийн үед энэ соёл ихээхэн алдагдсан учир  ИТХ-аар баталсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийнхээ хүрээнд Говь-Алтай аймгийнхан аяганы соёлыг түгээн дэлгэрүүлэхээр энэ сарын 20-30-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.  

Үзэсгэлэнд тус 18 сум, хоёр тосгоны ард иргэд, гар урлаачид оролцох бөгөөд орчин үеийн аяганаас эхлээд аяганы уутны төрөл, аяганы төрөл, аяганы дагалдах хэрэгсэл, өвлөгдөж ирсэн аяга дэлгэх ажээ. 

Өөрийн аягатайгаа явахын ач холбогдол: 

-Бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, хеликобактериас өөрийгөө болон гэр бүлээ, бусдыг хамгаалж чадна. 

-Хоол идэж, тараг сүү уусны дараа аягаа долоох нь хоолойн мах буюу гүйлсэн булчирхайд маш сайн дасгал болж, хоолойн элдэв өвчнөөс хамгаалах чухал арга юм. Аягаа долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын бэлгэддэг.

-Монголчууд нас ахих тусам аяганы хэмжээгээ жижигрүүлэн ходоод, нойр булчирхайн өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлж урт насалдаг байжээ.

-Хүн бүр өөрийн аягатай явах нь нэг талдаа тухайн айл аяга, таваг угаах ажил хөнгөвчлөх, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёл бөгөөд усаа хэмнэх байгаль экологид ээлтэй амьдралын хэв маяг юм. 

-Сургалт зөвлөгөөн аливаа үйл ажиллагаанд нэг удаагийн аяга хэрэглэн үргүй зардал гаргаж, хог хаягдал үүсгэхгүйгээр оролцогчдоо “аяганы соёл”-оо эрхэмлэн оролцуулж хэвших нь зүйтэй. 

-Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийцтэй мөнгөн аягаа хийж авч явах нь монгол хүний гоёл болдог байсан.

-Монголчууд ихэвчлэн мөнгө, зэс аяга, модон тагшанд хоолоо иддэг байжээ. Хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга гэж үзэн, мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай гэж эрхэмлэдэг. 

Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин ордог байна.