УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн 12 дугаар сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан. УИХ-ын 2020 оны сонгууль тус хуулийн дагуу явагдах бөгөөд хуулийн заалтуудыг цувралаар хүргэж байна.


Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиас

4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгууль

4.1. Монгол Улсын Их Хурлын сонгууль нь /цаашид “сонгууль” гэх/ Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн.

4.2. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг сонгоно.

4.3. Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно.

4.4. Сонгууль ээлжит, ээлжит бус, нөхөн сонгууль гэсэн төрөлтэй байна.

4.5. “Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдах сонгуулийг ойлгоно.

4.6. “Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно.

4.7. “Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.

4.8. Санал хураалт нэмэлт, дахин санал хураалт гэсэн төрөлтэй байна.

4.8.1. “нэмэлт санал хураалт” гэж энэ хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу явагдах санал хураалтыг;

4.8.2. “дахин санал хураалт” гэж энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах санал хураалтыг.


5 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.1. Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.

5.2.25 Насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.

5.3. Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

5.4. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

5.5. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.


6 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

6.1. Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

6.2. Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, нэр дэвшүүлж болно.

6.3. Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

6.4. Энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.


7 дугаар зүйл.Сонгуулийн зарчим

7.1. Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ.

7.2. Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

7.3. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.

7.4. Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

7.4.1. хууль дээдлэх;

7.4.2. ил тод байдлыг хангах;

7.4.3. шударга ёсыг сахих.

7.5. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.