Бид сансар, гариг судлал, түүний эзэмшил, ашиглалтын тухай ярихаар “хорхогтой савандаа буудуулж” хөөрч байгаачлан хэдий болтол өөрсдийгөө даапаалж, хоцрогдлын эмгэгээрээ хошин шог хийн баясаж суух вэ. Гаднын компаниуд сансрын орон зайд хиймэл дагуулаараа өрсөлдөцгөөж, шинэ зах зээлээс хөрөнгө босгох гэж улайрч байхад бид ширэнгэнд төөрсөн сармагчин лугаа ангайсаар үлдмээргүй л байгаа биз дээ. 

Хиймэл дагуул бүтээгч гадны гарааны жижигхэн компанийн хөрөнгө манай улсын нийт ДНБ-тэй тэнцэнэ гэхээр үндэсний мэргэжилтнээ бэлтгэж, анхны хиймэл дагуулаа хөөргөчихсөн бидэнд түүнээс ч том амбиц яагаад байж болохгүй гэж. 

Энэ асуудлаар энэ удаа Монголын сансрын технологийн анхны багийн ахлагч, МУИС, Физикийн тэнхимийн дэд профессор доктор, МУИС-ийн Нано Хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч. Д.Эрдэнэбаатар, мөн судлаач, доктор Т.Бэгзсүрэн нарыг урьж ярилцлаа.


МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН НАРИЙВЧИЛСАН ТЕХНОЛОГИОР МЭРГЭШСЭН БАГТАЙ БОЛЛОО


-Сансрын технологиор докторын зэрэг хамгаалсан гурав дахь монгол мэргэжилтэн болсон Т.Бэгзсүрэн танд, Д.Эрдэнэбаатар тэргүүтэй сансрын технологийн анхны багт баяр хүргэе.  

-Т.Бэгзсүрэн: Баярлалаа. 2019 онд  Япон улсын Хоккайдогийн их сургуульд сансрын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, сургуульдаа зочин судлаачаар ажиллаж байгаад Монголдоо хоёр сарын өмнө ирлээ. Хөл хорионоос 9 сарын дундуур гараад одоо МУИС-д багшийн ажилдаа буцаж орохоор хөөцөлдөөд явж байна. Бидний багт мөн МУИС, Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Нано Хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач Т.Төртогтох бий. Бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр, мөн НҮБ-ын хөтөлбөрөөр суралцаж төгссөн. 


-Өндөр технологийн бүтээл туршиж, үйлдвэрлэж үр шимийг нь үздэг гал тогоонд нь сурч, ажиллаж байгаад ирсэн мэргэжилтний монголдоо тээж ирсэн зорилгыг нь сонирхвол?       

-Товчхондоо сансрын технологийг монголдоо нутагшуулах нь манай багийн гол зорилго.Хиймэл дагуулын нарийвчилсан технологиор мэргэшсэн монгол инженерүүдийн анхны баг гэж хэлж болно. Компьютертой харьцуулан жишвэл төв процессортой, гаднаас өгөгдөл оруулах камер,  микрофон, гар зэрэг зүйлсийн чиглэлээр би сурсан бол батерей тэжээлийн системийг нь Эрдэнэбаатар, гол процессорын ажлыг Төртогтох сурсан гүйцэтгэсэн үг.

Багаараа ямар ч системийг шинээр хийх  өндөр чадвар эзэмшсэндээ баяртай байна.  Тиймээс бид жижиг төсөл гэхээсээ илүү алсын хараатай, хэтийн зорилготой, Монголын хөгжилд “цахиур хагалах” өндөр технологи дээр төрийн бодлого дэмжлэгтэй ажиллах юм сан гэж хүсэж, эрмэлзэж байна. Яг үнэндээ бид жижиг төсөл дээр ажиллаж хугацаа алдмааргүй байна.

-Нэг үгээр сансрын технологийн чиглэлээрээ ажиллана гэсэн үг үү?  

-Ганцхан сансрын гэж хязгаарлаж болохгүй л дээ. Нэг жишээ яръя. Хамгийн аюултай зам туулж байж, сургуульдаа очдог хүүхдүүдийн тухай гадаадууд хийсэн баримтад киног Японд байхдаа үзлээ. Тэнд сургуульдаа явж байгаа  хоёр монгол хүүхдийн тухай гарч байна. Охин аавтайгаа мотоциклоор сундалдаад сумын төвд ирдэг бол өөр айлын хүү мориор 30 км давхисаар сумынхаа сургуульд  ирдэг. Эрэгтэй хүүхдийнх их боломжийн амьдралтай, гаднаа пажеро жиптэй. Гэхдээ монголд бензин үнэтэй учраас машинаараа яваагүй гэж хэлж байсан. Мориор, мотоциклоор явж байгаа хүүхдүүдийн хацар нь улайгаад, нулимс нь гоожоод хүйтэнд хэцүү харагдсан л даа. 

Энэ киног үзээд хөдөө цасанд хальтардаггүй, өргөн дугуйтай,  салхинд цохиулж элс шороонд нүдүүлэхээс хамгаалсан бүхээгтэй, шатахууны бэрхшээлтэй тулгарддаггүй авсаархан унаа хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байлаа.

Бас би карантенаас гарчхаад хамгийн түрүүн хотын түгжрэлтэй нүүр тулсан. Энэ үед мөн Улаанбаатарт мөн л адилхан жижиг унаа хэрэгтэйг ойлгосон. Уламжлалт аргаас татгалзсан, шинэ технологи ашигласан ийм унааг хамгийн түрүүн хийх юм сан гэж бодож төлөвлөж байна.       

Зөвхөн дэлхийн гадаргын зураг авдаг хиймэл дагуул бүтээхээр хэдэн зуун гарааны компани ажиллаж байгаа мэдээг саяхан уншиж байсан. Маш ирээдүйтэй салбар гэж үзээд энэ зах зээл рүү хошуурах компаниудын тоо асар хурдан нэмэгдэж байгаа гэсэн. 

“МОНГОЛЧУУД БИД Ч САНСАР РУУ ТЭМҮҮЛЭХ ЁСТОЙ”


-Ер нь сансрыг ашиглах, сансар судлалд оролцох гэдгийг өнөөдөр ямар байдлаар ойлгож, харж, үр дүнг хүлээх ёстой юм бэ? 

-Газар зүйн хувьд хоёр хэмжээсээр төсөөлбөл улс орнууд аль хэдийн газар нутгийг хуваагаад авчихсан. Тиймээс одоо улс орнуудын энэ уралдаан дээшээгээ сансар руу тэмүүлж байна. Дээшлэх тусам гүн орон зай биднийг хүлээж байна. 

Хамгийн их хөрөнгө хаяж, хамгийн нарийвчилсан гүнзгий судалгаа хийж байгаа физикч, шинжлэх ухаан технологийн эрдэмтэд бүгд сансрын орон зайг судалж байна. 

Элон Маскийн “SpaceX” компани гэхэд марс гариг дээр хүн амьдрах төсөл хэрэгжүүлж байна. Дэлхийн гадарга дээрээс өөр гараг ертөнцийг ажиглан судлахад дэлхийн агаар мандал шуугиан тарьж саад болдог учраас одон орон ажиглах телескопыг сансарт гаргадаг. Үүний жишээ бол Хаббле болон Кеплерийн сансрын телескоп. НАСА орчлон ертөнцийн үүсэл гарал, галактикийн үүсэх явцыг судлахаар Жамес Веббийн сансрын телескопыг 2021 оны намар хөөргөхөөр бэлдэж байна. 

Үнэ өртөг нь хэдэн тэрбум доллараар яригдана. Тэр байтугай солир, сансрын жижиг биетүүдээс түүхий эд гаргаж авах,  сарнаас эрдэс баялаг олборлох гээд Америк, Хятад болон бусад орны судалгааны олон жишээ бий.

Хүн төрөлхтний бусад амьтдаас ялгарах гол шинж нь ирээдүйг урьдчилан таамаглаж түүнд тохирсон үйл ажиллагааг урьдаас төлөвлөх гэж Япон гаралтай Америкийн онолын физикч эрдэмтэн хэлсэн байдаг. Тиймээс монголчууд бид ч ирээдүйгээ харж, аль болох сансар руу тэмүүлж амьдрах ёстой юм. Сансарт гарна гэдэг стратегийн хувьд ч, үндэсний аюулгүй байдалд ч чухал ач холбогдолтой. Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын 12 заалттай шууд холбогддог салбар. 

Ирээдүйд бэлэн байх үүднээс энэ технологийг бид өөрсдөө өөрсдөө эзэмшиж, хийх ёстой л доо.


-Ямар үед эзэмшсэн, ямар үед хийж, үйлдвэрлэж байна гэж үзэх юм бэ?

-Жишээ нь GPS системийг жаахан хурдтай биет дээр тавихаар  байрлал нь зөрж эхэлдэг. Физикийн хурдны алдаанаас гадна цаанаасаа програмчлагдсан байх магадлалтай. Ийм байдлаар гаднын систем хэрэглэж байгаа тохиолдолд гэв гэнэт унтрах, ажиллахаа болих, байрлал өөрчлөгдөх тохиолдолд бид ямар учиртайг нь мэдэх боломжгүй. Мөн холбоо харилцааны хиймэл дагуул нэг л өдөр ажиллахаа байчихвал бид яаж ч чадахгүй гэсэн үг.

Ер нь хиймэл дагуулаас мэдээлэл авахгүй, ашиглахгүй салбар гэж үгүй. 

Жишээ нь саяхан олсон Хүннүгийн Луут хотын археологийн олдворыг сансрын мэдээг ашиглаж тогтоосон гэж дуулсан. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, газар тариалан, мал аж ахуй эрхлэлдэг орны тухайд талбайн аль хэсгээс хамгийн их ургац авч болох, хаана бэлчээр сайтай байгаа, өвс ногоо ямар шалтгаанаар өвчилсөн, сийрэгжсэн,хаана талхдагдсан гэх зэргээр мэдээллийг сансрын хиймэл дагуулаас маш нарийн зураглалаар авч болно.

Өнөөдөр манай зарим тариаланчид дрон, нисдэг төхөөрөмж ашиглаж талбайн зураг авдаг гэх боловч үүний хамрах хүрээ нь бага. Монголын нийт газар нутгийн хувьд ч  энэ үүргийг зөвхөн хиймэл дагуул гүйцэтгэх боломжтой. Одоо ч зарим тохиолдолд гүйцэтгэсээр байгаа.


-Ганц ч хиймэл дагуулгүй учраас мэдээг дандаа түрээсэлж худалдаж авч байгаа гэсэн үг үү?  

-Манайд нэг ч хиймэл дагуул байхгүй. Хүмүүс нөгөө “Мазаалай” чинь яасан бэ гээд байдаг.

“Мазаалай” 2017 оны 7-р сард сансрын тойрог замд гарч хоёр жил дэлхийн нам орбитоор нисэж үүргээ гүйцэтгэсэн шүү ээ. Ингээд 2019 оны 5-р сарын 12-нд дэлхийн агаар мандалд европ орчимд орж дууссан. “Мазаалай” төсөл шинэ технологийг сансарт турших, хүний нөөцийн анхны багийг бэлдэх зорилгоо бүрэн биелүүлсэн.

Харин мэдээ түрээсэлж байгаа тухайд УЦУОШГ, ОБЕГ-аас эхлээд бүхий л байгууллага, хувь хүн, монголчууд бид өнөөдөр ОУ-ын байгууллага, бусад улс орон, компанийн хиймэл дагуулаас мэдээг төлбөртэй, төлбөргүй хэлбэрээр авч ашиглаж байна. 

ДДэш ТВ, Монгол Сат компани гэхэд гаднын хиймэл дагуулын мэдээлэл дамжуулах шугам түрээсэлж монгол орон даяар тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг. Тавган антентай телевиз бол Монголд хиймэл дагуулыг төлбөртэй ашиглаж байгаа хамгийн том жишээ болов уу. 

Нийслэлийг дээрээс нь харсан 10х10км-ын талбайг хамарсан өндөр  нарийвчлалтай хиймэл дагуулын зураг авъя гэвэл нэг зураг нь ойролцоогоор 1000 $ үнэтэй байдаг.

“САНСРЫН ТЕХНОЛОГИ БУСДЫГАА ТҮҮЧЭЭЛЖ, АГУУЛЖ  БАЙДАГ” 


-Ийм байдлаар гаднын хиймэл дагуулын мэдээ мэдээллийг ашиглаад явахын үр дагаврыг хэлбэл?

-Д.Эрдэнэбаатар: Бүх зүйл явж явж эдийн засагтай холбогддог. Өнөөдөр бид мэдлэгийн эдийн засгийн цаг үед амьдарч байна. Бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн нийт үнэ өртөгийн 70 аас дээш хувь нь түүний дизайн, шийдэл ноу хауг гаргагчдад очдог. 

Жишээ нь IPHONE утасны ард Хятадад угсарсан, Америкт загвар гаргасан гэж бий. Тэгвэл дээрх судалгаагаар жишиж үзвэл энэ утсыг үйлдвэрлэхэд Хятадууд бараа материал, сэлбэг хэрэгсэл, хүн хүчээ гаргаж, үйлдвэрээ ажиллуулсан ч түүний ноу хауг гаргасан, технологийг бий болгосон Америкчууд уг утасны нийт орлогын 70 хувийг авдаг.

Тэр утсыг үйлдвэрлэхэд монголчууд бид ч хувь оруулж байгаа. Нөгөө газраа ухаж, хэдэн мянган хүн хүч ажиллуулж, байгаль орчиндоо асуудал үүсгэж, бөөн ажил болж алт, зэс, нүүрсээ гаргачхаад тэдний 10 хувьд ч хүрэхгүй орлого олж суугаа. Хүний юм ашиглана гэдэг чинь угтаа ийм байдал үргэлжилсээр байна л гэсэн үг.   

Т.Бэгзсүрэн: Монгол Улсын нийт ДНБ 13 тэрбум доллар буюу ганцхан тэрбумтан хүний хөрөнгөтэй тэнцүү.  Тухайлбал “Амазон”-ыг үүсгэн байгууласан Жефф Безосийн нийт хөрөнгө манай улсын хөрөнгөнөөс 14 дахин их, 170 гаруй тэрбум $. Тэгвэл Монгол Улс 3 сая хүнтэй нэг компани гэж үзвэл яг нэг л бизнесээ тордоод дэлхийн зах зээл дээр гараад ирвэл иргэдийн, монголын нийт орлого огцом өснө.  

Үүний түлхүүр нь өндөр технологи шингэсэн ганцхан л үйлдвэр. Чадварлаг, хүчтэй баг маш сайн зохион байгуулалттайгаар гүйцэтгэхэд хангалттай. Энэ өндөр технологийн нэг жишээ нь сансрын технологи байж болно гэж манай баг  үзэж байгаа.


-Бид та бүхний яриад байгаа технологийн хөгжлөөс хэр хоцроод байгаа бол?

-Д.Эрдэнэбаатар: Технологи байнга өөрчлөгдөж хөгжиж байдаг. Тиймээс шинэ гарч байгаа технологийг барьж авахад яг адилхан түвшинд тэдэнтэй өрсөлдөөд явах бололцоотой. 

Ер нь бид араас нь хөөвөл хэзээ ч гүйцэхгүй. Харин тэр дундаас тодорхой нэг чиглэлийг барьж авч тэдний урд нь алхаж орох хэрэгтэй. Тэнд нь үсэрч очих ёстой.

Нэг л чиглэлд сэтлээд гараад ирвэл бусад нь аяндаа дагаад өндөр түвшинд очдог байгалийн хууль бий. Жижиг оврын буюу нано хиймэл дагуул гэж яриад байгаа салбар харьцангуй шинэ залуу салбар.  Цөөн хүн хүч шаарддаг, уламжлалт том сансрын технологи шиг нүсэр биш учраас бидний эдийн засагт тохирсон. Америк, Япон, Хятад, Энэтхэг шиг хэдэн тонн уламжлалт хиймэл дагуул сансарт гаргана  гэж даахгүй хоол руугаа явах ямар ч шаардлагагүй. 

Т.Бэгзсүрэн: Сингапурын сансрын технологийн жижигхэн гарааны компанийн гарааны хөрөнгө нь тэрбум $-оор хэмжигддэг. Бид үүнийг л хэлээд байгаа хэрэг.

Сансрын, орчны, нано, био, кибер гэх зэргээр технологийг ангилдаг. Яагаад заавал сансрын технологи гэж?

-Д.Эрдэнэбаатар: Нэгт мэргэшсэн баг нь байна, зорилго байна. Мөн сансрын технологи агуулгаараа нөгөө технологиудаа түүчээлж, тэднийгээ агуулж явдаг. Үүний үр дүнд бусад технологиуд өнөөдрийн түвшинд хөгжсөн түүхтэй. Түүчээ технологийг сонгон авч түүн рүү зорьж тэмүүлж байж үр дүнгүүдээ гаргаж авна. Өндөр технологийн өөр нэг жишээ болох биотехнологийг хар л даа. Хэрэв манайд энэ технологи өндөр хөгжсөн байсан бол ковидын эсрэг вакцин гаргачхаад гурван шатны тестийг нь амжилттай давж дэлхий нийтэд зарж байх боломж байсан. Үүнд өнөөдрийн нүүрсний үйлдвэрлэл шиг тэр олон хүн хүч, техник, газар нутаг хэрэгтэй юу. Ер нь бид ганц салбарын зах зээл хараад хэдий болтол суух вэ?

“БИДЭНД АЛБАН ТУШААЛ, ХУВИЙН ХӨРӨНГӨ ХЭРЭГГҮЙ”

Т.Бэгзсүрэн: Монголчууд бид бие биедээ итгэхээ больчихоо юу гэж заримдаа боддог л доо. Улаанбаатартаа ирэхэд л энэ бодлыг батлах гэсэн юм шиг орчин нүдэнд шууд туссан. Байгууллага, газар бүр том том хашаатай хороо барьчихсан. Хэнээс юунаас юугаа хамгаалж, хаацайлаад, харамлаад байгаа бүү мэд. Машин явах зайгүй битүү хашаа. Гудамнууд нь мухар. Нийслэлийн түгжрэлийн нэг шалтгаан нь энэ юм биш үү. Үүний цаана бол нийгмийн итгэлцэл ямар байгааг харуулаад байх шиг.  

Үүн шиг сураад ирсэн, хийгээд туршлагажсан залуусдаа итгэж, дэмжээрэй гэж хэлмээр байна. 

Монголчууд бид хэрэглээндээ, бас үр ашгаа мөд өгөхгүй салбарт  дэндүү их хөрөнгө зарж байна.Монголын нэн чухал хэрэгцээ км нь 1 тэрбум төгрөгийн зам мөн үү? Одоо тэгвэл технологид хөрөнгөө оруулаад үзье л дээ. 

Бид өнөөдөр залуу байна. Бидэнд албан тушаал, хувийн хөрөнгө хэрэггүй. Сурсан мэдсэн зүйлээ хийж үйлдвэрлэлд нэвтрүүлмээр байна., бас сургамаар байна. Миний хувьд ойрын таван жилдээ удирдах албан тушаал, бичиг цаас эрхлэхгүй, нарийн технологи дээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэж бүх хүчээ МУ-ын технологийн хөгжилд зориулахын тулд ахуйдаа, ар гэртээ санаа зовохгүй байх нөхцөл л чухал.

-Та бүхний Япон улсад мэргэжлээрээ ажилласан, судалгаа хийсэн туршлагыг сонирхвол?

-Д.Эрдэнэбаатар: Миний хувьд Японы “Хорюү-4” хиймэл дагуул, Сингапур Японы хамтарсан “Спатиум”, Монголын “Мазаалай” хиймэл дагуулууд дээр ажиллаж байсан. Манай багийн гишүүн Т.Төртогтох нь “Мазаалай” хиймэл дагуулаас гадна Японы “Угуйсу” хиймэл дагуул дээр ажилласан. Тэр хиймэл дагуул одоо ч сансарт дэлхийн зургийг аваад явж байгаа. 

-Т.Бэгзсүрэн:Миний хувьд Японы Филлипинчүүдэд бүтээж өгсөн хиймэл дагуулын хайперспектр камер дээр ажиллаж байсан. Зориулалт нь ургамлын өвчлөл, ургац, бэлчээрийн доройтол, усны байршилгэх мэт зүйлсийг  нарийвчлан ангилан  ялгадаг камер. Ийм төрлийн камерийн зургын хэрэглээ маш их байдаг л даа. Сүүлд Филиппинд гадил жимсний панама мөөгөнцрийн өвчин гарах үед  өвчлөлтэй талбай дээр нь очиж хэмжилт хийж байсан. Газар дээр баталгаажуулж зургыг аваад дараа хиймэл дагуултай харьцуулах зорилготой. Мөн 2017 онд Японы камерийг нутагтаа авчирч МУИС-ын ой судлалын багштай хамтарч Богд уулын Нүхтийн амны ойн зургийг авч мөөгөнцөр төрлийн амьд биет үржсэнийг камераараа тогтоосон. Харахад өвчингүй юм шиг моднууд ногооноороо.Гэтэл камерт хаана ямар хэмжээгээр өвчлөөд байгаа нь тодорхой гардаг. Ийм жишээ олон бий.


-“1000 инженер”ийн хөтөлбөрт хамрагдаж, гэрээгээр сурсан гэсэн. Хэрэв ийм гэрээгүйгээр сурсан бол Монголдоо хэзээ ирэх байсан бэ?

-Т.Бэгзсүрэн:Ямар ч байсан ковид дуустал Японд байх байсан болов уу. Ковидын үеэр  гэр бүлээрээ ирсэн болохоор ихээхэн мөнгө, бас карантин гээд багагүй цаг хугацаа зарцууллаа. Тэнд миний хийж байсан төсөл дуусаагүй, төсөв хөрөнгө нь ч хангалттай байсан. Гэхдээ тэнд сурч, ажиллаж байгаа монгол залуусын, бидний том зорилго бол монголдоо хийж бүтээж, эзэн нь болж амьдрах хүсэл мөрөөдөл. Японд бүх юм хангалттай, сайхан, юм хийх боломж дүүрэн. Гэхдээ л цаанаа хүний л юм бол хүний юм. Залуу насаа өөр улсын хөгжилд зориулаад, хүний юм хийгээд байхаар бас л юм бодогддог л доо.  

Япончууд биднийг нутагт нь ажиллаад байвал ажиллуулаад л байна. Ингэж өндөр чадвартай, нарийн мэргэжилтэй залуусыг ажиллуулж чадсанаараа тэд их зүйлийг хожиж байгаа. Үүний тулд ч ар гэр, ахуйн асуудалд санаа зовох зүйлгүй байлгадаг.

-Д.Эрдэнэбаатар:Хүний нөөцийн бодлого гэдэг нь аливаа мэргэжилтнийг гадаадад сургаж мэргэжил дээшлүүлүүлэхээр хязгаардагдах биш, мэргэжлээрээ тогтвортой ажиллаж, үр дүнг нь улс орон нь хүртдэг байх тухай гэж ойлгож байна. Манай улс хөгжлийн бодлогодоо Сансар судлалын салбарыг хөгжүүлье гээд 2050 он хүртэл тов тодорхой гарсан байдаг. 


-Та нарын яриад хөгжүүлэх гээд байгаа салбарын ойрын ирээдүйн боловсон хүчний нөөц, бодлого ер нь ямар байна гэж бодож дүгнэдэг вэ?

-Т.Бэгзсүрэн: 2050 онд одоо байгаа ажил мэргэжлийн 47 хувь нь устаж үгүй болох, харин ирэх 25 жилд  ажлын байрнуудын 25 хувь нь машинаар солигдох таамаглал бий. Кассчин, банкны теллэр машинаар солигдоод эхэлснийг бид мэднэ. Багш мэргэжил онлайн сургалтад шилжээд эхэллээ. Ер нь сайн оюутнууд багшаас чиглэлээ л асуухаас биш хэзээ ч нарийн деталь зүйлүүдийг асуух шаардлагагүй болж байна. Хөгжлийн нөлөөгөөр маш их зүйл өөрчлөгдөж байгаа ч нэг л зүйл өөрчлөгдөхгүй.Дэлхий эргэдгээрээ эргэх учир байгалийн шинжлэх ухаан өөрчлөгдөхгүй.Нэг хошин яриа байдаг л даа. Их сургуулийн физикийн багшаас социализмийн үед багшлах, одоо багшлах ямар ялгаа байна гэж асууж л дээ. Багш физик физикээрээ л байна гэсэн гэдэг. Нийгмийн байгууламж, нийгмийн бүтцээс хамаардаггүй шинжлэх ухаан байгалийн шинжлэх ухаан. Түүнийг ойлгодог хэл нь математик, физик. Үүнийг системтэй үзэхгүйгээр байгалийн шинжлэх ухаан, өндөр технологи руу нэвтрэх боломжгүй.

Энэ мэдлэгийг Монголд хамгийн сайн олгодог газар бол МУИС, тэр дундаа физикийн тэнхим байсан, ирээдүйд ч мөн байх ёстой. Гэтэл физик судалдаг залуус их цөөхөн болчихлоо. Дан физикээр яах юм бэ, гараад юу хийх юм бэ гээд сонгохгүй байх шиг байна. Гэтэл маш  хэрэгтэй суурь мэдлэг бол физик. 

Сансрын технологийг хөгжүүлж байгаа хүмүүсийг хараарай дандаа физикчид. Бидний мэдэх Элон Маск хүртэл физикч хүн. Шинжлэх ухааны суурь хэл физикийн салбар улам бүр хүрээгээ тэлж, холимог хөтөлбөрийн тоог нэмж интералчлагдах хэрэгтэй байна. 

Гэвч манайд жил ирэх тусам хүрээгээ багасгаж дифференциалчлагдаад. Нөгөө талаас энэ интералчлах, дифференциаллагдаг үйлдлийг хамгийн сайн ойлгох хүмүүс физикчид өөрсдөө хэдий боловч энийг ойлгож нэг зүгт харж чадахгүй байна. 


Д.Эрдэнэбаатар: Энэ байдал давхар давхар олон зүйлээс шалтгаалах ч  2014 оны боловсролын шинэчлэл гол нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Урд нь оюутан, сурагчдын судлахзаалгах хичээл тодорхой байсан. Одоо сурагчид хичээлээ сонгохдоо нийгэмд хэрэгтэйг биш өөрт амар сонголт хийж байна. Голдуу нийгмийн салбарыг сонгодог болсон. Жишээ нь сурагчид 10-р ангид орохдоо цааш судлах чиглэлээ сонгодог. Гэтэл эмч болох сонирхолтой хүүхдүүдийн сонголтыг эс тооцвол физик, хими, биологи гурвыг хүүхдүүд бараг сонгохоо больсон. 9-р анги төгсөж байгаа бүлгүүдээс физик сонгож байгаа хүүхдүүд 12-оос цөөн байвал бүлэг үүсгэдэггүй. Гэтэл цөөн бүлэгтэй захын болон жижиг дунд сургуулиудад 12 хүүхэд яагаад ч хүрдэггүй байх жишээтэй.

-Сурагчид байгалийн хичээл сонгон суралцах нь буурч байгаа нь багш бэлтгэхтэй холбоотой юу?  

-Багшийн үнэлгээг ЭЕШ-аар үнэлдэг. Тиймээс багш зөвхөн сайн хүүхдүүд авна гэж хатуухандаа “шахалт үзүүлдэг”. Хүүхдүүдийн сонголтод багш нараас гадна эцэг эхчүүд ч их  нөлөөлнө.

Өнөөдөр МУИС-ийн ШУС-ийн физикийн тэнхимд лекц сонсох оюутангүй болчихоод байна. МУИС-ийн оюутан 1-р курс төгсөөд мэргэжил сонгодог. Энэ бол бидний 2014 оноос хойш сонгосон зам. Харин энэ жилээс физик, физикийн багшийн хөтөлбөрийг 5-аас доош оюутан сонговол тэр жилдээ элсэлт авахгүй хаах шийдвэр гарсан. Үүнээс болж физикийн багшийн 2-р түвшний хөтөлбөр энэ жил хаагдсан. Монгол улс 95 их дээд сургуультай. Эдгээрээс  технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 5 хүрэхгүй сургууль  бий. МУИС-ийн хувьд байгалийн шинжлэх ухаанчийг бэлтгэдгээрээ ялгаатай. 

Шинжлэх ухаан, технологи “моод” болчихоод яриад байгаа юм биш, өндөр технологи өндөр үнэлэгддэг чиг хандлага улам хүчээ авч байхад бид хоцрох эрхгүй гэдгийг л хэлээд байгаа юм.  Ирээдүйгээ харж, өнөөдрөөс хөдөлмөөр байна аа бүгдээрээ.

Баярлалаа.