Хэрвээ танай гэр бүлийнхэн хамтдаа кино үзэж байхад үнсэлтийн хэсэг гарахад л дор бүрнээ дуугүй болж, ичингүйрдэг бол энэ киног заавал үзээрэй. Учир нь сексийн тухай ярих нь  бусдаас ичмээр, нуух ёстой зүйл биш юм.

Энэ киног олон улсын кино шүүмжлэгчид өндрөөр үнэлж, ам сайтай байгаа бол зарим “их мэдэгчид” садар самуун сурталчилсан, байж боломгүй гаж буруу зүйлсийг гаргасан гэж дүгнэсэн нь бий.

  Киноны ерөнхий мэдээлэл


Sex education  кино нь  Британийн найруулагч Лаури Нанны бүтээсэн гурван бүлэгт инээдэм, драм төрлийн цуврал юм. 

2019 оны нэгдүгээр сард цувралын эхний бүлэг цацагдсан. Сарын хугацаанд 40 сая гаруй хүн үзэж тухайн үедээ хүмүүсийн анхаарал татаж байв. Хоёрдугаар бүлэг нь 2020 оны нэгдүгээр сард цацагдаж эхэлсэн. Шүүмжлэгчид  өмнөх бүлгээсээ илүү асуудлуудыг хөндсөн гэж үнэлсэн юм. Харамсалтай нь гуравдугаар бүлгийн зураг авалт ковын улмаас сунжирсан тул хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна.


Үйл явдал: 

Moordale дунд сургуульд үйл явдал өрнөдөг. Өөртөө итгэлгүй өсвөр насны Отис гэх хүүгийн ээж нь секслогич. Тиймээс сексийн тухай илэн далангүй ярих  нь хүүд таалагддаггүй байв.  Санамсаргүй тохиолдлоор Отис ээжийнхээ эмчилгээний аргыг ашиглан сургуулийн дээрэлхүү залууд тусалдаг. Үүнийг Маев гэх охин овжиноор харж үеийнхэндээ бэлгийн харилцааны талаар зөвлөгөөг төлбөртэй өгөх болсноор кино үргэлжилнэ. 


Агуулга:

Кинонд хэн нэгний бэлгийн харилцааг харуулж, зөвхөн нүцгэн дүрс гаргадаг  кино биш. 

Өнгөц бодлоор бэлгийн харилцааны тухай ярьвал “гаж донтон” шиг ойлгодог. Гэвч анзааралгүй орхисон жижиг асуудал нь сэтгэлийн түгшүүрийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг байж ч болно.

Өөрөөр бол Sex education кино хүмүүсийн ярих дургүй, мэдэхийг хүсдэг  асуудлыг хөндсөнөөр анхаарлыг татаж чадсан. 

Эцэг эхчүүд  асуудал гэж хардаггүй учраас бэлгийн харилцааны талаар хүүхэдтэйгээ ярьдаггүй. Гэтэл энэ нь өсвөр насныханы хувьд чухал. Ямар нэг асуудал гарвал ээж ааваасаа илүү найздаа ярих нь зөв гэж боддог тухай судалгаа бий. Гэвч өөрийн асуудлаа итгэлгүй хүнд ярьснаар нууц нь олонд дэлгэгдэж, үүнээсээ болж сэтгэл гутралд орох зэрэг асуудал түгээмэл.

 

Онцлох хэсгүүд 

 

Энэ хэсэг бага зэрэг спойлертой шүү. 

Энэ бол би

Эрикийг ижил хүйстэнээ сонирхдогийг гэр бүлийнхэн нь мэддэг ч олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй. Сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээр Эрик өөрийн хүссэн хувцасаа өмсөж, нүүрээ будах үед аав нь “Хэтэрхий  их будчихсан юм биш үү, чамд санаа зовж байна” гэхэд нь Эрик “ Энэ бол би, өөрөөсөө өөр байхаас бусад нь надад айх зүйл бишээ” гэж хариулдаг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн нь сэтгэл хөдлөм байсан шүү. 



IT’s my vagina 

Рубигийн нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээнд тавих заналхийлсэн зурвас илгээж, биеийнх нь зарим хэсгийг тавьсан нь сургууль даяар шуугиан дэгдээдэг.  Зураг илгээсэн хүн сургуулийн хурлын үеэр “Энэ хэний зураг вэ” гэж асууж,  Рубиг ичгэвтэр байдалд оруулахыг хичээдэг ч охид ээлж ээлжээр босож “минийх” гэж зоригтойгоор хэлсэн нь киноны оргил хэсгүүдийн нэг байсан юм. 



Энэ чинь зүгээр л нэг автобус 

Хоёрдугаар бүлэгт Аими гэх охин автобусанд явахдаа танихгүй залуугийн бэлгийн дарамтад өртдөг. Үүнээс болж автобусанд сууж чадахгүй айх болж, гэр сургуулийнхаа хооронд явган явах болдог. 

Дараа нь энэ талаар найзууддаа хэлтэл бусад нь ч бас амьдралдаа ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байсан. Энэ нь хэзээ ч мартагдахааргүй болж үлддэг тухай ярилцдаг. Маргааш өглөө нь  Аимиг  автобусны буудал дээр очиход найзууд нь ирээд “Алив сууцгаая, энэ чинь зүгээр л нэг автобус” гэж хэлдэг хэсгээс киног үзсэн охид ихээхэн урам зориг авсан тухайгаа хуваалцжээ.