Та хайртай бүсгүйгээ баярлуулмаар байгаа ч санхүүгийн нөхцөл байдлаас болж сэтгэл дундуурхан сууна уу. Сошиал медиад эмэгтэйчүүд авсан бэлгээ гайхуулж, хайртдаа баярлаж явдгаа гайхах зуур та "Би ч ийм бэлэг авч өгөх чадалгүй дээ" гэсэн бодол төрөх нь аргагүй биз. 

Гэхдээ та хэдхэн хүний тогтоосон хэв маягт баригдаж, мартын бэлэг ийм байх ёстой гэж бодон сэтгэлээр бүү уна. Хүн бүрийн нөхцөл байдал өөр, амьдрал нь ч өөр. Тиймээс та эмэгтэйгээ баярлуулах өөр арга хайгаарай. Хэцүү байвал бид танд тусалъя. 


1 Дурсамжтай мөчүүдээ нэгтгэ

Валентины өдрөөр хоёул хоёулаа дэлгэц ширтэж суухын оронд Каяли Женнерээс сургамж авч өнгөрсөн дурсамжтай мөчүүдээрээ богино хэмжээний кино хийж болохгүй гэж? Та үүнийг хийхийн тулд мэргэжлийн видео эвлүүлэгч хөлслөх шаардлагагүй. Filmora тэргүүтэй ашиглахад хялбар програм танд тусална. 




2 Дурсамжаа жаазла

Танд бичлэг эвлүүлэх хэтэрхий хүнд даалгавар шиг санагдаж байвал зургуудаа угаалгаад жаазлаад өгч болно. Үнэтэй, аварга том, хээ хуар болсон жааз байх албагүй, энгийн цэвэрхэн жааз та хоёрын зургийг илүү тодруулж харагдуулах болно.





3 Гараа гарга

Хүний зүрхэнд хүрэх зам бол ходоодыг нь баярлуулах гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Интернетэд амттан хийх талаар хэдэн тэрбум зөвлөгөө, бичлэг байгаа. Та үүнийг алхам бүрээр нь дагаж, бага зэрэг нягт нямбай байхад л бэйкеригээс дутахгүй амттан хийж чадна. Өөртөө итгэ.



4 Захидал бич

The Notebook киног үзсэн л биз дээ. Гараар бичсэн захидал ямар их үнэ цэнэтэй, сэтгэл хөдөлгөдөг гээч. Хайртай эмэгтэйдээ бодож явдаг нандин үгсээ хэлэх гэхээр Солонгос олон ангит киноны хүүхдүүд шиг сонсогдох гээд байна уу. Тэгвэл үзэг, цаас барьж ав. Та шууд л хайрын тухай өгүүлдэг алтан үеийн, сэтгэлд хоногшсон нэг ангит киноны гол дүр болох болно.


5 Хоёр хүний оройн зоог бэлд

Та хайртай бүсгүйгээ баяр болохоор л аваад гадуур хооллодог бол энэ удаад гэртээ, өөрийн гараар, сэтгэл шингэсэн сайхан амттай хоол хийх цаг болжээ. Хамгийн гол нууц бол хоолоо сайхан таваглаад, ширээгээ сайхан засаад, хажууд нь лаа асаах. Ингэсэн байхад амтгүй болсон байсан ч хайртай эмэгтэй тань баярлаад л идэх болно. 

Энэ өдөр бол амттай, ахиухан цуйван хийхдээ биш, хамгийн гол нь баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөхөд утга учир нь оршино.


6 Авьяасаа ашигла

Дотроо нуугдсан урлагийн, гоо зүйн мэдрэмжээ эрж ол. Тэгмэгцээ гараа гарган ямар нэг зүйл хийж өг. Зураг зурахаас эхлээд юу ч байж болно. Цаасан дээр төрөл бүрийн гоймон наагаад дээрээс нь хаа хамаагүй өнгийн будаг цацаад жаазлаад "Чи бидний замд ийм олон саад бэрхшээл тулгарсан ч эргээд бидний хайрыг улам хүчтэй болгожээ" гэсэн ил захидалтай өг. Би өөрөө хийсэн юм гэж сайрха, хамаагүй.







7 Сайхан гэрийн спад оруул

Дуучин Sade-гийн намуухан дуунуудыг тоглуулж, ванны өрөөгөө сайхан цэвэрлээд, далайн давстай, ванны бөмбөлөгтэй, хөөстэй, сарнайн дэлбээтэй ус бэлдэж өг. Дуусмагц нь биеийг нь үрж өгч болно. Гараад ирэхэд нь Lhamour-ын алжаал тайлах тосоор бүтэн биеийн хөнгөхөн иллэг хийж өгч болно шүү дээ. Тэгээд л та хорвоод хосгүй эр хүн болж , хайртай эмэгтэй тань маш их баярлаад үлдэнэ. Бичиж байгаа би хүртэл баярлачихлаа.







8 Дууны цоморлиг хий

Хуучинсаг сонсогдож мэдэх ч хэзээ ч хуучрахгүй классик бэлэг л дээ. Та хоёрын түүхийг өгүүлсэн, эмэгтэйн тань дуртай дуунуудыг нэгтгээд CD-гээр, утсанд нь татаж суулгаад ч болтугай өг. Энэ дуунуудаа чанга тоглуулаад том өрөөнийхөө голд бүжиглэ. Гол нь лаа асаахаа мартуузай. 







9 Чанартай цаг өнгөрөө

Хайртай хүндээ өгч болох хамгийн сайхан бэлгүүдийн нэг бол бүхнийг мартаж, тухайн цаг үеэ мэдрэн, зөвхөн түүнд л цаг хугацаа, анхаарлаа зориулах. Зурагт асаахгүй, утсаа оролдохгүй, боломжтой бол хүүхдээ хүнд харуулаад хоёулхнаа бай. Мэдээж лаатайгаа гурвуулаа. Хамтдаа та хоёр орон дотроо өглөөний цай ууж, хөзөр тоглож, ярилцаж хэвтэж болно. 




10 Бяцхан аялал зохио

Та хайртай эмэгтэйтэйгээ ханилаад удаж байгаа бол зүгээр нэг хоол идэж, кино үзэж, гэртээ тэврэлдэж хэвтэхийн оронд гадуур зугаалж, өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газраа оч. Кувейтын ам, Нүхтийн ам, Төв аймгийн Манзуширын хийдийг та өмнө нь сонсож байснаас очиж байгаагүй юу? Тэгвэл хоол базааж аваад очиж үз. Хол явах боломжгүй бол хотоос сонирхолтой газар хайгаарай.