Засгийн газар өнөөдөр хуралдаж, хөл хориог 14 хоногоор сунгах саналыг хүлээн авч шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориу 5 дугаар сарын 08-ныг хүртэл нийт 28 хоног үргэлжлэхээр боллоо.


Тэгвэл хөл хориог сунгасны үр дүн ямар байх вэ?

Энэ сарын 10-наас тогтоосон хөл хорионы үед өдөрт илрэх халдварын тохиолдлыг тогтвортой хэмжээнд байсан ч буураагүй. Харин 25-нд хөл хориог цуцалбал эргээд маш том давалгаа гарч, өдөрт илрэх тохиолдол 1400 давна гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Харин үргэлжлүүлэн 14 хоногоор сунгахад өдөрт ойролцоогоор 536 тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хорио цуцалсны дараа өдөрт илрэх тохиолдол багаар нэмэгдэж 593 орчимд хүрээд огцом буурна гэж тооцоолжээ.

Сүүлийн өдрүүдэд буюу хөл хорио тогтоосноос хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдол:

  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс 
  • 4 дүгээр сарын 19-нд 889 хүнээс
  • 4 дүгээр сарын 20-нд 1.311 хүнээс
  • 4 дүгээр сарын 21-нд 1.169 хүнээс 
  • 4 дүгээр сарын 22-нд  1.328 хүнээс 
  • 4 дүгээр сарын 23-нд 1.264 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Энэ хугацаанд хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт илрэх тохиолдол 31.000 хүрэх байсан гэж үзжээ.

Өнөөдрөөс Улаанбаатарт коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлж, суурин 120, явуулын 40 цэгт өдөрт 60.000 орчим хүнийг вакцинжуулах аж. 

Улмаар 2021 оны 5 дугаар сарын 06-09 гэхэд нийслэлийн бүх иргэнийг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулсан байна. 50-иас доошгүй хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн байхаар тооцоолжээ.

Өчигдрийн байдлаар манай улсын вакцинд хамрагдах насны нийт 2 сая 60 мянган иргэний 31 орчим хувь нь эхний тунгаа, 3 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн байна.

Хөл хориог 28 хоног болгоход халдварын тохиолдол хэрхэн буурах тооцоолол

"Хөл хориог сунгавал эрүүл мэндийн байгууллагад өгч буй хамгийн том дэм болно. Хөл хорионы дүнд тархалтын эрчим, тохиолдлын тоо буурснаар эрүүл мэндийн салбарынхан энэ хугацаанд нөөцөө бэлдэх, сэлбэх зэрэг бүх зүйлийг хангаж авдгаараа давуу талтай.

Хөл хориог тогтоосноор халдварын тархалтыг 100 хувь байхгүй болгоно гэсэн хүлээлт иргэдийн олонход байна. Ийм бололцоо байхгүй. Тодорхой түвшинд бууруулж, тогтвортой бариад, вакцинжуулалтыг эрчимжүүлж хийх нь хөл хорионы ач холбогдол" гэж ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдээлсэн.