Коронавирусийн халдварын тархалт өндөр, эрсдэл нэмэгдэж буй учир дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яам гаргаж, Улсын онцгой комисс дэмжсэн. Уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр Засгийн газар өнөөдөр хуралдаж байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатуу хөл хорио тогтоохыг эсэргүүцэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлж мэдэгдэв.

Тэрээр албан бичигтээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрт нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй" гэжээ.

Хэрэв Засгийн газар хатуу хөл хорио тогтоох Улсын онцгой комиссын саналыг дэмжиж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу Улаан түвшинд шилжүүлбэл зөвхөн дараах 15 чиглэлийн байгууллага ажиллана. Хөдөлгөөнийг 95 хувь хүртэл зогсооно.

Хязгаарлахгүй үйл ажиллагаа:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3. Өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт, сав баглаа боодол

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, 

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг /эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл /эрх хязгаарлах/

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, 

14. Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, СӨХ

15. Буяны үйл ажиллагаа