Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог бодитоор нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилгод эмэгтэйчүүдийн санал санаачилгыг тусгах, оролцоог дэмжих зэрэг олон асуудлын хүрээнд өнөөдөр 500 орчим нийслэлийн эмэгтэйчүүд уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүд олуулаа” зөвөгөөний үеэр  “Эмэгтэйчүүд олуулаа”, Бүсчилсэн хөгжил-Нийслэл, “Эмэгтэйчүүд хамтын ялалт”  зэрэг илтгэлүүд, “Бид хамтдаа хөгжилд хөтөлнө ”, “Бид зөвхөн гүйцэтгэгч биш” зэрэг сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. 

Энэ үеэр “Эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих нь зүйтэй” гэсэн лоозон уриалгыг халж, цаашид шийдвэр гаргах түвшинд “тэнцвэртэй төлөөлөл” зарчмыг баримтлах, иргэд, олон нийтийн жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зэрэг асуудлуудын талаар эмэгтэйчүүд хөндөн ярилцаж байлаа. 

Мөн эмэгтэйчүүдийн төлөөллийн квотыг хэрэгжүүлэх үйл явцад хяналт тавих, цаашид 30 хувийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх, улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, эмэгтэй улс төрчдийг бэлтгэх үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх  шаардлагатай байгаа юм.

Судалгаагаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төр иргэдэд илүү нээлттэй болж, асуудалд илүү ойр, ээлтэй шийдвэр гаргадаг гэж үздэг.

 Мөн парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурдаг дүр зураг ажиглагддаг нь эмэгтэйчүүдийг илүү итгэл даах чадвартай, шударга, олон нийтийн сайн сайхны төлөө чин үнэнчээр ажиллах хандлагатай гэж тодорхойлдог байна.

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь нийгэмд, улс орны хөгжилд олон эерэг үр дагавар бий болгодог.