Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийв.

Тус яамнаас "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд ДЭМБ-д шинэ коронавирусийн 9826 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнөө өглөө мэдээлснээр дээрх тоо 11821-т хүрлээ. Дэгдэлтийн тархалт БНХАУ-д идэвхтэй явагдаж байна. Хамгийн сүүлд Итали улсаас илэрсэн хоёр тохиолдол нь Ухань хотод аялсан хүмүүс байна. Одоогоор халдвар тархах хурд нь 1.4-4.9 байна. Энэ нь халдвартай нэг хүн цааш нь 1-5 хүнд халдвар дамжуулах боломжтой гэсэн үг. Эрсдлийн үнэлгээ дэлхий болон бүсийн хэмжээнд өндөр, БНХАУ-д маш өндөр хэвээр байна.

Шинэ вирус анх бүртгэгдэхдээ хүнээс хүнд халддаггүй, дандаа Ухань хотод байсан хүмүүс халдвар авч байсан. Харин одоо хүнээс хүнд буюу Ухань хотоор аялсан өгүүлэмжтэй хүнээс, мөн хоёр дахь өгүүлэмжтэй хүнээс бусад хүнд ч халдварлаж буй тохиолдлууд бүртгэгдсэн. Энэ нь уг өвчний эсрэг дэлхий нийтээрээ хамтран ажиллах шаардлагатай гэдгийг анхааруулж байна" хэмээн мэдэээллээ.