Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "10 дугаар сарын 19, 20-нд нийт 1995 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Гурван хүнээс коронавирус илэрсэн, бусдаас нь илрээгүй.

Коронавирус илэрсэн хүмүүсийн хоёр нь 10 дугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 40, 46 настай ОХУ-ын иргэн байна. Мөн Сиэтлл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 327 боллоо. Үүнээс 312-ийг буюу 96 хувийг нь эмчилж эдгэрүүлсэн. Эдгэрсэн хүмүүсийн 290-ийнх нь бүх ажиглалт, тандалт дууссан. 9 хүн гэрийн, 5 хүн сувиллын ажиглалтад байна. ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж буй. Тэдний 10 хүний биеийн байдал хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 40 гаруй сая хүн коронавирусээр өвчилж, 30 сая нь эдгэрч, 1.1 сая хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 290 мянга гаруй хүн коронавирусээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.