Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "2020 оны 10 дугаар сарын 21, 22-нд нийт 1053 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Нэг хүнээс коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Коронавирус илэрсэн хүн нь 10 дугаар сарын 20-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 35 настай, эрэгтэй, Монгол иргэн байна. Түүнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээнд оруулсан. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 328 боллоо. Тэдний 312 буюу 95 хувь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 300-гийнх нь ажиглалт, тандалт бүрэн дууссан. 8 хүн гэрийн, 4 хүн сувиллын ажиглалтад байна. ХӨСҮТ-д нийт 16 хүн эмчилгээнд буйгаас 12-ынх нь биеийн байдал хөнгөн, 4 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд нийт 41.1 сая хүн коронавирусээр өвчилж, 31.1 сая хүн эдгэрч, 1.1 сая хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт шинээр 423.000 хүн коронавирусээр өвчилж, 6400 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү