Бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд ханасан өөх тосны хэрэглээ их. Үүнээс үүдэн зүрх судасны өвчин, хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эмгэг, тухайлбал ходоодны хорт хавдар, бусад өвчлөлүүд нэмэгдсээр буй юм. 

Оливын буюу чидун жимсний тос нь ханаагүй өөх тос болох олейны хүчлээр баялаг. Энэхүү ногоон өнгөтэй тос нь тэжээллэг бөгөөд ашигтай тосны хүчлүүдээс гадна Витамин E болон К аминдэм агуулдаг. Антиоксидонт нь биологийн идэвхт бодис бөгөөд энэ нь архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Тэд үрэвсэлтэй тэмцэж, цусан дахь холестриний исэлдлээс хамгаалахад тусалдагаас гадна зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг хамгийн сайн бууруулж чаддаг давуу талтай юм.

Оливын тос үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Эрдэмтэд 3-4 хоолны халбага (50 мл) оливын тосонд агуулагдах олеокантал насанд хүрэгсдэд зориулсан ибупрофенийн 10 хувьтай ижил нөлөө үзүүлдэгийг тогтоожээ. Оливын тосонд агуулагдах гол тосны хүчил болох олейны хүчил нь С-реактив уураг (CRP) зэрэг үрэвслийн чухал маркеруудын түвшинг бууруулж чаддаг, мөн антиоксидантууд нь үрэвслийг өдөөдөг зарим ген, уургийг дарангуйлдаг болохыг ч тогтоожээ. 

Экспертүүдийн тайлбарлаж буйгаар, чидун жимсний тос хурааж авснаас хойш нэг жилийн дотор муудаж, чанараа алддаг тул лонхон дээрх хугацааг сайтар шалгахыг зөвлөж байна. Мөн худалдаж авсан тосоо гэрлээс хамгаалах хэрэгтэйг сануулав. 

ЗЭВЭРДЭГГҮЙ ГАН САВАНД ТОСОО САВЛАЖ, САЙТАР ТАГЛАЖ ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙ

Бид энэ удаа “Зөвлөгөө” буландаа оливын тосыг хэрхэн шинэхэн хэвээр нь хадгалах талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Оливийн тос хүчилтөрөгч, гэрлийн шууд тусгал, халууны нөлөөгөөр исэлдэх урвалд орсноор хуучирч муудан, чанараа алддаг. Тиймээс оливын тосыг зөв хадгалах аргыг мэддэг байх нь чухал ба улмаар сайн чанарын оливын тосыг муудахаас сэргийлж, урт хугацаанд ашиглах боломжтой болно. Тухайн оливын тосны чанар, хэрхэн хийсэн арга технологи зэргээс хамаарч битүү тагласан шилэнд савласан оливын тосыг 3 сараас 2 жил хүртэл хугацаанд хадгалах боломжтой. 

Дэлгүүрт олон үйлдвэрийн олон янзын оливын тос худалдаалагддаг. Шилэн лонхыг онгойлгосноос хойш тосны исэлдэх урвал идэвхитэй явагдаж эхэлснээр муудах үйл явц хурдасдаг. Тиймээс нэгэнт оливын тостой лонхыг онгойлгосон бол сайтар таглаж, гэрэл тусахгүй харанхуй нөхцөлд хадгалах ёстой ба халууны эх үүсвэрээс хол байлгах хэрэгтэй (Тийм ч учраас сайн чанарын оливын тосыг гэрлийн нөлөөнөөс хамгаалах зорилгоор бараан өнгийн шилэнд савладаг). 

Хэдийгээр хөргөгчинд хадгалснаар тосны чанарт нөлөөлөхгүй боловч хөлдөөж, царцаалгүйгээр хэрэглэх нь илүү дээр сонголт болохыг хоол зүйчид зөвлөж байна. Оливын тосыг их хэмжээгээр ашигладаг ресторан, нийтийн хоолны газруудад нэг дор их хэмжээгээр тосыг хадгалах шаардлага тулгарах нь бий. Энэ үед зэвэрдэггүй ган саванд тосыг савлаж, сайтар таглаж хадгалах хэрэгтэй ба өдөрт хэрэглэх хэмжээгээрээ шилэн саванд таслан авч байх нь зүйтэй аж. Ингэснээр тосыг байнга онгойлгохоос сэргийлэх боломжтой. Учир нь тосны савыг онгойлгох бүрт сав руу хүчилтөрөгч орж, тосыг исэлдүүлснээр оливын тосыг эвгүй үнэр, амт, чанар муутай болгодог байна.