Хүний тархи, оюун нь нэг том үйлдвэр л гэсэн үг. Байнгын нэг өгөгдөл эсвэл түүхий эд орж, эцсийн бүтээгдэхүүн болон гарч байдаг. Хүний бие махбод ч ялгаагүй.

Сайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийн эзэд сайн түүхий эд, сайн технологи, сайн шат дамжлага болон менежментийг бүрдүүлдэг. Үүнтэй яг адилаар бидний үйлдэл, өдөр тутмын амьдрал, оюуны бүтээмж нь нэг төрлийн л эцсийн бүтээгдэхүүн. Сайн түүхий эд орвол, сайн л эцсийн бүтээгдэхүүн гарна. Хог ороод байвал хог л гарч ирнэ.

Бидний оюун хэмээх том үйлдвэр лүү хог эсвэл сайн чанарын түүхий эд орж байгаа эсэхийг тогтмол шалгаж, шалгааж байхгүй бол үйлдвэр маань хогийн цэг болж хувирах нь. Толгой доторх хогоо ялгаж, гаргаж хаяхгүй бол шинэ түүхий эд орох зай завсаргүй, үнэр танар ч гэж авах юмгүй болох нь. Юун шинийг бүтээх. Урдахаа нураачихгүй байвал дээдийн заяа.

Тиймээс, хогоо ялгаж гаргахын тулд ямар хог байгааг нь тодорхойлох хэрэгтэй болов уу.

Тархины хог гэснээс тархины хогтойгоо тэмцэх талаар Ж.К. Ровлины Харри Поттер нэртэй зохиол болон киноноос авууштай зүйл их. Тус зохиол нь Харри нэртэй хүү хэрхэн хорвоо ертөнцийн сайн муутай тулгарч, хэрхэн сайнаас мууг ялгах чадварт суралцаж, эцэст нь хэн ч гэсэн сайхан, сэтгэл хангалуун амьдарч болохуйц өөрийн гэсэн дотоод болон гадаад ертөнцийг бий болгож буй тухай өгүүлдэг. Доорх бичвэрт зохиолын тухай өөрийн гаргалгаануудаас хуваалцлаа.

1. Волдемортод сайн сайхан амьдрал, гэрэлт ирээдүйгээ даатгасан Харри Поттер үнэхээр сайхан амьдрах боломжтой

Харри Поттерын номыг уншиж, киног нь үзээгүй залуу үеийнхэн ховор байх. Волдеморт болон түүний дагалдагч нар гэж сүрхий феодалжсан, зэрэг зиндаа тогтоосон, цус нусаар нь ялгаварласан, бусдыг хог шиг дорд үзсэн айхавтар нөхдүүд байдаг. Харин Харри Поттер болон түүний нөхдүүд сайн сайхан амьдрахыг л хүссэн.

Гэвч Харри Поттер Волдемортын өмнө очоод бид зүгээр сайхан амьдармаар байна шүү дээ, та нар зүгээр л ажлаа л хий л дээ гэж гуйсан уу? Хэрэв Харри Поттер тэгж гуйсан бол юу болох байсан бол? Волдеморт чи ажлаа хий л дээ.

Волдеморт өөрийн ертөнцдөө хийдэг ажлаа хийгээд л, Харри Поттер бас өөрийн ертөнцдөө сайхан ажиллаж амьдраад л байх байсан болов уу? Тийм хар цагаан нь төгс хуваагдсан ертөнц байдаг юм болов уу?

Авада кадабра. Волдемортын сайн хийдэг нь авада кдабра шүү дээ.

Энэ айхтар хар хүч хаанаас гараад ирэв?


2. Хар цагаан хоёр үргэлж тусдаа ертөнцөд байдаг

Харри Поттер зохиолын нэг гол зангилаа нь Волдемортын долоон амьны нэг нь тэр өөрөө. Юу гэсэн үг вэ гэхээр Волдемортыг устгахын тулд эхлээд өөр дотор орших волдемортыг устгах. Волдеморт бидний худал хуурмаг, хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, айдаг түгшүүр зэрэг сөрөг бүхнийг төлөөлдөг.

Яг үнэндээ бидний сэтгэл дотор дан ганц Харри Поттер байхгүй. Волдеморт яг тэнцүүхэн, зэрэгцээд оршин байгаа. Аливаа нэг өдөр энэ хоёр дүр ээлжлээд тайзыг эзэлж байдаг. Волдемортын нөхдүүд бидний доторх волдемортыг онилж, есөн жорын цуурхал, зар сурталчилгаа, үзэл суртал явуулдаг.

Тиймээс Волдемортын хүчинд автахгүйн тулд өөрийн доторх волдемортоо сайн чагнаж, харилцан ярилцаж, ойлгож байх нь Волдемортын нэг амийг устгах арга болохыг зохиолын олон хэсгээс харж болно. Хар цагаан хоёрын дунд саарал гэж том орон зай бий.

Тэр орон зай маш том, гүн бас өргөн учир хүнийг өнгөцхөн ярьсан, барьсан, өмссөн, жолоодсоноор нь дүгнэх, магтах, муулах нь Волдемортын хүчинд зүтгэж байгаагаас өөрцгүй. Волдемортын нөхдүүд ч бас тансаг саваа, хувцас хэрэглээд л явж байдаг.


3. Тэгш эрх, тэгш боломж, эрх чөлөө чинь зөвхөн миний гадна оршин байна

Харри Поттерынхон сайхан амьдарна гэдгээр яг юуг хэлсэн юм бол?

Волдемортынхон дээгүүр эсвэл доогуур нь алан хядлага, айлган сүрдүүлэг, хулгай дээрмээ хийж байх хооронд аль завсар нь Харри Поттер болон түүний нөхөд сайхан амьдралаа цогцлоох юм бол?

Волдеморт болон түүний нөхөд хамаг сайхан өрмийг нь хамж идээд, Харри Поттерынхон хусмаг зэрэгхэн идээд л явж байя аа гэсэн үг үү? Хусмаг амттай ч өрөмтэй харьцуулахын аргагүй.

Дээр нь Волдеморт чинь долоон амьтай. Нэгийг нь ялахад, дахиад зургаа байгаа. Ромыг нэг өдөрт байгуулчхаагүй шиг Волдеморт бас нэг шөнө л гараад ирсэн юм биш. Нэгэнт л бүгд нэгэн тэнгэрийн доор амьдарч байгаа учраас Харригийн төсөөлсөн сайн сайхан амьдрал Волдемортынхтой харшиж л таараа. Харри, Дамблдор нар муутай зохицож амьдаръя гэсэн бол тэд өөрсдөө муугаас өөрцгүй л болох байсан биз.

Харри тэд эсрэг талаасаа дан ганц эрх чөлөөтэй амьдрах биш тэгш эрх, тэгш боломжтой амьдрахыг шаардсан. Дан ганц амьдрах эрх чөлөө ч биш, бизнес, санхүү, эдийн засаг, соёлын эрх чөлөө. Ер нь байдаг бүх эрх чөлөө. Харри Волдемортоор яаж амьдрах, ямарт салбарт ажиллах, ямар бизнес эрхлэх, хэнтэй амьдрах зэргээ заалгуулж, боолгуулж, дасан зохицож амьдрахыг хүссэн юм болов уу?

Гадаад ертөнцийн Волдеморт нь бидний дотоод ертөнцийн волдемортын толин тусгал. Өөрийн дотоод волдемортод ялагдсан хүмүүс өөрийгөө түүний зарц боол шиг үзнэ. Бусад хүнийг бол бүр ч авч хэлэлцэхгүй. Волдеморт шиг дээрэнгүй, нударга ба хөмсөг зангидсан нөхөр гарч ирээд дотоод зөрчлийг нь шийдэж өгөхийг хүснэ. Гаднаа дарангуйлагчийг үзэн ядаж, дотроо өөрийгөө дарангуйлах нь юу вэ?

Харин Харри өөрөө өөртэйгөө учирлаж ярьсан. Өөрөө өөртөө боломж олгосон. Өөрийн дотор эрх чөлөө, тэгш эрхийг бий болгосон. Хайрыг бий болгосон. Өөрийгөө хог шиг үзэхээ больсон. Өөрийгөө дарангуйлахаа зогсоосон. Ингэсэн байхад Волдемортод ямар шаанс байна вэ?


4. Гоё сайхан үгс ярьсан хүн гоё сайхан, эерэг энергитэй хүн байдаг

Орчин цагийн авада кадабра нь молги үмхүүлэх, зальдах, аргалах гэх мэт олон хэлбэртэй болсныг хэлэх үү Харри Поттерынхон эсрэг шившлэгээ сайн мэдээгүй байсан бол тэдний сайхан амьдрах мөрөөдөл төвөгтэй болох байсан. Зохиолын гол дүр нь Харри биш Волдеморт байх байсан биз.

Волдемортынхон хүний сэтгэлийг хөдөлгөж, удирдаж, зүрхний мяндсыг нь ятга шиг дарж чаддаг. Дээр нь тэд 1000 хэлбэрт, төлөвт хувирч чадах учир Харри Поттерынхон хүч хэрэглэх гэхээс илүү харилцан ярилцах нь зохиолд элбэг гардаг. Хэрмони тэр логикыг гайхалтай төлөөлсөн.

Харилцан ярилцахад “ Учир”(Reason), “Учирлах” (Reasoning), шүүмж (critical thinking) зэрэг оюун чадварууд чухал үүрэгтэй. Харри хар хүчинд автахгүйн тулд байнга л өөртэйгөө болон нөхөдтэйгөө ярилцаж, харилцан учирлаж байсан. Дотоод зөрчилтэй үе нь олон байсан.

Харилцан учирлах нь заримдаа үнэнийг хатуу, шууд хэлэх зэрэг тавгүй сэтгэгдэл төрүүлэх боловч эцэстээ хүчирхэг оюуны суурийг бий болгодог ажээ. Хоншоортой эрчүүд, бүсгүйчүүд ингэж л төрдөг байх.

Тиймээс Волдеморт ямар ч сайн сайхан, тренд болсон үгээр өөрийн үнэн төрхийг нуухыг оролдсон ч Харри түүнийг нь ялган таньж, жигшиж чаддаг. Үнэн үг хатуу ч явдалд тустай, сайн эм гашуун ч өвчинд тустай.


5. Хайрын тухай

Тус зохиолын бас нэг гол сэдэв нь хайр. Эцэг эхийн хайр. Анд нөхрийн хайр. Ахан дүүсийн хайр. Хайр нь нэг нэгэндээ үнэн байхаас эхэлдэг. Үнэн байхын тулд хэлэлцэж, ярилцдаг. Үнэнийг ярилцах, мэдэх нь олон тохиолдолд маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Үнэнийг хэлсэн нөхрөө үзэн ядах нь ч элбэг.

Волдемортыг устгахын тулд өөрийгөө золиослох ёстой гэсэн үнэнг мэдсэн Харрид амар байгаагүй. Тэр Дамблдорыг, эргэн тойрныхныгоо үзэн ядаж, эсрэг талд урваж болох л байсан. Гэвч хайр түүнийг өөрийн зорилгодоо, анд нөхөддөө үнэнч, жанжин шугамаасаа хазайхгүй бат бэх зогсох хүч болсон. Хайр нь худал хуурмаг, дотоод волдемортдоо ялагдахгүй байх нэгэн чухал хүчин зүйл байжээ. Хайр байгаа газар харилцан яриа, учирлах, үнэн зорилго, алсын хараа зэрэг амьдралын Алтангадас од оршин байх боломжтой. Хайр үнэхээр байгаа бол гаднаа ч, дотроо ч илэрхийлэгдэх хэрэгтэй ажээ. Харин Волдемортод юу байгаа вэ? Хэрүүл тэмцэл, талцал, атаа жөтөө. Атгаг хүсэл. Устгал, сүйрэл.

Олон Монгол залуус эх орноосоо дайжиж, дүрвэж байна гэнэ. Монголоор дүүрэн Волдеморт байхад, Монголоор дүүрэн өөрийгөө дарладаг, үнэгүйтүүлдэг волдемортууд байхад аргагүй биз.

Гагцхүү, өөрийн дотоод волдемортод ялагдаж, зугатааж байгаа бол хаана ч очсон өөрийгөө дарласан, өөрийгөө хог шиг болгосон хэвээр байх болов уу. Бидний дотоод волдеморт гадаад ертөнцийн Волдемортыг бүтээдэг.

Харин гадагш гарахдаа Харри Поттер шиг дэлхий ертөнцийн сайн муутай танилцаж, өөрийн дотоод ертөнцийг нээж, ойлгож, ярилцаж, хайраар хөглөгдөж чадвал Волдемортод ямар шаанс байна вэ?

            Б. Мөнхбат