Д.Отгонбаатар: Туулга бол өвчнийг хурааж, биеэс нэг мөр зайлуулдаг эмчилгээ

Хүдэрчулууны Хулан
10 сарын 01, 2025

Peak.mn: Уламжлалт анагаах ухааны арилгах буюу туулга эмчилгээг “Цөс угаах” гэсэн нэршил рүү оруулж ирсэн нь энэхүү өргөн хэмжээний томоохон эмчилгээний мөн чанарыг гуйвуулах, олон нийтэийн дунд дутуу ойлголт төрүүлэх хандлагатай байна. Оточ Манрамба Их Сургуулийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Д.Отгонбаатартай энэ сэдвээр ярилцсанаа хүргэе!


-Сүүлийн үед сошиал орчинд эмч болон эмч биш хүмүүс цөсний туулгын талаар нэлээдгүй сурталчилж байгаа нь харагдаж байна. Цөс угаах гэдэг энэ ойлголтыг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг юм бол?

-Хамгийн түрүүнд “Цөс угаах” гэсэн энэ нэршлийг авч үзэх шаардлага үүсэж байгаа юм. Уламжлалт анагаах ухааны хэллэгээр энэ бол цөс угаалт биш харин туулга эмчилгээ. Тухайн өвчин биеийн завсрын хэсэгт байна уу, эсвэл доод биед үү, дээд биед үү, саванд шунасан юм уу, цулд шунасан юм уу гэдгийг нь эхлээд оншилно. Ингээд өвчнийг нь аль ойр байгаа хэсэгт нь хураах, ялгах, боловсруулах гэх мэт аргаар бэлтгэл эмчилгээг нарийн төлөвлөж хийсний дараа биеэс нэг мөр зайлуулдаг эмчилгээ.


-Бид ихээхэн буруу ойлголттой явдаг юм байна. Хүмүүс шууд аптекаас нэг бэлдмэл аваад л гэрийн нөхцөлд ч хамаагүй угаачихдаг шүү дээ?

-Үе шаттай, цогц эмчилгээ хийх ёстой гэсэн үг. Таны яриад байгаа шиг гэрийн нөхцөлд дур мэдэж, эсвэл мэргэжлийн бус хүмүүсийн өөрийн трушлагадаа тулгуурлан зааварчилгаа өгч байгаа, “Цөс угаах” гэсэн тэр ойлголт нь үнэндээ гэдэс, ходоод цэвэрлэгээ төдий л зүйл байж болно. Гэтэл уламжлалт анагаах ухааны туулга эмчилгээ нь дээр дурьдсанчлан маш өргөн хүрээтэй. Наанадаж долоо хоног бэлтгэл хийх шаардлагатай. Бүр хагас сар, бүтэн сарын бэлтгэл эмчилгээнүүд ч бий. 


-Туулгын найрлаганд ямар эм тангууд ордог юм бол?

-Мэдээж, туулгын үндсэн найрлагууд гэж бий.  Түүн дээр нэмээд яг ямар өвчинд туулгах гэж байна гэдгээс нь хамаараад 30-40 төрлийн хачир, бусад жолоодлогын эмүүдийг хэрэглэдэг. 


-Туулга эмчилгээгээр хэчнээн төрлийн ямар, ямар өвчнийг үр дүнтэй эмчилдэг вэ?

Уушги, зүрх, толгой, эмэгтэйчүүд, бөөр гэх мэт олон төрлийн өвчнийг туулгаар эмчлэх боломжтой. Тийнхүү доошоо туулгаж байгаа эмчилгээ нь хүний толгойд ирж нөлөөлж байна гэхээр түүнийг эмчилж буй эмүүдийн хоршил, бусад үйлчилгээ, өмнөх бэлтгэл эмчилгээнүүд нь бүгд хоорондоо холбоотой, системтэй байдаг томоохон эмчилгээний төрөл зүйл юм. 

Шар ус, шар, цус гурваас голлон үүсэлтэй буюу хэрх, тулайн үед туулга эмчилгээ маш өндөр үр дүнтэй байдаг. Мөн харшилт өвчлөлүүд, арьсны тууралтат өвчлөлүүдэд туулга эмчилгээ өндөр үр дүнтэй байдаг.


-Тэгвэл, цөс, элгэнд төдийлөн нөлөөлөхгүй гэж ойлгож болох уу? 

-Мэдээж, хоол боловсруулах эрхтэн системд голлон үйлчлэх нь тодорхой. Цөсний өтгөрөл байвал тэр нь туулгаараа гарна, тэр замд нь элэг ч цэвэршинэ. Энэ бол туулга эмчилгээний хамгийн анхдагч үйлдэл. Үүнийгээ дагаад бодисын солилцоог эрчимжүүлж, тунгалаг тамирыг нөхөн төлжүүлж, хир, цөвийг биеэс гадагшлуулахад чухал нөлөө үзүүлнэ. 


-Бэлтгэл эмчилгээ гэхээр ихэвчлэн ямар эмчилгээ байдаг вэ. Хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр эмчлүүлэх гэж байгаа хүнээсээ шаарддаг юм бол?

-Бэлтгэл шатанд суурь өвчин рүү хандсан эмчилгээнүүдийг зайлшгүй хийх шаардлагатай. Наанадаж хоногийн хугцааанд суурь өвчин рүү нь чиглэсэн эм уулгадаг. Нөгөө талаар туулга, угаалга эмчилгээ гэдэг тухайн хүнийхээ биеийн тамир, тэнхээтэй ихээхэн уялддаг, ширүүн эмчилгээ. Тиймээс тухайн хүнийг эхлээд тамиржуулах ёстой. 


-Яаж тэр вэ?

-Хоол хүнсээр нь тамиржуулна. Иллэг, бариа, төөнүүр өөр бусад эмчилгээний төрөл зүйлүүдийг ашиглана. Эмчлүүлэгчийн биеийн байдлыг нөхөн сэргээж, эмчилгээндээ бэлдэх ёстой.  


-Туулга эмчилгээг эмч нар намрын улиралд илүү тохиромжтой гэж зөвлөдөг юм байна? 

-Намар хуурай, нарны элч ихэсдэг учраас тослог улирал гэж үздэг. Үүнийгээ дагаад бидний дотоод халуун мөн чанарын хүч энерги маань дээд цэгтээ хүртэл арвиддаг. Үүнээс үүдэлтэйгээр хоёрдогч өвчин эмгэг болохоос урьдчилан сэргийлэх байдлаар туулга эмчилгээг хийдэг юм. 

Энэ улирлын нөлөөгөөр элэг цөсний халуун, нойр булчирхайн үрэвслүүд үүсэх эрсдэлтэй. Ингээд муу цус үүсч, бусад эрхтэн системд нөлөөлөн хурц үрэвсэлт өвчлөлүүдийг бий болгох гол үндэс нь тавигдаж байдаг.

Тиймээс эрүүл хүн ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар туулга эмчилгээг намрын улиралдаа болж өгвөл заавал нэг хийлгэж байх хэрэгтэй. Ингэснээр жилийн турш хураагдсан хор, бусад цус, шарын гэмээс үүдэлтэйгээр биед үүсэх гэж байсан өвчний суурийг туулгаж эмчилнэ. 

Тиймээс намрын улирал илүүтэйгээр туулга эмчилгээнд тохиромжтой гэж зөвлөөд байгаа юм.


-Туулга эмчилгээг мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмч хүнээр хийлгэх нь маш чухал юм байна. Гэтэл эмч биш хүний заавраар энэ эмчилгээг хийлгэх нь ямар сөрөг үр дагавартай байж болох вэ?

-Тэдгээр хүний хийж байгаа эмчилгээг харахаар улирлын байдал болон тухайн хүнийхээ биеийн байдал, суурь байдлыг үл хамаарч байна. Дээр дурдсанчлан тухайн хүнийг урьдчилж оношлох ёстой.  Туулга эмчилгээ хийлгэж болохгүй, эсрэг заалт олон бий. Үүнийг үл харгалзаж, зөвхөн бэлхүүсээр тураах, эсвэл  жинг нь хасуулах зорилгоор ходоод гэдэсний цэвэрлэгээ байдлаар хийгээд байна. 

Уламжлалт анагаах ухааны эмч нар өвлийн улиралд жишээлбэл туулга хийдэггүй шүү дээ. Хүний биеийн дотоод хүч энерги болох галын ил илч буюу хоол шингээх хүчээ хүн өвлийн улиралдаа хуримтлуулж, түүнийгээ алдахаас урьдчилан сэргийлж байх ёстой. Харин туулга эмчилгээ сэрүүн мөн чанартай. 

Зүгээр л нэг шинэ жилд орохын тулд турах зорилгоор туулгачихаар халуун мөн чанартай тэр хүч, энергиэ алдчихаж байгаа юм.

Ингээд эсрэгээрээ ходоодны хоолны шингээлтийн хүч буурах, дотор хаван үүсэх, тамир тэнхээ доройтох гээд тухайн үед мэдэгдэхгүй ч гэсэн энэ нь даамжирсаар хоёрдогч, гуравдагч өвчлөлийн үндсийг тавьчихдаг. Тэр нь хавраас эсвэл зунаас илрээд, дараагийн өвчлөлүүд нь бий болоод ирдэг талтай. 


-Туулга эмчилгээний дараа хүний биед үр дүн нь хэдий хугацаанд илрэх вэ?

-Тэр дороо илэрч эхэлнэ. Шууд л бие хөнгөрнө, царай зүс тунгалагжаад ирнэ. Ходоодны шингээлтийн хүч сайжирч, ядрахаа болино. 

Туулга эмчилгээ зөвхөн өвчин гэхээсээ илүү биед байгаа бусад хор хордлого юу  байсан, тэр бүгдийг нь зайлуулчихдаг учир бие хөнгөрч,  тэр дороо  эмчилгээний үр дүн илэрдэг.


-Туулга эмчилгээ хийлгэсний дараа юунд анхаарах вэ?

- Ходоодныгалын элчээ бол сайхан дэмжих хэрэгтэй. Хэт сэрүүн хоол хүнснээс татгалзаж, бүлээн ус, буцалсан халуун ус, бурам зөгийн балтай ус уух нь тохиромжтой. Хөнгөн бөгөөд шингэхэд хялбар унд хэрэглэнэ. Түүнчлэн намрын улиралд аль болох мах, хүнд тослог хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. 


-Туулга эмчилгээг зориулалтын бусаар, мэргэжлийн бус хүнээр тохиромжгүй цаг үед хийлгэснээс болоод ямар сөрөг үр дагавар гардаг вэ? 

- Дээр дурьдсанчлан туулга бол маш ширүүн эмчилгээ. Тэгэхээр туулгыг ширүүдүүлэх эсвэл дутуудуулах гэх мэт асуудлаас үүсээд нэгдүгээрт, уруу арилгагч хийн хямралууд явна. Уруу арилгагч хийн хямралаас үүдэлтэйгээ дээшээ амь баригч гээд бусад хий хямарна. Ингэснээр зүрх судас, амьсгалын тогтолцооны эрхтэн системийн хямрал, толгойн өвдөлт, хэвлий дүүрэх, хоолны шингэлт муудах, хавагнах, арьс салстын үрэвсэлт тууралтууд бий олох зэрэг олон хүндрэл илэрдэг.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.