Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 30, 2025
Анхны хүүхдээ сургуульд оруулж буй залуу гэр бүлүүд хүүхдээсээ ч илүү догдолж хөөрдөг ч хүүхдээ хэрхэн урамшуулж, итгэл өгч, багштайгаа зөв харилцахаа төдийлөн мэддэггүй. Иймээс Нийслэлийн 21 дүгээр сургууль анх удаа хүүхдээ сургуульд оруулж буй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, сургалтыг зохиодог туршлагатай.
Тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэхүү арга хэмжээ нь хүүхэдтэйгээ өдөр тутмын жижиг зүйлээс эхлэн хэрхэн эерэгээр харилцах, даалгавар хийхээс гадна сэтгэл хөдлөл, хэл ярианы хөгжлийг нь дэмжих, зөв дадал хэвшлийг багаас нь төлөвшүүлэхэд чиглэжээ. Бид энэ удаа тус сургуулийн багш, зөвлөхүүдээс хүүхдийн сурлагын амжилт, сэтгэл зүйн дархлааг эцэг эхчүүд хэрхэн хамтдаа бий болгох талаар тодрууллаа.
Ч.Чулуунчимэг: Хүүхдийн үгэнд итгэхгүй байх нь сурах хүслийг мохоодог
/21-р сургуулийн 1ё ангийн багш /
Хүүхдийг бусдаас ялгаруулж, онц болгох хүсэл эцэг эхчүүд, томчуудад байдаг. Гэхдээ бага ангид хамгийн гол нь тогтмол хичээлээ хийдэг, цаг хугацаанд нь даалгавраа хийдэг, зөв дадал хэвшилтэй болгоход анхаарах хэрэгтэй.
1- 2 дугаар ангидаа, оройтлоо гэхэд 3 дугаар ангидаа сурах арга барилаа олчихсон байхад цаашдаа санаа зоволтгүй. Багшаар эсвэл өөр хэн нэгнээр шаардуулахгүйгээр өөрийн ухамсраар суралцах чадамжтай болдог гэсэн үг.
Бага ангийн багш нарын зүгээс эцэг эх, асран хамгаалагч нараа хамтарч ажиллая, ойлголтоо нэгтгэе гэж уриалдгийн учир энэ.
#Дандаа дэм өгөх үг хэрэглэ
Гэрийн даалгавар хийх аргачлалын талаар хүүхэд “Багш ингэсэн юм аа гээд очдог байхгүй юу.” Даанч томчууд ихэнхдээ хүүхдэдээ итгэдэггүй. Үгэнд нь итгэхгүй болохоор хүүхдийн хүсэл, сонирхол бага багаар мохдог.
Эцэг эхчүүдийн хувьд даалгаврыг нь хийлгэж байхдаа “Багш нь тэгж хэлсэн юм уу”, “ Тэгвэл хоёулаа яг ингээд хийчихье” гэх байдлаар дандаа дэм өгсөн, урам хайрласан үг хэлж, хамтарч хийх, ярилцах нь чухал.
#Ярилцдаг хүүхэд өөрийгөө илэрхийлж, үгийн баялаг сантай болдог
Сүүлийн үед хүүхдүүд төдийлөн ярьдаггүй болчхоод байна. Хэл ярианы хөгжлийн хувьд хоцрогдолтой байхаас гадна, сониучирхаж юм асуух, өөртөө тохиолдсон юмыг сонирхуулж ярихгүй байгаа юм.
Хэдхэн жилийн өмнөх хүүхдүүд анги дээр ирээд гэртээ болсон юмаа, гэртээ очоод анги дахь зүйлсээ гээд их юм ярьдаг байсан шүү дээ. Одоо энэ нь харьцангүй багассан.
Үүний гол шалтгаан нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярихгүй байгаатай холбоотой болов уу. “Би ажилтай байна, чи энийг авчих” гээд хүүхдээ саатуулаад орхичихдог болж. Харилцаа байхгүй болсноос яваандаа хүүхдүүд сэтгэл хөдлөлгүй болоод үгийн баялаг нь ч хомс байгаа нь ажиглагдаж байна.
Хүүхдүүдийг “өөрийгөө илэрхийлж сур” гэж хэлээд байгаа боловч үнэндээ эцэг эхчүүдийн хийх ажил шүү дээ. Бүр бага наснаас нь гоё болсон юмыг нь “Өө ямар гоё юм” гэж урамшуулж, бүтэлргүйтэж асуудал гарсан бол “Яана аа, тэгсэн юм уу”, “Миний хүү найздаа очоод тэгж хэлээрэй”, “ Хамаагүй тэгж болохгүй шүү” гэх байдлаар дандаа сэтгэл хөөрөл, мэдрэмжийг нь яриулсан, дэмжсэн байдлаар яриарай.
Б.Намуун: Эцэг эхийн хүлээцтэй хандлага хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлнэ
(21-р сургуулийн сэтгэл зүйч)
Нэгдүгээр ангийн сурагчид сургуульдаа дасан зохицох хугацаа 1-3 сар байдаг. Гэтэл энэ үед нь эцэг эхчүүд маань “Яагаад одоо хүртэл номоо цэгцэлж сураагүй юм”, “Яагаад гутлаа өөрөө үдэж сурахгүй байгаа юм” гэх мэт хүлээцгүй ханддаг тал бий. Үүний оронд хамгийн эхэнд өөрөө хүлээцтэй байж, эерэг үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.
Жишээлбэл хүүхэд гутлаа үдэж чадахгүй байлаа гэхэд “Хурдал”, “Би үдээд өгье” гэхийн оронд “Ээж нь, аав нь чамайг хүлээж байя. Миний хүүхэд чадна. Хоёулаа чамайг дуусахаар гэр рүүгээ, сургууль руугаа явъя” гэдэг байдлаар хандаад үзээрэй.
Ингэх үед хүүхэд илүү тайван дөлгөөн болж, өөртөө итгэлтэй байдал суухын зэрэгцээ бие даах чадварт суралцаж байдаг.
5-7 насны хүүхдүүд нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь 10-15 минут байдаг.
Томчуудын хувьд хүүхдээ нэг цаг бүтэн суулгаж, нэг дор бүх даалгаврыг нь хийлгэхийг боддог. Тэгвэл даалгавраа хийж эхлэхдээ цаг харж байгаад 10-15 минут болоход түр амрааж хэвших нь чухал.
Түр завсарлахдаа суудлаасаа босоод үсрэх, гарын сарвууны дасгал хийх зэргээр хөнгөн хөдөлгөөн хийгээрэй. Хамгийн тохиромжтой нь гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгал хийвэл үр дүнтэй. Гарын жижиг булчингууд сайн хөгжсөнөөр хүүхэд баллахгүй, цэгцтэй бичих, бичих хурдад нь эергээр нөлөөлдөг.
Ж.Гантуяа: Эцэг эх, багш, сургуулийн зөв ойлголцол сургалтын үр дүнг ахиулдаг
/21-р сургуулийн сургалтын менежер/
Хүүхдээ анх сургуульд оруулж буй залуу эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллах арга барил, сургуультай харилцах туршлага дутмаг байгааг анзаарсан.
Тиймээс бид эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн. Чиглүүлэх сургалтын дараа олон эцэг эх “Даалгавар хийгээгүй гээд хүүхдээ загнахын оронд бага зэрэг амрааж байхад болох юм байна. Энэ үед нь би ажлын төлөвлөлтөө зөв хийх хэрэгтэй юм байна” гэж ойлгож эхэлсэн нь том өөрчлөлт болсон.
Ийм сургалт, зөвлөгөө нь их үр дүнтэй байдаг. Учир нь эцэг эх багштайгаа зөв харьцаж, хүүхэдтэйгээ зөв харьцаж, сургууль болон удирдлагатайгаа ч харилцан хүндэтгэлтэй болдог.
Ер нь бага ангийн суурь боловсролыг сайн тавьж өгөх ёстой. Тэгж чадвал хүүхэд анги ахих тусам улам сайжирч хөгждөг.
Бага ангийн хүүхдүүдэд сурах арга барил, зөв дадал төлөвшүүлэхийн тулд эцэг эх, багшийн уялдаа холбоотой хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. Тиймээс сургуулиуд энэ мэт сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж, эцэг эхийн оролцоог дэмжвэл хүүхдийн хөгжилд бодитой үр дүн авчирдаг
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.