Монголын анхны ногоон барилга ХААН Банк цамхагт юу болдог гээч?

“Wow” гэж дуу алдмаар сонирхолтой шийдлүүдээс нь бусад байгууллага, хамт олон үлгэрлэн дуурайгаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Тиймээс энэхүү мэдээллийг уншигч тантай хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь. Тухайлбал, оффисоос гардаг хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт өгч, заримыг нь бүтээгдэхүүн болгон буцааж авч байгууллагынхаа хэрэгцээнд ашигладаг газар Монголд тийм ч олон биш.

ХААН Банк Монгол Улсын эдийн засагт, басхүү улсынхаа хөгжилд түүчээлэгч томоохон аж ахуйн нэгж төдийгүй Тогтвортой хөгжлийн чиглэлээр ч мөн манлайлагч байгууллага юм. 2020 оноос Тогтвортой хөгжлийн бодлоготой болсон ХААН Банкны хамт олон байгаль орчинд ээлтэй олон шийдлийг үйл ажиллагааныхаа алхам бүрд төдийгүй ажилтнуудынхаа дадал зуршил, ажлын талбарт нэвтрүүлсээр явна.

Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт энэ удаагийн "Миний 17" буландаа Монголын анхны ногоон барилга болох ХААН Банк цамхгийг онцолж байна.


Манай ажилтнуудын хэрэглэсэн кофены шаар мөөгний бордоо болдог

ХААН Банкны Өмчийн харилцааны газрын захирал О.Тэмүүлэн:

“ХААН Банк цамхаг” Америкт төвтэй Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс олгодог “LEED’ гэрчилгээний “Gold’ ангиллын болзлыг хангаж, Монголын анхны ногоон барилга болсон. Ногоон оффистой байснаараа үйл ажиллагааны буюу эрчим хүч, ус, дулааны зардлаа бид 30-35 хувиар хэмнэдэг. Манай банкны Улаанбаатар хот дахь бүх салбар нэгж болон төв оффисууд найман байгууллагатай долоон төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах чиглэлд хамтран ажиллаж байна. Жишээлбэл, хуванцар сав, шил, лааз, хүнсний хог хаягдал тэр дундаа хаягдал тосыг дахин боловсруулж байна. 2025 оны эхний хагас жилийн хугацаанд бид 1,4 тонн хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрт өгөөд байна.

Ажилтнууд маань цайны өрөөндөө хог хаягдлаа ангилж хаядаг соёлыг хэвшүүлчихсэн. Кофе чанаж уусныхаа дараа шаарыг нь давхар бүрд байрлуулсан зориулалтын саванд хийчихдэг. Үйлчилгээний ажилтнууд маань түүнийг нь нийлүүлээд долоо хоногтоо нэг удаа “Мөөжиг Органик Мөөг” компанид хүргүүлдэг. 

“Мөөжиг Органик Мөөг” компанийнхан тэрхүү кофены шаарыг бордоо болгоод хүнсний зориулалттай төрөл бүрийн мөөгийг тарьж ургуулаад худалдаалдаг. 

Оффисоос ихээр ялгардаг бас нэг хог хаягдал болох хэрэглэсэн батарейг мөн л давхар бүрд батарей цуглуулах хайрцагт хийдэг. Дүүрмэгц нь хаягдал батарей болон аккумляторыг зориулалтынх нь дагуу дахин боловсруулдаг “Түмэн эгшиг” ХХК-д тушаадаг.

Түүнчлэн хэрэггүй болсон хаягдал цаасаа цаас устгагчдаа хийгээд хэрчигдсэн цааснуудыг мөн цуглуулж байгаад "Түмэн шувуут" ХК-д хүргүүлж, тэр нь өндөгний сетка болон дахин ашиглагддаг. 

Ажилтнуудынхаа цайны газарт бид мөн хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн. 

Хоол хүнснээс гарсан хаягдал тосыг "Сайн саван" үйлдвэрт өгснөөр түүнийгээ 10 литр тос тутамд нэг ширхэг эдийн саван болгож авдаг. Үүнийгээ төв оффисынхоо цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглаж байна.

ХААН Банк төв оффис болон хуучин төв оффис (Хүүхдийн 100-д байрлах Сөүл оффис)-тоо ногоон барилгын шийдлийг нэвтрүүлээд зогсохгүй салбар нэгжүүд, ялангуяа орон нутаг дахь тооцооны төвийн барилгууддаа сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг сүүлийн гурван жил амжилттай нэвтрүүлж байна.

Орон нутагт байдаг зарим жижиг нэгж маань эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь нарны панелаас хангадаг. Эрчим хүч болон ус, дулааны зардлаа ийм байдлаар хэмнэх нь байгалийн шавхагдах нөөцөөс цахилгаан эрчим хүч гаргаж буй явдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг мөн бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Энэ мэтчилэн бид томоосоо жижиг хүртлээ бүхий л үе шатанд Тогтвортой хөгжлийн зорилго зорилтуудыг биелүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.


Ногоон зээлийн 52,6 хувийг ХААН Банк дангаар бүрдүүлдэг

ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх:

Тогтвортой хөгжил олон улсад өндрийг авсан сэдэв болчихлоо. Бизнесүүд цаашдаа урт хугацаандаа, амжилттайгаар оршин тогтноё гэвэл Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулах үйл ажиллагааг дэмжих нь зайлшгүй шаардлага болсон.

Бидний хувьд санхүүжилт, санхүүгийн хөшүүрэг, зээл, хөрөнгө оруулалтаараа дамжуулаад улс орны эдийн засгийг, нийт ард иргэдийнхээ хэрэглээ, ойлголтыг “ногооруулах” тал дээр оролцоотой ажилладаг. Тухайлбал, олон улсаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг бид ногоон зээл болгон харилцагчдадаа олгож байна. Томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхдээ тухайн төсөл байгаль орчинд хэр ээлтэй байх вэ гэдэг талаас нь шалгуур үзүүлэлтүүд тавьж, санхүүжүүлж буй. Өнгөрсөн онд бид 712 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон нь нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52,6 хувийг дангаар бүрдүүлсэн.

Нөгөө талаас Монгол Улсын эдийн засагт болон улсынхаа хөгжилд түүчээлэгч томоохон аж ахуйн нэгжийн хувьд бид Тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлж, өөрсдөө туршиж үзээд, суралцаад, бусад бизнесүүдэд ч үлгэрлэн, хамтдаа өсөж хөгжихөөр зорьж байна.

2020 оноос ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, мөрдөж ирсэн. Тэр хүрээндээ өөрсдийн үйл ажиллагаанаас ялгардаг хүлэмжийн хийг бууруулах тодорхой стратеги, зорилттой болсон. Хэрхэн уур амьсгалын эрсдэлийг удирдах вэ гэдэг төлөвлөгөөтэй болж байна. Ажилтнуудаа хэрхэн сэтгэл ханамжтай, үр ашигтай ажиллуулах вэ гэдэг талаас хүний эрх, тэгш эрхийн бодлогууд, мөн ил тод тайлагнах, бизнесээ шударга явуулах гэх зэрэг олон зарчмыг том зургаар нь харж, стратегийн түвшинд тогтвортой хөгжлийг голлох чиглэлээ болгоод ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.