Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 25, 2025
“Би нэг удаа” булангийнхаа энэ удаагийн дугаарт У.Даваадоржийг урилаа. Тэрбээр, 11 жилийн өмнө мотоциклын осолд орж, хүнд бэртэл авсны улмаас хөдөлмөрийн чадамжаа алджээ. Гэсэн ч тэр бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж зорьсон амьдралаа бүтээж яваа нэгэн.
Тэрбээр зам талбай, гудамж, барилга байгууламжаа ээлтэй, хүртээмжтэй болгож чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэнээс ч хараат бус, өөрсдийгөө аваад явах боломжтой гэдгийг бусдад ойлгуулахыг хүсдэг. Түүний хувьд өдгөө “Хаан банк”-нд зээлийн мэргэжилтнээр гурав дахь жилдээ ажиллаж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Сумынхандаа нөлөөлж, ХБИ-г харах өнцгийг өөрчилж чадсан
Би Өвөрхангайн Бат-Өлзий суманд төрж өссөн. Арван жилээ төгсөөд хот газар бараадаж ажиллаж амьдрахаар Улаанбаатарт ирсэн юм. Гэвч осолд орсны дараагаар эцэг эхээрээ асруулахаас өөр аргагүйд хүрч сумандаа буцаж ирсэн.
Бие минь мэдээгүй болсон учраас 100 хувь хүнээс хараат болсон байв. Энэ үед хүн үнэхээр өөртөө урам хугарч, сэтгэлээр унадаг юм байна лээ. Хэдэн сар өнгөрсний дараа тэргэнцэр ашиглаж сурч, хүнтэй хамт ойр зуур явдаг болов. Гэвч хүмүүс “Эвэртэй туулай үзсэн мэт” ширтэцгээдэг байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ) орон нутагт олноор амьдардаг ч гэрээсээ гарах дургүй байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Олон нийтийн арга хэмжээнд оролцох дургүй, хүмүүстэй харилцахаас ч зайлсхийдэг. Учир нь надад ирсэн тэр дарамтыг мэдрэхээс айсандаа гэртээ бүгдэг гэдгийг тэгж мэдсэн юм.
Ингэж яваад нэг өдөр би үүргэвчээ шүүрч гэрээсээ гараад тэргэнцэртэйгээ сумаа тойрохоор зориглосон юм. Гэтэл “Чи энд юу хийж яваа юм”, “Май, энэ мөнгийг аваад гэртээ харь” гэж хэлэх нь тэр. Би тэдгээр үгсийг олон сонссон ч бууж өгч байгаагүй, жил гаруйн хугацаанд сумаа өдөр бүр нэг удаа тойрдог байлаа. Гол нь би хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай ижилхэн гэдгийг ойлгуулахыг хүссэн юм.
Нэг өдөр явж байтал орох гээд чадахгүй үүднээс нь буцдаг байсан цайны газар налуу замтай болчихсон байсан. Намайг ороход ямар ч асуудалгүй болгоод өгчихсөн. Өдөр бүр орох гээд чадахгүй буцдаг байсан хүн чинь хагартлаа баярлаж байгаа юм чинь. Ингээд орж хоол захиалж идчихээд үргэлжлүүлээд сумаа тойрч байсан.
Үүнээс хойш хэд хэдэн байгууллага, дэлгүүр налуу замтай болж байсан санагдаж байна. Намайг харах хүмүүсийн хандлага ч өөрчлөгдсөн. Зарим нь таньдаг болчихсон “Сайн уу” гээд мэндэлдэг, ирээд "Миний дүү мундаг шүү" гээд урам өгдөг болсон. Миний үйлдэл бага багаар хүмүүст хүрч, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ийм зүйл хэрэгтэй юм байна, хүртээмжтэй болгочихвол хэний ч тусламжгүйгээр өөрийгөө аваад явчихдаг юм байна гэдгийг манай сумынхан мэддэг болсон.
ХБИ нарт хэрхэн туслахаа мэдэхгүй байгаа бол...
Би нэг удаа гудамжинд явж байтал нэг эрэгтэй ирж кармагаа ухаж байснаа 2000 төгрөг өгөөд “Миний дүү энэ мөнгөөр такси бариад гэртээ харьчих” гэсэн юм. Тэр үед би гайхаж, “Ах аа би та нартай адил гадуур явж, гэрээсээ ажил руугаа саадгүй зорчдог баймаар байна шүү дээ” гэж хэлж байсан юм. Тэгэхэд тэр хүн гэнэт ухаарсан бололтой “Нээрэн тийм шүү. Ахын дүү зоригтой байна, хичээгээрэй" гээд амжилт хүсээд явж байсан.
Гадуур явж байхад заримдаа хүмүүс шууд л мөнгө өгч, эд материаллаг зүйлсээр хангах гээд байдаг. Хэрэв та хэрхэн туслахаа мэдэхгүй бол... Хотын төвөөс бусад газар тэргэнцэртэй хүн байтугай явган хүн явахад ч зам хэцүү байдаг шүү дээ. Бартаа саад их байдаг. Тэр үед багахан дэмнээд, туслаад өгөхөд л болно. Харааны бэрхшээлтэй хүн автобусны буудал дээр явах чиглэлээ мэдэхгүй байвал хэлээд өгдөг, налуу замгүй албан байгууллага, үйлчилгээний газарт тэргэнцэртэй хүнийг өргөөд өгдөг байхад л тэр том тус юм. Тэрнээс биш мөнгө, сайхан хувцас хунар авахыг бид хүсдэггүй.
Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж тусдаа ойлголт байхгүйг санаж, бидэнд тэгш боломж олговол хэнээс ч илүүтэйгээр өөрийгөө дайчилж чаддаг гэдгийг ойлгодог байгаасай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.