Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс халамжийн тэтгэврийн 4 төрлийг цахимжуулж, www.ehalamj.mn системд орууллаа.
Тодруулбал,
- Нийгмийн халамжийн сангаас олгодог Ахмад настны тэтгэвэр,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
- Одой иргэнд олгох тэтгэвэр,
- Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо.
Өмнө нь буюу өнгөрсөн оны 8 дугаар сараас "Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг уг цахим системд бүртгэж эхэлсэн.
Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.
Өнөөдөр нэмж буй 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn системээр дамжуулан олгоно.
www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой.