Өнгөрсөн онд  Берлин хотноо “Хүртээмжтэй болгох дэлхийн удирдагчдын эвсэл” байгуулагдаж манай улс нэгдэн орсон.

Ингэснээр дэлхийн 148 орны 30 мянган сургуульд хэрэгждэг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм. 

Гурван жилийн хугацаанд үргэлжилж, жил бүр 30 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр холбогдох талууд анхны уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтад ХНХЯ-ны Э.Ганхүү, ЗГХЭГ-ын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг, БШУЯ, Хөгжлийн бэрхүээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд оролцож хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 

Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, цаашид үр дүнтэй тогтвортой хэрэгжилтийг хариуцах салбар дундын ажлын хэсгийг ХНХ-ын сайдын тушаалаар байгуулж ажиллуулах, 2024 оны төсөвт тусгасан хэмжээгээр санхүүжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.