Танд хэрэгтэй: Нийгмийн даатгалтай холбоотой хэрэгтэй бүхнийг эндээс

Б.Баясгалан
12 сарын 04, 2018

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалтай холбоотой иргэдээс ирүүлдэг түгээмэл асуултуудад хариулт өгчээ. Тэдгээрээс түүвэрлэн хүргэж байна.

-Ажиллаж байсан байгууллагын буруугаас болж нийгмийн даатгалын дэвтэрт 3 жил бөглөгдөөгүй, одоо нөхөн төлөх боломжтой юу

-Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан ажил олгогчоос ажилтны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан байдаг. 

Хэрэв ажилтанг ажилд орсон өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон бол албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна. 

Иймд та хуучин ажиллаж байсан байгууллагадаа хандан нийгмийн даатгалын дэвтрээ бичүүлэх, баталгаажуулж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг эс биелүүлвэл холбогдох хяналт, шалгалтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

-Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

-Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн улсын эмнэлэг буцаан олгох үүрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

-ЭМД-д даатгуулсан даатгуулагч та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг юм. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Түүнчлэн даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас  жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар болох 2,0 сая төгрөг хүртэл хэмжээний эмчилгээ, тусламж үйлчилгээний санхүүжилт авах эрхтэй гэсэн үг. Таны авсан эмчилгээ, тусламж үйлчилгээний зардлын төлбөр энэхүү зардлаас хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлөх учиртай.

-Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах вэ?

-Оюутан хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахын тулд өөрийн оршин суугаа дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ болон хамрагдах  хугацааг тодорхой тусган баталгаажуулж, улмаар өөрийн мэдүүлсэн орлогоосоо 12 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус тус хамрагдана гэсэн үг юм. 

-Манай байгууллага улирлын чанартай ажил үйлчилгээ явуулдаг болохоор жилдээ 8-9 сар л ажилладаг. Тиймээс ажилгүй байх хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох уу?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан.

Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ (11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын санд сар бүр төлж, тайлагнах үүрэгтэй. Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуу  санд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалд  давхар даатгуулах шаардлагагүй болно.

-Хүүхдээ асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг хаанаас ямар журмаар төлөх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3-ын 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувиар тооцож сар бүр Нийгмийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан байдаг. Тиймээс хүүхдээ асрахаар чөлөө авсан бол чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй.


-Байгууллагын үйл ажиллагаа сул зогсож байгаа үед ажиллагсдыг ажлаас нь халах тохиолдол их гарах боллоо. Энэ тохиолдолд ажлаас халагдсан иргэнд ажилгүйдлийн тэтгэмж олдох уу?  

-Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв тухайн ажилтны буруутай биш шалтгаанаар сул зогсолт хийсэн бол уг хугацаанд байгууллага нь ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувь түүнээс дээш хэмжээний олговор олгоно. Ажилтнуудад энэхүү хугацаанд олгож буй олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Иймд байгууллагаас олгож буй сул зогсолтын үеийн олговроос шимтгэлээ төлж байгаад ажлаасаа халагдсан ажилтнууд нь Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан бол ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

-Ажлаасаа 6 сарын цалингүй чөлөө авсан юм. Энэхүү чөлөөтэй байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдаж болох уу?

-Болно. Энэ тохиолдолд даатгуулагч өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээ тасалдуулахгүйн тулд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу сараас эхлэн оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулан хамрагдах боломжтой.

-Сайн дурын даатгалд даатгуулснаар ямар төрлийн даатгалд хамрагдах вэ?

-Тэтгэврийн даатгал (10%), Тэтгэмжийн даатгал (1.0%), Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал (1.0%) тус тус даатгуулна. Сайн дурын даатгалыг нэг жилийн хугацаатай гэрээ байгуулах боломжтой ба 3 удаа сунгаж болно.

-Сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ хэд байгаа вэ? Хэрхэн тооцож, хаана төлөх вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.2-т сайн дураар даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 12 хувиас багагүй байхаар тогтоосон бөгөөд тэтгэврийн, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдахаар зохицуулсан болно. Энэ заалтын дагуу та одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240000 төгрөгнөөс эхлэн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 2400000 төгрөг хүртэл хэмжээнд шимтгэл төлөх орлогоо тодорхойлоод түүнээсээ 12 хувиар тооцон шимтгэлээ төлж нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

-Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу?

-Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Харин аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгосон эмийн сангаар үйлчлүүлсэн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.


Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Холбоотой сэдвүүд

нийгмийн даатгал хнхя асуулт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.