Ядуурал гэдэг бол дан ганц орлогын хэмжээ, санхүүгийн давуу бус байдлаас хамаарах зүйл биш юм. Энэ нь хүний санаа бодол хийгээд сэтгэл зовнилын хувьд ч яригдах асуудал.

Мөн хувь хүний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжид ч нөлөөлж байдагтай холбоотой. Ядуу, дутуу амьдралаар амьдарч байгаа хүмүүс машид хязгаарлагдсан боломжоор хангагддаг. Ингэснээр тэдний хувьд маш их стресс үүсэж, нийгмээсээ дарамт мэдэрдэг байна. 

Хөрөнгөлөг хүмүүс ядуу хүмүүсийг залхуу гэж тодорхойлох нь элбэг бөгөөд уг бодлоосоо үүдэн хөрөнгө чинээ, боломж бага хүмүүсийг өөрсдөөс нь дорд нэгэн гэж харьцдаг учир ядуу хүмүүс өөрсдийг нь хүн гэдгээр нь хүлээн авч, харьцаасай гэсэндээ баян мэт аяглаж, хувцаслахыг хичээдэг байна. 

2009 онд Шанхайд суралцахаар явсан нэгэн европ оюутныг тэндэхийн дэд бүтцийн асуудал бус хүмүүсийнх нь бардамнал, баярхал нүдийг нь орой дээр нь гаргаж байжээ. Залуу охид элдэв брендийн хувцас өмсөж, ногоон хаш бугуйвч зүүж, эрчүүд нь нь муухан оромж руугаа төмөр нь гялалзсан скүүтэр хөлөглөн харихыг үзсэн аж. Энэ тухайгаа тэр хэрэв тэднийг баячуудын дүүрэгт харсан бол тэнд л амьдардаг хүмүүс л гэж бодохоор байсан гэнэ.

Хятадын орчин үеийн нийгэм бол дэлхийн хамгийн хэрэглээ өндөртэй, өнгөний нийгэм юм. Тэрбээр европт хүмүүс барьсан утсаараа онгирч явахыг үзээгүй ч Хятадад бараг хүн бүр л iPhone барьсныг хараад ихэд гайхсан гэдэг. 

Тэр байдлыг үзсэн ямар ч гаднын хүнд нэгэн асуулт ургах ньЭцэг, хүү, ач гээд гурван үеэрээ нэг жижигхэн өрөөнд цуг амьдарч байгаа тэд яагаад мөнгөө хадгалж, амьдрах нөхцөлөө сайжруулахын оронд илүү том зурагт эсхүл мэс ажилбарт мөнгөө зарцуулдаг юм бол?” гэсэн асуулт юм. 

Тэгвэл Харвардын профессор үүнийг тайлбарлахдаа, “Чи бид хоёр нэг газар ажилладаг байлаа гэж бодъё. Маш завгүй ажиллаад залхахдаа бид амралтаа авч болно, тийм биз? Гэвч хүн ядуурлаас амралт авч болдоггүй. Зүгээр л хүссэн, шантарсан үедээ “Мөнгөнд санаа зовсоор бүр залхчихлаа байна. Би хэдэн хоног баян амьдралаар амьдарчхаад ирье” гээд явчхаж болохгүй. Энэ нөхцөлд хүмүүсийн санхүүгийн асуудалдаа зовох нь улам даамжирч, нийгмээс нь ирэх дорд үзэх хандлагыг мартагнахын тулд өөрсдийн хувьд ямар ч бодлогогүй шийдвэрүүдийг гаргах нь ажиглагддаг. Хэрэв том зурагт авснаар тэд өөрсдийн асуудал, бодит амьдралаа бага ч атугай мартагнаж байвал, тэдний мөнгөө юунд зарцуулах нь өөрсдийнх нь хэрэг гэж хэлэх байлтай.

Гэсэн ч Хятадад ядуурлаа халхлах үзэгдэл илүү өөр хэмжээст хүрсэн нь элит ангийнхны шүүмж, хүнийг хараад дүгнэх дүгнэлтээс хамааралтай ажээ. Алслагдмал мужаас хотод ирэх охид болоод зарим нэг хөрөнгөтөн ангийн хүүхнүүд гээд бүгд л өөрсдийгөө цайруулах тосонд живүүлж байх бөгөөд яагаад тэгж байгааг нь асуувал шаазан шиг цагаан арьстай байх нь тэднийг ядуу дорой гэж харах өнцгийг өөрчилж, харагдах байдлын хувьд илүү язгууртан анги руу дөхүүлдэг гэнэ. Мөн маш олон хүүхнүүд боломжийн цалинтай ажилд орох гэж гоо сайхны мэс засалд зориулан мөнгө хадгалах нь энгийн үзэгдэл.


Алслагдмал мужаас ирсэн хүмүүс хотынхны дундаас илтээр ялгарах тул тэдэнтэй таагүй харьцах хүмүүс их байдаг учир тэд өөрсдийн намтар түүх, хаанаас ирсэн хэн болохоо мэдэгдүүлэхгүйг хичээхдээ үнэтэй, брендийн хувцсаар халхавч хийдэг ажээ. Хятадын хамгийн ядуу хотхоны гадаа ч үнэтэй герман машинууд эгнэж байхыг үзвэл гайхах зүйлгүй. Энэ нь сэтгэл эмзэглүүлэм хэдий ч хятадын бодит төрх юм. Хүн хэрвээ нийгмээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл өмсөх хувцас, эдлэх хэрэглэлдээ ч тодорхой хэмжээний мөнгө зарах хэрэгтэй гэж тогтсон өнгөний үзэл. 


Гэхдээ энэ өнгийн үзэл зөвхөн Хятадад ажиглагдаад байдаггүй юм. Энэтхэг л гэхэд залуучууд дэлгүүр явахыг нэгэн төрлийн эрх ямба гэж тооцдог бөгөөд юу ч авахгүй байсан ч хамаагүй дэлгүүр явж, гялалзаж гялтганасан орчинд үнэгүй агааржуулагчид ойр явахыг илүүд үздэг байна. Мексикт ч хүмүүс үнэтэй машин, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн авах гэж зээл авах нь элбэг үзэгдэл. 

Гэвч хүмүүс зээл бол хөрөнгө чинээ бага хүмүүсийн хамгийн том дайсан гэдгийг ойлгох завдалгүй нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ мэт мунхаглалын эзэн болдог юм. 

Магадгүй энэ бүхний бурууг элит ангийнхны үнэлэлт дүгнэлттэй холбож болох ч хүмүүсийн мэдлэг боловсролын асуудал ч хөндөгдөх нь зайлшгүй хэрэг. Тиймээс материаллаг хэрэглээний хувьд хөрөнгөлөг харагдах гэж хичээхийн оронд өөрт үнэхээр хэрэгтэй, хэрэгцээтэй эд хийгээд тэвчиж болох зарлагаа ялгаж салгаж, оюун ухаан хийгээд сэтгэлийн хувьд хэний ч дор орохгүй байхыг эрмэлзэх нь нэн чухал билээ.


Эх сурвалж: Development Roast