Өөрийгөө бүтээх? эсвэл Өөрийгөө таних? Өөрийгөө олох? Аль нь чухал вэ, яагаад?

Peak.mn
03 сарын 12, 2024

Эхний хүн:

“Хүн өөрийгөө олно гээд явбал бүтэхгүй л дээ. Тэгж битгий цаг үр. Хүн өөрийгөө олдоггүй юм. Харин бүтээдэг юм.” гэж боддог хүн байна.

Хоёр дахь хүн:

“Өөрийгөө хэзээ ч битгий ол, харин эрээд л бай” #гэнээ

Гурав дахь хүн:

“Өөрийгөө таньж мэдэх нь хамгийн том боловсрол юм” гэнэ.

Аль нь тэгээд илүү чухал вэ? Аль нь үнэн бэ? гэдгийг би өөрийн туршлагаараа ойлгосон өөрийнхөө өнцгөөр тайлбарлая. Авах гээхийн ухаанаар хандаарай.

Сүүлийн үед ингэж л бодох боллоо. 

Юу гэхээр:

Хүн өөрийгөө танихгүйгээр өөрийгөө олох боломжгүй юм байна. Өөрийгөө олохгүйгээр өөрийгөө бүтээж бүр ч болохгүй юм байна.

Яагаад гэхээр:

Өөрийгөө таних гэдэг зүйл өөрөө асар өргөн хүрээний ойлголт юм байна. Би хэдэн давхаргад хувааж үзэв.

Өнгөн давхаргатаа: Өөрийгөө танина гэдэг нь юунд илүү дуртай дургүй, сонирхолтой, сонирхолгүй, юунаас баяр баясал мэдэрдэг, юу таныг унагаж, сэтгэлийг хямрааж эсвэл баясгаж байгааг ойлгох явдал юм.

Жишээ нь: Би ганцаараа бодох дуртай, бүжиглэх сонирхолтой, ном унших дургүй, найзуудтай уулзахаараа баяр баясал авдаг. Ээжийн шүүмж намайг унагаж, сэтгэл хямраадаг, би үнэнч эсвэл худалч гэх мэт…

Дунд давхаргатаа: Ямар ур чадвар, өгөгдөл байгаа байхгүй тухайгаа мэдэх. Ингэхийн тулд бид янз бүрийн тест бөглөөд байдаг. MBTI, Систем вектор, Архтепийн тест, Saboteur-ийн тест болон одон орон, зурхай гээд л ….

Жишээ нь: INTJ, Introvert, Controller, Hyper Achievder, People pleaser, Баатар Архитеп, Ихрийн орд гэх мэт….(Өөрийгөө дээрх бүгдээр define хийгээд тодорхойлчихвол маш toxic, аюултай. Учир нь дээрх бүгд бол чи биш бөгөөд чамайг өнөөг хүртэл бүтээсэн дүр, хүнд харагддаг personality юм. 

Уг суурь үндэс нь янз бүрийн траумнаас үүдэлтэй, түүнийг даван туулах явцдаа олсон буруу итгэл үнэмшил, байж болдог ба сэтгэлийн шархаа эдгээсний дараа дээрх бүхэн өөрчлөгдөх бүрэн боломжтой байдаг гэдгийг ойлгох, анзаарах)

Гүн давхаргатаа: Өөрийн мэдрэмжийг таних. Өөрийн айдас гомдол, үзэн ядалт, уур, түгшүүр, дотоод зөрчил, буруу харилцаа, өөрийн зовоод байгаа, яг одоо аз жаргалтай биш байгаа шалтгаануудаа олж мэдэх. Дотоод шүүмжээ, дотоод дуу хоолойгоо олж сонсох. Нэг үгээр хэлбэл өөрийн траума, сэтгэлийн шархаа таних. Түүнтэй холбоотой үүссэн өөрийн personality-г ойлгох. 

Жишээ нь: Би яагаад уурлахаараа ойлголцохын оронд дуугаа хураадаг, би яагаад өөрийгөө байнга шүүмжилдэг, би яагаад хүүхэдтэйгээ муухай харилцчихаад дараа нь гэмшдэг, би яагаад бууж өгөх дургүй, би яагаад дандаа буулт хийдэг эсвэл хэзээ ч буулт хийж чаддаггүй, би яагаад дургүй хэр нь бусдад За гэж хэлдэг зэрэг…. олон янзын personality байж болно.

Өөрийгөө аажмаар гүн давхрага хүртлээ таних үед хүнд төрдөг ухаарал нь “Ааан, би өөрийгөө угаасаа л тийм гэж бодоод байсан үгүй байж, энэ бүхэн миний өссөн орчин, гэр бүл, эцэг эх, бага насанд тохиолдсон үйл явдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч түүнийг даван туулахын тулд (тархи амьд үлдэхийн тулд) өөртөө бүтээсэн ДҮР юм байна гэдгийг харж ухамсарлах. Тэрхүү дүрдээ хэт итгээд “Би угаасаа л муухай ааштай, би угаасаа өөрийгөө умартан бусдад туслаж кайф авдаг, би угаасаа л ийм тийм” гээд хайрцагт орж тэрэндээ чихэлдэж, багтаж амьдарч байгаагаа анзаарах юм болов уу.

Зарим нь хохирогчийн дүрд, зарим нь шүүмжлэгчийн дүрд, зарим нь дарангуйлагчийн дүрд, зарим нь хэт завгүй байгч дүрд, зарим нь хэт зугтаагчийн дүрд, хэт амжилтанд хүрэгчийн дүрд, хэт сайн охин эсвэл хүүгийн дүрд гэх мэт… Нэг л өдөр тэр ядарч туйлдаж, цөхрөнө. Учир нь дүрд хүчээр тоглож байгаа учраас… жинхэнэ чи биш учраас юм байна гэдгийг ойлгох…

Эцэст нь үлдэх ганц асуулт нь “Тэгвэл жинхэнэ (authentic) БИ гэж хэн бэ?”

Энэ асуултанд хариулах нь өөрийн мөн чанарыг таньж түүгээрээ эрх чөлөөтэй амьдрах тухай юм. Энэ асуултанд хариулах нь цаашид юу хийж бүтээж амьдрах ёстойгоо, яах гэж төрснөө ойлгох явдал юм. Энэ асуултанд хариулах нь бүх хүч чадал чиний дотор байгаа бөгөөд чи өөрийгөө хүссэнээрээ бүтээж чадна гэдэгт бүрэн итгэж тийнхүү жинхнээсээ амьдарч эхлэх тухай юм. Үүнд чамд хэний ч хүлээн зөвшөөрөл хэрэггүй билээ.

Тиймээс эртний Румийн сургаалд:

Өчигдөр би ухаантай байлаа, тиймээс би дэлхийг өөрчлөхийг хүсч байлаа өнөөдөр би илүү мэргэн болсон тул өөрийгөө өөрчилж байна.” гэж гардаг.

Энэ бол өөрийгөө таньсан хүний амнаас гарах үг юм. Өөрийгөө өөрчлөхийн өмнө өөрийгөө эхлээд олох, өөрийгөө олохын өмнө өөрийгөө таних хэрэгтэй юм болов уу гэж би итгэдэг болсон. Учир нь энэ л замаар туучиж, бүдчиж явна.

Тэгэхээр өөрийгөө таних аялалд нь амжилт хүсье.

Өөрийгөө танихгүйгээр өөрийгөө бүтээнэ гэдэг Өөрийн одоо бүтээсэн хуурамч дүр дээрээ нэмж улам бүр тавилттай жүжиг тоглохыг хэлэх юм болов уу даа… Удаан тийм явахаар, эцэст нь ядарч, цөхөрч, гомдоод л дуусна. Хэнд ч юм бусдад, юунд ч юм амьдралд…

Хугацаа орноо… Яаралтгүй цагаа гаргаад өөрийгөө танихыг хүсье. Илүү хөнгөн, илүү зовлон багатай, илүү аз жаргалтай амьдрахын төлөө өөрийгөө таньцгаая гэж хэлмээр санагдах.

Авах гээхийн ухаанаар хандаарай. Миний хувийн л туршлага, үзэл бодол болохоор буруу зөрүү ойлгоод явж байгаа зүйл бас байгаа л байх. Тиймд дор сэтгэгдлээ үлдээж ойлгуулж, ухамсарлуулж өгөөрэй.


Л.Золзаяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.