Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 27, 2025
Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн асан, өдгөө Системийн инженерчлэлийн институтын тэргүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа. Энэ удаа бид уул уурхайн салбарын бодит өгөөж, олон нийтийн дунд түгсэн буруу ойлголт, улмаар баялгийн бодлогын ач холбогдлын талаар нээлттэй хөөрөлдлөө.
-Хүн төрөлхтөн яагаад уул уурхайн үйлдвэрлэл эрхлээд байдаг юм бэ. Уул уурхайн үйлдвэрлэлээс нийгэмд өгч буй өгөөжийг юугаар хэмжих ёстой вэ?
Та бидний өдөр тутмын амьдралыг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Халбага, сэрээ, хутга, цаашлаад эмэгтэйчүүдийн ээмэг, бөгж, уруулын будаг гээд хүн бүрд байдаг биет бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангах бүхий л түүхий эдийг газрын хэвлийгээс авч байна шүү дээ. Бидний сайн мэдэх нүүрс гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр гэдгийг хүн бүр мэднэ. Нэг автомашин үйлдвэрлэхэд 20 мянга гаруй эд анги, нэг орон сууц барихад 5 000 гаруй эд анги, бараа ордог гэсэн. Эдгээр зүйлсийг газрын хэвлийгээс л олборлож байж бүтээдэг. Ийм л учраас уул уурхайн үйлдвэрлэл аль ч улс оронд хэрэгтэй байдаг.
Үүнээс гадна уул уурхайн үйлдвэрийг барих, бүтээх, ажиллуулах үйл ажиллагаа нь өөрөө нийгэм, эдийн засгийн маш олон эерэг үр дагавруудыг бий болгодог. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг арвижуулах гээд олон төрлийн давуу байдлыг үүсгэдэг. Тэгэхээр уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь маш олон оролцогчтой, бас маш нарийн төвөгтэй, үр дагавар, нөлөөлөл нь олон янзаар илэрдэг ажээ. Ийм нөлөөллийг цогцоор нь шинжилж танин мэдэх хэрэгтэй.
Харамсалтай нь манайхан хуучин уламжлалт сэтгэлгээний загварт баригдаад зөвхөн улсын төсөвт оруулдаг орлогоор уул уурхайн салбарын ач холбогдол, нөлөөллийг төсөөлөөд байдаг.
-Уул уурхайн үйлдвэрлэлээс үүсэж, бусад салбар руу давлагаалж тархдаг эерэг нөлөөллийн нэн чухал ач холбогдолтой зүй тогтол байдаг. Үүнийг маш энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Энэ нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт огцом идэвхжилтийг бий болгодог үзэгдэл юм. Жишээлбэл, шинэ уурхай ажиллаад эхэлбэл энэ нь худалдаа, тээвэр, эрчим хүч, банк санхүүгийн салбаруудад хүчтэй эрэлт хэрэгцээг бий болгож, идэвхжүүлдэг. Мөн орон нутгийн болон төвлөрсөн төсөвт уул уурхайн салбарын төлсөн татварын орлого нь эдийн засгийг идэвхжүүлэхэд тусалдаг.
Уул уурхайн салбарт шинээр бий болсон нэг ажлын байр нь бусад салбарт 2–3 ажлын байрыг бий болгодог.
Уул уурхайгаас эрчим хүч зэрэг суурь бүтцийн салбарт төлж буй төлбөр нь мөн эрчим хүчний салбараар дамжиж, нийгэм, эдийн засагт асар их өгөөж авчирдаг.
Нарантуул худалдааны төвд жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүн ч, тэтгэвэртээ сууж байгаа ахмад настан, багш, сурагч, эмч нар ч уул уурхайн салбарын өгөөжийг хүртдэггүй хүн манай нийгэмд байхгүй. Тэр байтугай уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийг шүүмжилдэг “ардын баатар”, “эх орончид” хүртэл өгөөжийг нь хүртдэг.
-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг янз бүрээр л ярьдаг болжээ. Энэ салбарт хариуцлагатай алба хашиж байсны хувьд гаднын хөрөнгө оруулалт яагаад зайлшгүй хэрэгтэйг тайлбарлахгүй юу?
-Уул уурхайн үйлдвэрлэлийг эрхлэх нь олон жилийн нөр их хөдөлмөрийг , бас маш их хөрөнгө шаарддаг. Гэтэл манайд хүрзтэй байхад л болно гэх мэтийн хялбаршуулсан төсөөллөөр иргэдийг төөрөгдүүлдэг хүмүүс олон бий. Нөгөө цээжээ дэлддэг баатрууд, хуурамч “эх орончид” шүү дээ.
Бодит амьдрал дээр байдал огт өөр шүү дээ.
♦Жишээлбэл, уул уурхайн салбарт нэг ажлын байрыг бий болгох нь хөнгөн аж үйлдвэрийн салбарынхтай харьцуулахад даруй 4-5 дахин их зардалтай байдаг.
♦Ямар нэг хөнгөн үйлдвэр барих гэж байгаа бол тухайлсан суурин газар, нутагт очоод үйлдвэрээ барьчихна. Тэндээсээ ус, цахилгаанаа авчихна.
♦Гэтэл уул уурхайн салбар хаана ашигт малтмалын нөөц байна, тэнд л уул уурхайн үйлдвэрээ барьдаг, үүнийгээ дагаад дэд бүтцээ бүтээхэд асар их өртөг, зардал шаардагддаг.
Үүнийг санхүүжүүлэх эх үүсвэр манай Засгийн газарт байна уу, бизнесийнхэнд байгаа бил үү. Хэдэн арван сая доллароос авхуулаад хэдэн тэрбум ам.доллараар үйлдвэр болон дэд бүтцийг босгодог шүү дээ.Тийм учраас бид хүссэн ч хүсээгүй ч гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглахаас өөр сонголт алга.
Тэр хөрөнгө оруулалтыг дагаад шинэ технологи, шинэ менежментийн аргууд гээд дагалдах өгөөж их ирнэ. Сүүлийн үед ийм учир шалтгааныг ойлгодог хүмүүс нэмэгдэж байгаад олзуурхдаг.
-Баян хоосны ялгаа нэмэгдээд байна, уул уурхайн бизнес эрхлэгчид байгалийн баялгийг цөлмөөд иргэд ядуураад байна гэж ярьдаг, тайлбарладаг хүмүүс нэлээд байна. Ийм дүгнэлттэй санал нийлэх үү?
-Ийм дүгнэлтийг хийж байгаа хүмүүсийн оюун санааг мөн л нөгөө 1960 оны Үндсэн хуулийн үзэл санаа эзэмдсээр л байгаа хэрэг. Нэг хэсэг иргэд бусдыгаа мөлжих замаар баяждаг гэсэн үзэл баримтлал. Бодит амьдралыг аваад үзвэл ийм үзэл баримтлал худал болох нь нотлогдоно.
Өмнөговь аймагт нүүрс олборлож байгаа иргэн эсвэл компани Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэнийг мөлжиж ядууруулж байгаа мэтээр төсөөлөх гээд оролдъё. Эрүүл саруул ухаанд багтахгүй байгаа биз дээ. Хүмүүсийн амьдрал, ахуй нь хэцүүхэн байгаагийн шалтгаан нь олон янз байна.
Жишээлбэл, боловсролгүй, ур чадваргүй эсвэл танхай, залхуу зан араншинтай бол тэр нь ядуу амьдралыг үүсгэгч үндсэн шалтгаан мөн.
Бүр цаашлаад яривал, чанаргүй боловсролын үйлчилгээ, үрэлгэн эрүүл мэндийн үйлчилгээ, авлигад идэгдсэн төрийн үйлчилгээ, төсвийн хяналтгүй зарлага гээд маш олон хүчин зүйл иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм нарийн төвөгтэй асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа зарим улс төрийн нам, улс төрчид, бүлэглэлүүд өөрсдийнхөө чадваргүй байдал, бүтэлгүйтлээ, алдаагаа, хийсэн хэргээ далдлан нуух, бурууг тохож болох этгээдийг тодруулах зорилгоор худал түүх зохиож түгээгээд байгаа бололтой.
Хэн нэгэн хүн уурлахаараа эсвэл бухимдахаараа түүнийгээ гаргахын тулд зоддог, цойлж өшиглөдөг хиймэл резинэн хүн хийчихсэн байдаг даа.
Тийм хиймэл хүнийг BODY OPPONENT BAG буюу Боб /BOB/ гэж нэрлэдэг юм билээ.
Сүүлийн хэдэн арван жил уул уурхайн үйлдвэрлэлээс орлогоо бүрдүүлдэг, ажлын байр бүтээж, экспортоо нэмж, эдийн засгаа өөд нь татдаг гэдгийг мэдсээр байж улс төрчид, иргэд, ардын баатрууд уурлаж бухимдсан үедээ уул уурхайн салбарыг BOB болгож хайр найргүй балбаж, зодож, хэмхэлдэг болчихлоо.
Гэтэл уул уурхайн салбарынхан бол амь биегүй резинэн тоглоом биш, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхтэй иргэд шүү дээ. Төр гэж байдаг бол Үндсэн хуулийн 19.1 дүгээр заалтаар хүлээдэг "Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах" үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Саяхан гэхэд нэгэн бүсгүйн яриа сошиалд шуугиан тарьсан нь уул уурхайг хэн ч дураараа балбаж болохыг харууллаа шүү дээ. Мөн л ийм жишээ байх нь ээ?
-Чих нь даахгүй шахуу том алтан ээмэг зүүчихсэн, танигдахгүй болтлоо оо энгэсэг нүүрэндээ нялсан нэгэн бүсгүй хүний нүд аманд метал цутгана гээд хээв нэг заналхийлэхийг та бид бүгдээрээ харлаа.
Тэр том алтан ээмэг, түрхсэн оо энгэсэг, хүний нүд аманд цутгана гээд байгаа метал өдөр тутмын амин чухал зүйлүүд бүгд уурхайчин хүний хөдөлмөрөөр бүтдэг.
Эмнэлэг, сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг орлогоо уурхайчдын орлогоос авдаг хэдэн арван төрлийн татвар, хураамж, төлбөрөөс бүрдүүлж байгааг мэддэггүй эсвэл мэдэхийг хүсдэггүй цөөн тооны хутган үймүүлэгчид иргэдийн тархи толгойг эргүүлсээр л байна.
-Бид ер нь уул уурхайгаас хүртсэн бодит өгөөжөө хэмждэг хэмжүүргүй байсаар өнөөг хүрсэн хэрэг үү?
-Салбарын мэргэжлийн хүмүүс бол хэмжээд тайлбарлаад л байгаа. Харамсалтай нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, хэмжүүр, шалгууруудгүй өдийг хүрлээ.
Нөгөө талаар хэмжүүртэй, хэмжүүргүйгээс үл хамааран илт байгаа хэдэн дүгнэлтийг хийж болно. Ерээд онд манай улсын эдийн засаг чинь хүнсний хамгийн наад захын үндсэн хэрэгцээгээ, тухайлбал, мах, сүү, гурил, будааныхаа хэрэгцээг өөрсдөө хангаж чадахгүй болтлоо нурж унасан үе юм. Найман нэрийн гол хүнсний бүтээгдэхүүнээ граммлаж зардаг, тэр нь хүрэлцдэггүй, бараг өлсгөлөн гэдэг аюултай бодитойгоор нүүр тулсан байсан.
Төр, Засгийн газар юун үйлдвэр барихтай манатай, цалин тэтгэврээ цагт нь бүрэн тавьж чаддаггүй, хүн ам нь бараг 100 хувь гуйлгачин, нормчилсон хүнсний бараагаар өдөр хоногийг залгуулдаг байсан. Манай үеийнхэн тийм амьдралыг сайн мэддэг. Тэр хүнд байдлыг давж гарахын тулд тухайн үеийн эрх баригчид гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг л идэвхжүүлэх үзэл баримтлал дээр нэгдэж чадсан юм. Үндэсний аюулгүй байдлын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд ийм үзэл баримтлал нэвт шувт шингэсэн байдаг.
Үүний дараа өнөө хэл ам таталж, янз бүрээр яригдаж шүүмжлүүлээд байгаа 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарсан юм шүү дээ.Үр дүнг өгөөжийг нь улсын төсвийн хэдэн хэмжүүр үзүүлэлтүүдийг ашиглаж хэмжээд дүгнээд хэлчхэж болох юм.
-Харьцуулж болох хамгийн тодорхой тоог дурдвал?
-1996 онд гэхэд улсын төсвийн орлого дөнгөж 270 орчим тэрбум төгрөг байв. Харин 2024 онд төсвийн орлого 27 их наяд төгрөг хүрчээ. 2025 онд улсын төсөв 30 гаруй их наяд болжээ. Бараг 100 дахин өсчихсөн үзүүлэлт байгаа биз.
Ийм их орлогын гуравны нэгийг нь уул уурхайн салбараас шууд болон шууд бусаар, 20 гаруй хувийг уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлдэг бусад салбараас бүрдүүлжээ.
Эдгээр тоо уул уурхайн салбараас нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийн цар хүрээг илтгэж байгаа биз дээ. Ийм цар хүрээтэй өөрчлөлтийг нийгэм, эдийн засагт бий болгох гол хүнд ачааг үүрсэн хүмүүс бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид юм шүү дээ.
Тэд л өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж үйлдвэрүүдийг дэд бүтэцтэй нь барьж байгуулсан.
Ийм хэмжээний хөрөнгө манай эдийн засагт бодитойгоор орж ирсэн гэсэн үг. Төрийн албан хаагчийн цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж бүгд төсвийн орлогоос санхүүжүүлдэг. Эндээс харвал төрийн албан хаагч, багш, эмч, ахмад настан бүрийн сар болгон авдаг тэтгэвэр эсвэл тэтгэмжийн гуравны нэгийг уул уурхайн салбарын шууд орлого бүрдүүлж тэд уул уурхайн салбарын үр шимийг шууд хүртэж байна гэсэн үг.

-Хөрөнгө мөнгөгүй, мэдлэг туршлагагүй хүнд хэцүү үеийг давахын тулд 1994 онд, 1997 онд онд Ашигт малтмалын тухай хуулиудыг баталж гаргаж байж дээ. Яагаад ийм ойр, ойрхон хууль гаргаж байсан юм бол?
-Тийм л дээ. 1990-ээд оны эхэн үеийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн төлөвшилт, гадаад орчныг бүхэлд нь авч үзвээс таны хэлсэн дүр төрх шууд төсөөлөгдөнө.
Нормоор хүнс, бараа тараадаг байсан аргаасаа хувийн хэвшлийнхний буянаар гарч бараа таваар элбэг болсон ч нийгэм эдийн засгийг дорвитой өөрчилж чадах төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөц болон мэдлэг туршлагаар жинхэнээсээ гачигдаж байсан үе шүү дээ. Нөгөө тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан Зөвлөлт Холбоот Улс нь задраад уначихсан, Зүүн Европт байсан социалист гэгддэг улс орнууд нь бүгд нийгмийн тогтолцоо чиг баримжаагаа өөрчлөөд юун Монголтой манатай болчихсон, Хятад улстай хөндий, царцанги харилцаатай байсан үе.
Эрчим хүч, тээвэр доголдож, хүнсний хангамж тасалдаад нийт иргэд маань хүнд бэрх цаг үеийг туулж байсан. Ийм л хүнд үед эдийн засаг нь өөрөө өөрийнхөө амьжиргааг тэтгээд байх чадамжгүй байсан учраас нөгөө хэдэн донор орон, АНУ, Япон, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн удаа дараагийн дэмжлэг, санхүүжилтээр л амь зогоож байв.
Бодит байдал нь ийм байсан учраас улс төрийн намууд ч тэр, төр засгийн байгууллагууд ч тэр нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг эрчимтэй ашиглах, улмаар эдийн засгаа өөд татах гэдэг үзэл баримтлал дээр элдэв зөрчилдөөнгүйгээр санал нэгдэж чадсан гэж үздэг.
Энэ талаар холбогдох бодлогын баримт бичгүүдэд ч тусгасан байдаг. Нөгөө талаар гадаадаас томоохон хөрөнгийг татах зорилт нь заавал харилцан ашигтай байх зарчим дээр л суурилсан байвал бодит ажил хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийг татаж байгаа талд ашигтай байгаад зогсохгүй хөрөнгөө оруулж байгаа талд ч заавал ашигтай байх учиртай гэсэн үг.
Ашигтай байх гэдэг нь оруулсан хөрөнгөө буцааж нөхөх, улмаар нэмж ашиг хүртэхийг хэлж буй.
Энгийнээр хэлбэл, 1 сая төгрөгтэй хүн ийм хэмжээний хөрөнгөө ямар нэгэн зорилгод зарцуулах гэж байгаа бол тэр хүн шийдвэр гаргахаасаа өмнө 1 сая төгрөгөө буцааж нөхөн авах боломж, эрсдэлийг төдийгүй уг хөрөнгийг өсгөж арвижуулах боломжтой юу, баталгаатай юу гэдгийг нэн тэргүүнд судалдаг.
“Хөөрхий, энэ ард түмэн ядарч байна би энэ хөрөнгөө өгчихье” гээд зүгээр өгчихдөг хөрөнгө оруулагч хаана ч байдаггүй юм. Энэ бол зарчим. Ийм учраас л манай тэр үеийн эрх баригчид уул уурхайн салбарыг сонгож гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг сонгож хэрэгжүүлсэн. Тэр бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дардан байгаагүй, алдаа, оноо, бүтэлгүйтэл дундуур туучин байж л хэрэгжүүлсэн. Эхний бодитой алхам бол 1994 оны Ашигт малтмалын тухай хууль байсан. Харамсалтай нь энэхүү хуулийг батлан гаргаснаар хуучин улсын төсвөөр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тогтоосон 3000 гаруй илэрц, нөөцийг ашиглах сонирхолтой хөрөнгө оруулагч нар “шуураад, хуйлраад” ороод ирнэ гэсэн хүлээлт маань талаар болсон.
Тэр хуульд төрийн оролцоо ихтэй зохицуулсан, дэд бүтцийн хөгжил сул, Орос болон Хятадын зах зээлийн хөгжил дорой байсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн юм. Ингээд эдгээр сул талыг нөхөх чадвартай хуулийг боловсруулах хэрэгцээ шаардлагатай тулгарч улмаар энэ зорилтыг 1996 оны сонгуулиар ялсан Ардчилсан эвсэл өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгаснаар 1997 оны Ашигт малтмалын тухай хууль төрсөн түүхтэй.
1997 оны Ашигт малтмалын тухай хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг л идэвхтэй татах замаар эдийн засгаа сэргээх үндсэн зорилготой байсан юм. Ийм бодлогыг хэрэгжүүлэх зорилгоо ч бүрэн биелүүлсэн хууль гэж миний бие хардаг. Ингэж хэлэх үндэслэл бий.
-Ямар үндэслэл байгаа вэ?
-Хуулийн төслийг анх боловсруулж байхдаа манай ажлын хэсгийнхэн энэ хуулийг хэрэгжүүлснээр ойрын ирээдүйд бий болгох үр дүнгийн талаар байнга хэлэлцэж ярилцдаг байлаа. Ийм зорилтот үр дүнгийн нэг нь олон улсын хайгуулын ажилд зарцуулдаг хөрөнгийн 1-хэн хувийг Монголдоо татчих юм сан гэж мөрөөдөж байв.
Гэтэл 2005 онд Канад улсад болсон уул уурхайн том хурал дээр ярьсан олон улсын судалгааны байгууллагын дүнгээс үзэхэд 2004 онд манай улс дэлхийн хэмжээний хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн 4 хувийг татаж чадсан юм. Мөнгөн хэмжүүрээр 250-300 сая ам.доллар татсан хэрэг.
Энэ бол бидний, манай ажлын хэсгийнхний мөрөөдөж зорьж байсан үр дүн бодитой болсон төдийгүй ирээдүйн уул уурхайн төслүүдийн баттай суурийг тавьж чадсаныг илтгэсэн үр дүн болсон. Энэ хуулийг хэрэгжүүлсний үр дүнд л өнөөдрийн өчнөөн олон ажлын байр үүсэж, тэр хэмжээний татварыг төлж буй үйлдвэрүүд бий болжээ. Ийм учраас энэ хууль өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж дүгнэдэг.
-Хуулийг хэрэгжүүлснээр анх удаагаа тусгай зөвшөөрөл олгодог төрийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч нарт төрөөс үзүүлдэг үйлчилгээний хэлбэрт оруулснаар улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулдаг болсон гэж ярьдаг. Энэ талаар танилцуулж болох уу?
-Хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэж бараг түвшин болгонд ярьж ирсэн, одоо ч ярьдаг хэвээрээ. Ингэхдээ татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, тусад нь ихээхэн эрх мэдэлтэй агентлаг байгуулах зэрэг нөгөө л хэдэн “зурагдсан пянз “ гэдэг шиг улиг болсон аргаараа л хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ гэж ярьцгаадаг.
1997 оны хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэнд Засгийн газраас, яамнаас бодлогын чиглэл өгсөн. “Бид олон улсад өрсөлдөж байж хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж чадна. Ийм учраас төр нь тусгай зөвшөөрөл олгоод л орхичихдог биш, харин хууль ёсны эрх ашгийг нь хамгаалдаг төрийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай” гэсэн чиглэлийг өгдөг байсан. Нөгөө талаар төр нь иргэддээ үйлчилдэг байхаар Үндсэн хуулиар тогтоосон зарчим, үзэл баримтлалд нь нийцүүлэх шаардлагыг ч бас тавьж байсан.
Тухайлбал, ...дугаар хорооны иргэн Бат эсвэл Канадаас ирсэн Жон, Хятадаас ирсэн Ли байна уу хамаагүй, бүгдтэй нь ижил тэнцүү нөхцөлтэй төрийн үйлчилгээг үзүүлэх зарчим баримталсан гэсэн үг.
Ийм үйлчилгээг төрийн байгууллага төлбөртэй үзүүлдэг, тэрхүү төлбөрийг төвлөрсөн болон орон нутгийн төсөвт хуваарилдаг зохицуулалтыг 1997 оны хуулиар тогтоосон байсан.
Ингэснээр миний ажиллаж байсан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар 2004 он гэхэд улсын төсөвт оруулдаг орлогынхоо хэмжээгээр улсдаа татвар, гааль хоёрын дараа ордог орлого бүрдүүлэгч агентлаг болсон. Тэр орлогоос нөгөө тэтгэвэр, цалингаа тавих эх үүсвэрийг бүрдүүлж байсан.
Хэрэв төрийн захиргааны байгууллага заасан хугацаанд үйлчилгээгээ үзүүлж чадахгүй бол үйлчилгээний хураамж буцааж өгдөг хариуцлагыг хуульчилсан анхны ба сүүлчийн хууль байлаа. Үүгээрээ ч төрийн үйлчилгээг бодитойгоор хэрэгжүүлж чаддаг хууль байсан гээд байгаа юм.
-Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцдэггүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Үүн дээр хариулт өгөхгүй юу?
-Манай нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулах зорилго, зарчмуудыг тогтоосон албан ёсны, хүн бүр, байгууллага бүр сахиж мөрдөх учиртай шийдэл бол Үндсэн хууль юм.
Манай салбарынхан уул уурхайн тухай ярих болохоор Үндсэн хуулийн ганцхан заалтыг л хамааруулаад байдаг. Уг нь Үндсэн хуульд уул уурхайн салбарт хамаагүй нэг ч заалт, үг үсэг байдаггүй юм шүү дээ. Ялангуяа, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ онцгой хамааралтай. Түүний дотор 14, 16, 17, 18, 19 дүгээр зүйлүүд бол манай нийгмийн харилцааны, түүний дотор уул уурхайн салбарт үүсэж явагддаг харилцааны тулгуур зарчмууд байдаг.
Жишээлбэл, хэн нэгэн иргэн тоосго хийх гээд ямар нэгэн шаврын түүхий эд хайж олборлох бол энэ үйл ажиллагаанд оролцох иргэн, төрийн болон төрийн бус байгууллагууд, бусад иргэдийн эрх, үүргүүдийг дээрх заалтуудаар тодорхойлсон байдаг. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулж гаргахдаа ч бид Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг бүтэн судалж, бүх заалтыг нийцүүлсэн юм.
Тухайлбал, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар иргэн бүр ашигт малтмал хайх, ашиглах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, тэрхүү эрхийг иргэнд хуулиар шууд олгосон байсан. Зарим хүн тийм эрхийг Кадастрын албанаас олгодог байсан мэтээр ойлгож бичээд байдаг нь нэн ташаа ойлголт. Уг хуулиар Кадастрын алба нь тухайн иргэний гаргасан хүсэлт нь хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах, нийцэж байгаа бол улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхэлдэг байсан юм. Манай улсын бүртгэлийн газартай ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг байсан гэж ойлгож болно.
Ийм зохицуулалт нь Үндсэн хуулийн дээр дурдсан зүйлүүдээр тодорхойлсон зарчмуудтай нийцүүлж гаргасан зохицуулалтууд юм. Мөн хуулиар Засгийн газар болон төрийн өмчийн компаниуд нь бусад хуулийн этгээдүүдтэй ижил тэнцүү эрх, үүрэгтэйгээр ашигт малтмал хайх, ашиглах хүсэлт гаргах лицензийг авах боломжтой байсан. Харин 1997-2005 онд Засгийн газар, Төрийн өмчийн хороо, түүнд харьяалагддаг төрийн өмчийн олон компаниас тийм шинэ лиценз авах боломжийг ашиглаагүй.
1997 оны хуулиар иргэн, хуулийн этгээд лиценз авахад хуульд нийцсэн хүсэлтээ гаргахад л хангалттай, тийм хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ямар ч хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээг үзүүлэхээр нарийвчлан тогтоосон байсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар зүйл, төрийн үүргийн тухай 19.1 дүгээр заалттай яв цав нийцүүлсэн зохицуулалт байв.
Ашигт малтмал хайх, ашиглах эрхийнхээ дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө бусад иргэдийн нийтлэг эрх, эрх чөлөөний нэгэн адил Үндсэн хуульд заасан бүх зарчмуудаар хамгаалагдах учиртай. Энэ хамгаалалтыг бид тухайн үеийн хуульдаа иж бүрэн хийж өгсөн. Иймээс ч, одоо ч ач холбогдлоо алдаагүй, тэр хуулийн дагуу лиценз аваад үйл ажиллагаа нь амжилттай явж байгаа өчнөөн олон компани байгаа шүү дээ.
-Тэр үед 10 хоногийн дотор кадастрын алба шийдвэрээ гаргахгүй бол торгуулдаг байсан гэдэг үнэн үү?
-Хуульдаа заачихсан байсан юм шүү дээ. Нөгөө лиценз авах хүсэлт гаргасан газар үйлчилгээний төлбөр гэж төлдөг. Хэрвээ кадастрын алба шийдвэрээ хуулийн дагуу 10 хоногийн дотор хүнд сурталгүйгээр гаргаж өгөхгүй бол хэтрүүлсэн хоног тутамд төлсөн үйлчилгээнийх нь хөлстэй тэнцэхүйц торгуулийг лиценз эзэмшигчид төлдөг байсан.
Ингэж байж төр маань Үндсэн хуулийн 19.1 дээр заасан иргэнийхээ өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргийг нь баталгаажуулж өгч байгаа юм. Болдог бол манай нийгэм эдийн засгийн бүх салбарт төрийн үйлчилгээг ийм л болгомоор байгаа юм.
-Тухайн үед уул уурхайн лицензийг заавал төр эзэмшинэ гэсэн зүйл заалт байсан уу?
-Тийм зүйл 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд ч ерөөсөө байгаагүй юм шүү дээ. Харин байгалийн баялаг төрийн өмчид байна гэдэг Үндсэн хуулийн зарчимд бол бүрэн нийцсэн хууль байсан. 1997 оны хуулиар ямар ч газрын хэвлийн баялгийг хувийн өмчлөлд өгч байгаагүй, 2006 оны хуулиар ч өгч байгаагүй.
Харин 1994, 1997, 2006 оны хуулиудаар төр нь байгалийн баялгаа төлбөртэйгөөр , тодорхой хуульд заасан нөхцөлтэйгөөр иргэн, хуулийн этгээдэд ашиглуулдаг концепцыг хэрэгжүүлдэг. Энгийнээр хэлбэл, төр өөрийнхөө өмчийг төлбөртэйгөөр түрээсээр бусдад ашиглуулж байгаа гэж хэлж болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг маань төр өөрийнхөө өмчийг ашиглуулсны төлөө авч байгаа төлбөр юм.
Байр, орон сууц эсвэл газрыг түрээсээр ашиглуулж байгаатай адилхан зарчим. АМНАТ-аас гадна уурхай болгон газрын төлбөр, усны төлбөр, лицензийн төлбөр гээд бусад байгалийн нөөцийг ашигласны төлбөрүүдийг бусад хуулийн этгээдүүдийн нэгэн адил төлдөг.
-Таныг тухайн үед Ашигт малтмалын газрын дарга байсан учраас давуу эрхээрээ өөртөө лиценз олгосон гэж ярьдаг. Тухайн үед агентлагийн дарга нь лиценз олгох эрх мэдэлтэй байсан юм уу?
-1997 оны хуульд манай өнөөдрийн Монголын бусад хуулиас ялгарах нэг онцлог байдаг. Тэр нь юу гээч.
Тухайн лицензтэй холбоотой үйл ажиллагааг агентлагийн дарга эрхэлдэггүй, оролцдоггүй байхаар зохицуулалттай байсан юм. Үүнийг нь бүр хуульчлаад өгчихсөн. Харин мэргэжсэн үйлчилгээ үзүүлдэг кадастрын алба, түүний дарга лиценз хүссэн өргөдлийг хянаж шийдвэрээ гаргадаг байсан. Ийм зохицуулалт нь манай бусад төрийн байгууллагад нийтлэгээр мөрддөг практик буюу салбарын сайд эсвэл агентлагийн дарга тусгай зөвшөөрлийг олгодог практикаас тэс өөр зохицуулалттай байв. Ийм ч учраас олон хүн агентлагийн дарга лицензийг олгодог гэж ташаа ойлголттой байдаг. Шийдвэр гаргах эрх нь доод түвшиндээ байдаг зохицуулалт нь хяналтын тогтолцоог үр дүнтэй бүрдүүлж ашиглах боломжийг олгодог давуу талтай. Энгийнээр хэлбэл, дарга хүн бусдын гаргасан шийдвэрийг хянах нь өөрийнхөө гаргасан шийдвэрийг хянахаас илүү үр дүнтэй байдаг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, лицензийн хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь ихээхэн мэдээллийн баазтай харилцаж алдаа мадаггүй шийдвэр гаргах нарийн мэргэжлийн ур чадварыг шаарддаг ажил байсан. Мөн хуулиар кадастрын албаны үйл ажиллагааг үйлдлийн хэмжээнд албан тушаалынх нь нэрийг заагаад зохицуулсан байсан учир хэнбугай нь ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй байхаар зохицуулсан байсан. Тэр ч бүү хэл, кадастрын албаны даргын гаргадаг шийдвэрүүдийн хувилбаруудыг хуульд үг үсгээр нь заачихсан, тэрхүү дарга тэдгээр хуульд заасан тэдгээр хувилбаруудаас л аль нэгийг нь сонгож шийдвэрлэдэг зохицуулалттай. Ийм ил тод, нарийн зохицуулалттай хууль өнөөг хүртэл дахиж гараагүй л байгаа.
Энэ хуульд бүх төрлийн лицензийг Кадастрын албаны дарга шийдвэр гаргана гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг. Одоо ч хуулийг нь сөхөөд үзэхэд Агентлагийн дарга ямар ч оролцох боломжгүйгээр хуульчилсныг харж болно. Асуудаг, магадалдаг, шалгадаг тэр байгууллагууд нь асуухаар би энэ хуулийнхаа хүрээнд л ажилласнаа тайлбарлаад явж байна.
-"Стратегийн орд" гэдэг ойлголт яг хэзээ бий болсон бэ. Таныг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхад ийм ойлголт хуульд байсан уу?
-"Стратегийн орд" гэдэг ойлголт 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд анх удаагаа орж ирсэн. Тэр хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтоолыг 2007 онд УИХ-аар баталж гаргасан шүү дээ. "Эдгээр ордыг стратегийн орд гэж тооцно" гэж нэр зааж тогтоосон. Үүнтэй ижил төстэй заалт Ашигт малтмалын тухай "алдарт" 1997 оны хуульд байгаагүй.
1994 оны хуульд бол "Стратегийн ашигт малтмал" гэдэг ойлголт байсан. Би 1997-2005 онд агентлагийн даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үед 2006 онд ямар шинэ хууль, ойлголт гарах талаар урьдчилан мэдэх ямар ч боломжгүй.
Иймээс стратегийн ордтой холбоотой ямар нэг тайлбар өгөх ямар ч үндэслэл, логик надад байхгүй.
-Одоо хэл ам татлаад байгаа Таван толгойн лиценз тойрсон олон янзын явган яриа, хардлага байдаг. Тэр үед чухам юу болсон юм бэ. Австралийн нэгэн том компани тэр үед Тавантолгойн лицензийг авсан гэх яриа байдаг?
-Наадах чинь зарим хүний сонирхлыг онцгой татаад байгаа. Уг нь энэ лицензийг олгосонтой холбоотой бүх мэдээлэл нь нээлттэй байдаг юм. Тэдгээр мэдээлэл дээр үндэслэж тайлбарлая.
1997 оны хууль тэр оныхоо долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон юм шүү дээ. Энэ өдрөөс эхлээд хэн түрүүлж хуулийн дагуу хүсэлтээ гаргасан нь лиценз авдаг зохицуулалт үйлчилж эхэлсэн гэсэн үг. Энэ өдөр маш олон компани, иргэд хуулиар олгосон эрхээ эдэлж ашигт малтмал хайх ашиглах лиценз авах хүсэлтээ гаргасан. Тэдний дотор манай дотоодын олон компани тухайлбал, "Их Тэмүүлэл", "Женко" гээд олны танил болчихсон компаниуд, гадаадын компаниуд ч байсан.
Харин тэдгээр компаниас иргэдээс, тэр битгий хэл уг хуулиар лицензийг нь авах боломжтой байсан Засгийн газар, Төрийн өмчийн хороо, төрийн өмчийн компаниудаас хэн нь ч Таван толгойн талбайг сонирхож хүсэлт гаргаагүй юм даг. Хэн ч уг талбайд хүсэлт гаргахгүй байсаар 1998 оны 2 дугаар сартай золгосон. Гэтэл дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг болох “BHP Billiton” компани 1998 ны 2 дугаар сард кадастрын албанд хандаад хуулийн дагуу хүсэлтээ гаргаад лицензээ авсан байсан. Миний хувьд энэ бол баярт мэдээ байсан. Учир нь тухайн компани бол олон улсад нэр хүндтэй учраас Тавантолгой шиг томоохон төслийг дангаараа санхүүжүүлэх бүрэн чадвартай.
Тэр үед Таван толгойн талбай харьцангуй том хэмжээтэй талбай учраас лицензийн төлбөрөөр улсын төсөвт дорвитойхон орлого оруулсан байсан. Лицензээ авсны дараа тэд нөөцийг баталгаажуулах өрөмдлөг, туршилтын ажил хийж улмаар ТЭЗҮ боловсруулсан. Гэтэл 10 дугаар сард билүү дээ, нэг өдөр манай кадастрынхан “Нөгөө BHP Billiton чинь лицензээ буцаагаад хүлээлгэж өгч байна” гэдэг байгаа. "Яасан бэ?" гэсэн чинь тэдний хийсэн ТЭЗҮ-ээр энэ ордыг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэсэн дүгнэлт гарсан гээд л өнгөрсөн юм. Ингээд тэд хуулийн дагуу тэрхүү лицензээ буцаагаад хүлээлгэж өгсөн, 1998 оны сүүл үе шиг санагдаж байна. Сонирхуулахад, тэр үед коксождог нүүрсний олон улсын үнэ нэг тонн нь 40 орчим ам.доллар байсан санагддаг.
Үүний дараа дахиад бас хэдэн сар Тавантолгойн талбайд хэн ч хүсэлт гаргахгүй нээлттэй байгаад л байсан. Тэгсэн нэг өдөр миний танил “Би энэ лицензийг авч болох уу” л гэж байна. Саяхан Австралийн том компани эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй гээд өгсөн гэдгийг ч хэллээ. Авахаар бол хуулийнхаа хүрээнд л хүсэлтээ гаргаад авахгүй юу даа л гэсэн. Тэгээд кадастрынхаа албаар дамжаад хууль тогтоомжийнхоо хүрээнд лицензээ авсан байх. Ийм л юм болоод өнгөрсөн. Тэр нь өнөө Майн инфо гэдэг нэртэй нөхөрлөл байхгүй юу…
Тэр үед ийм л юм болоод өнгөрсөн, харин 28 жилийн өмнө болсон үйл явдлыг ямар зорилгоор зориуд мушгин гуйвуулж надтай холбогдуулж худлаа түүх зохиож яриад байгааг би ойлгохгүй л байгаа.
Миний ярьсан бүх зүйл кадастрын албанд байдаг бүхий л бичиг баримтуудаар нотлогдоно. Эзэн захиалагч нь яваандаа тодорхой болох байх. Өнөөдөртөө хэлж болох зүйлээ л хэллээ.
-Майн инфо компанийн Д.Батсайхантай таныг холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гээд байгаагийн шалтгаан нь юу юм бол?
-“BHP Billiton” компани лицензээ буцааж хүлээлгэж өгсний дараа 1998 оны сүүлээр надтай уулзсан хүн бол Д.Батсайхан юм. Тэр үед Д.Батсайхан өөр нэг хүнтэй хамтарч нөхөрлөл байгуулж ажиллуулж байсан юм билээ. Тэр нөхөрлөл дээр нь л намайг "Хувьцаа эзэмшиж байсан" гэж яриад, бичээд байгаа хэрэг. Ерөөсөө ч тийм зүйл байхгүй. Тэр үеийн архиваас ч харж болох байх. Харин хэдэн найзуудтайгаа 2007 онд нэг компани үүсгэн байгуулсан нь Эм Ай Эйч гэдэг компани юм. Тэр компанид Д.Батсайхан хувьцаа эзэмшиж байсан. Үүнийг л санаатайгаар гуйвуулж 1997 онд энэ нөхөр хувьцаа эзэмшиж байсан гэж ташаа мэдээлэл түгээгээд байгаа. Үнэн мөн нь удахгүй тодорно доо.
-Баялгийн хараал гээд нэг ойлголт нийгэмд яваад л байх юм. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Англиараа бол resource curse гэж нэрлэгддэг үзэгдэл л дээ. Харамсалтай нь, манайхан анх монгол хэл рүү хөрвүүлэхдээ аль аль үгийн утгыг нь гажуудуулчихсан. Resource гэдэгтэй дүйх монгол үг бол нөөц гэдэг үг, харин curse гэдэгтэй илүү дүйх монгол үг бол гажуудал эсвэл уршиг гэдэг үг. Энгийнээр хэлбэл нөөцтэй байхын зовлон, уршиг гэсэн утгыг агуулдаг. Хараал гэдэг үгийг ашиглахаар resource curse гэдэг жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт нь шашинлаг, мухар сүсэгтэй холбогдоод утгын гажуудал үүсгэж, дээр нь хүмүүсийн оюун санааг төөрөгдүүлээд байгаа юм билээ.
Аливаа юм заавал сайн, муу талтай байдаг нь хорвоогийн жам. Ийм жамаар байгалийн нөөцтэй байх нь давуу болон сул талыг үүсгэдэг. Тэгэхдээ resource curse гэдэг концепци бол төр засаг нь ухаалаг арга, бодлогыг хэрэгжүүлж чадвал байгалийн нөөцтэй байхын давуу талыг идэвхжүүлж, сул талуудыг нь сааруулж болно гэдэг ерөнхий санааг илэрхийлдэг концепци юм билээ.
Уул уурхайн салбарыг зохицуулдаг хууль тогтоомжуудыг сайжруулах, чангатгах нь тийм ч сайн үр дүнг авчирдаггүй бөгөөд харин нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулдаг хууль тогтоомж, арга барилуудыг ил тод, хатуу сахилга баттай болгохын хажуугаар шүүх, хууль сахиулах салбаруудад сайн засаглалын зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх нь бодитой үр дүнг авчирдаг ажээ.
Тэгэхээр баялгийн хараал буюу нөөцийн уршгаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бол төрийн үйл ажиллагааг ил тод болгох, хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх, засаглалын зарчмуудыг тууштай баримтлах явдал мөн гэж хэлж болно. Манайд энэ чиглэлээр хийвэл зохих ажил нэлээд их байна.
-Баялгийн хараал гэдэг ойлголтоос гадна баялгийн сан гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд их яригдаж байна. Та энэ сангийн талаар ямар санаа бодолтой явдаг вэ?
-Манайхан 20 гаруй жилийн өмнөөс баялгийн сангийн талаар концепци, үзэл баримтлалыг судалж эхэлсэн байдаг. Олон улсад баялгийн сангийн зорилгыг илэрхийлдэг гол санаа нь байгалийн баялгийг ашигласнаар эрс нэмэгддэг улсын төсвийн орлогыг үр ашигтай, нийгмийн ашиг тустай, бас ирээдүйн үеийн сайн сайханд хүртээмжтэй байхуйцаар хуримтлуулж захиран зарцуулах бүтцийг бий болгоход чиглэдэг юм билээ.
Манай судлаачид, холбогдох байгууллагууд Норвеги улсын баялгийн санг нэлээдгүй судалж тус сангийн үйл ажиллагаанаас хэд хэдэн санааг жишиг загвар болгон авсан байдаг. Норвегийн сан бол төрийн мэдэлд байдаг сан юм билээ. Норвегийн сангийн орлогын гол эх үүсвэр нь тус улсын нефть, байгалийн хийн үйлдвэрүүдээс төлөгддөг татвар, ногдол ашиг, нөөц ашигласны төлбөр байдаг.
Сонирхолтой нь, Норвеги улс анхны газрын тосны үйлдвэрээ бүрэн Засгийн газрын хөрөнгөөр барьж байгуулсан байдаг бөгөөд ийм учраас Норвегийн санг бүрдүүлэхдээ төр нь ямар нэгэн нийгэмчлэх , бусдын бүтээсэн хөрөнгө, хувьцааг дарамталж өөрийн мэдэлдээ авах явдал огт гараагүй юм билээ.
Харин ч бүр гадаадын олон компаниуд газрын тосны төслүүдэд хамтран хөрөнгө оруулалт хийхийг дэмждэг. Нэгэнт олон улсад баялгийн сан гэдэг ойлголт аль хэдийн бодит шийдэл болчихсон, үр ашгаа өгч байгаа учраас баялгийн санг Монголдоо байгуулах, ашиглах тал дээр бид бүгдээрээ санал нэгдэж дэмжих ёстой гэж би хувьдаа итгэдэг. Харин ийм санааг хэрэгжүүлэх зорилго, зарчим, аргын агуулга, хэлбэрийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрэн нийцүүлж тодорхойлсон байх ёстой. Харамсалтай нь, манай улс төрийн намууд, төрийн байгууллагууд өнөөг хүртэл Үндсэн хуульдаа нийцсэн шийдэл, арга замыг тодорхойлоогүй л байна.
-Үндсэн хуулийн яг ямар заалт, зарчмууд дээр уул уурхайн салбарыг зохицуулах болон Үндэсний баялгийн санг эрхлэх үйл ажиллагааны зарчмууд тулгуурласан байх ёстой вэ?
-Уг нь ус, газар, ургамал, мал, ан, амьтан, эрдэс бодис гээд олон янзын байгалийн баялгийг хүн бүр л ашигладаг, ийм үйл ажиллагаанд үүсдэг харилцааг хуулиудаар зохицуулдаг. Байгалийн баялгийг ашиглах үйл ажиллагаа эрхэлдэггүй нэг ч иргэн байхгүй, бас байгалийн баялаг ашиглах харилцаанд хамаарахгүй нэг ч үг, үсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй гэж хэлж болно. Жишээлбэл, мал маллах эсвэл газар тариалан эрхлэхийг, эсвэл бүр тоосго үйлдвэрлэхийг зорьж байгаа бол тийм үйл ажиллагааг эрхэлдэг иргэн бүр тухайн зорилгоос үл хамаараад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 иргэний, эдийн засгийн, улс төрийн эрхүүдийг эдлэх эрхтэй. Нөгөө талаасаа тийм эрхийг эдлэхэд зайлшгүй шаардлагатай орчин, нөхцөл, баталгааг бүрдүүлэх үүргийг Үндсэн хуулийн 19.1-ээр заалтаар Төрд ноогдуулсан байдаг. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн өмнө ч бас төр үүрэг хүлээх учиртай. Манай Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлалын амин сүнс нь нийт иргэдийн нийтлэг эрх ашиг буюу Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр баталгаажсан эрх, эрх чөлөөний зарчмууд байдаг гэдгийг бид үргэлж санаж эрхэмлэж байх учиртай.
Улс орон, түүний тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, улсын эрх ашиг, нийгмийн эрх ашиг зэрэг ойлголтууд бүгд Үндсэн хуулийн 16,19 дүгээр заалтуудаар тодорхойлсон зарчим, чиг үүргээс урган гардаг. Энгийнээр хэлбэл Үндсэн хуулийн үзэл баримтлалыг суурь болгон авч үзвэл тусгаар тогтнол, улсын эрх ашиг, төрийн эрх ашиг, дэг журам гэдэг ойлголтууд нь бүгд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр тодорхойлсон нийтлэг эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн ойлголтууд байх учиртай.
Харамсалтай нь улсын эрх ашиг, төрийн эрх ашиг, үндэсний эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэж иргэдийн нийтлэг эрх ашгаас тусдаа, бүр дээгүүр эрэмбэлэгдсэн эрх ашгууд байдаг, иргэд нь тийм эрх ашигт захирагддаг байх, өөрсдийнхөө эрх ашгийг улсын эрх ашгийн төлөө золиосолдог байх ёстой гэдэг 1960 оны Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлал өнөөг хүртэл олон хүний оюун санаанд амь бөхтэй оршсоор байна. Олон улсад Үндсэн хуулийг иргэд ба төрийн хоорондын гэрээ буюу тохиролцоо гэж үздэг. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг бол Төрийн үүрэг өөрчлөгдөнө гэсэн үг. 1960 онд төр нь социалист өмчийг арвижуулж дотоод, гадаадын дайснуудаас хамгаалах, иргэдээ захирах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол 1992 оны Үндсэн хуулиар төр нь иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, шаардлагатай баталгаатай орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүргийг иргэдийнхээ өмнө хүлээдэг болсон. Төр иргэддээ үйлчилдэг байх энэ зарчим ноцтой зөрчигдөж байна.
-Уул уурхайн салбарын ойрын ирээдүйн төлөв байдал сайнгүй байгаа юм байна даа?
-Улс төрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн орчныг, түүний дотор Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг нэн даруй Үндсэн хуулийн 1.2, 5.3, 5.4, 6.2, 14, 16, 17, 19.1 дүгээр заалтуудаар тодорхойлсон зарчмуудад яв цав нийцүүлэх шаардлага байна. Эдгээр зарчмуудад нийцээгүй хууль, дүрэм, журмыг маш олон тоогоор “машиндаж үйлдвэрлэж” байгаагийн улмаас иргэдийн эдийн засгийн, иргэний эрх чөлөө зөрчигдөөд байна. Үүнийг л эхний ээлжинд зогсоох шаардлагатай. Ингэж чадвал эдийн засаг маань, түүний дотор уул уурхайн салбар маань зөв голдиролдоо орох гэрэл гэгээ харагдаад байгаа шүү.
- Та одоо юу хийж байна вэ?
-Тэтгэвэртээ гараад хэдэн жил болж байна. Зав зай гарахаар нь Үндсэн хууль, Системийн инженерчлэлийн ухаан, Цэгцтэй сэтгэлгээ гэсэн гурван чиглэлээр жаал зугаа судалгаа, сургалт хийж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.