Батсуурийн Туул
10 сарын 06, 2025
Улаанбаатараас гурав орчим цаг нисээд буух цэгийг Кансай гэнэ. Кансай олон улсын нисэх онгоцны буудал над мэтийн аялагчдад Япон орныг нээх цэлгэр үүд хаалга билээ.
Кансай буюу хиймэл арал дээр боссон тэрхүү буудалд хөл тавьсан минь 2025 оны долоодугаар сарын хоёрон. Үнэндээ Япон орноор аялах хувийн төлөвлөгөөгөө би аль хэдийнэ оны эхэнд гаргачихсан байсан юм. Энэ нь миний аж амьдралын төлөвлөлт сайтайнх гэхээсээ байгууллага ажилтнуудаа зуны амралтын хугацаанд ээлж ээлжээр сэлгэн ажиллуулахаар шинэ оны босгон дээр өөрсдийнх нь саналыг авдгаас аяллын тов маань тодорхой болчихсон байсантай шууд холбогдоно.
Намайг тийш нисэхийн өмнө ойр дотнын хүмүүс “Сүрхий халуун байгаа шүү. Яах гэж ийм халуун цагаар явдаг юм бэ” хэмээн дотночилсон сануулгыг өгч байж билээ. Бас ч үгүй араас нь “Заавал энэ үеэр явах нь зөв үү” хэмээн өөрийн эрхгүй зогтусахуйц анхааруулгаар санаа тавьж байсан юм даг.
Нэгэн манга зохиолч “Японд долоон сард томоохон газар хөдлөлт болно” гээд номдоо барин тавин биччихсэн юм байж. Ядаж байхад өмнө нь бичсэн гамшгийн тухай зөгнөл биеллээ олчихсон, япончууд өөрсдөө энэ яриагаар давалгаачихсан. Олон улсын хэвлэлийнхэн хүртэл “Гамшиг долоон сарын тавны өдрийн 14 цагт болох тухай” мэдээлээд бараг албажуулчихсан, тийм цаг үе.
Тэгэхээр би гэдэг хүн гамшиг болох газар орон руу МИАТ-ийн тал зорчигчтой онгоцоор зорчиж явсан байх нь. Түйтгэр болно гэсэн өнөөх долоон сарын таван бямба гарагт таарсан ч бурхны аврал гэлтэй, үл ялиг чичирхийлэл ч мэдэгдэлгүй өнгөрөв. Гэсэн хэдий ч гал усанд ам гардаггүй монгол хүний зангаар, ханцуйн дотроо битүүхэндээ залбираад өнгөрсөн юм даг.
Очсон газар орныхоо талаар таньж мэднэ гэдэг судас барихтай адил биш гэж үү. Хялгасан судаснаас эхлээд гол судсыг нь тэмтэрч оношлох хүртлээ чамгүй хугацаа орох янзтай, тэр тусмаа япон хүн, япон орныг бүрэн танина гэдэг нүүдэлчдийн хувьд таамаг төсөөллөөр дүүрэн санж.
Нэг өнгөөр ярих дууны хөг, баяр гуниг үл мэдрэгдэх ганц хэв шинжит харц, намс намсхийсэн жигд хэмнэлт алхаа гишгээ, адил загвараар хувцаслах бүрэг даруу сонголт, бусдаас үл онцгойрох баригдмал төлөв гээд ямар ч цаг улиралд маналзуулж байдаг манайхны шинж чанараас тэс өөр төрөлтнүүд. Их юм хэлээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг барих барьцгүй урсах амьдралд палхийтэл ороод явчихсан маань өнөөгөөс гурван сарын өмнөх явдал.
Кансай надад минималист хэв шинж агуулсан бүтээл шиг санагдав. Ер нь бол гадаах нь гэртээ, гэр дэх нь гэдсэндээ орсон айл шиг гэвэл зохино. Япон соёл, япон орон гэж нэг иймэрхүү илүү ч үгүй дутуу ч үгүй, далд бөгөөд бат нягт ухамсарт оршдог орон юм байжээ гэж бодохуйц.
Нисэх буудлын босгоор давсан даруйд гадныхан хамгийн ихээр зорьж очдог Осакагийн гол гудамжийг чиглэлээ. Суваг дагасан энэхүү гудамжийг 1600 оны үед амьдарч байсан худалдаачин Ясуй Дотонгийн нэрээр Дотонбори хэмээн нэрлэх болжээ. Дотонбориг монголоор утгачилбал, Дотонгийн суваг буюу ухсан газар гэнэ. Учир нь, тэрхүү хурц ухаантай худалдаачин өөрийн хөрөнгөөр жижиг сувгийг өргөжүүлэх замаар бараа таваар, хөгжил дэвшлийг Осакагийн төв рүү хурдацтай нэвтрүүлэх давхар ухаан зарж, санаа шулуудсан ч эцсийг нь үзэлгүй дайн тулааны улмаас амиа алдсан юм билээ. Түүний дараагаар ойр дотныхон нь үйл хэргийг нь гүйцэлдүүлж, сувгийг барьж дуусгасан аж.
Дэлхийн II дайны үед эл орчмын газар бөмбөгдөлтөд ихээхэн нэрвэгдсэн ч дайны дараа сэргээн босгох ажил өрнөснөөр Дотонбори Осакагийн аялал жуулчлалын гол төв хэвээр үлдсэн байна. Үдшийн бүгчим халуунд өнөөх гудамжаар өгсөж нэг, уруудаж нэг үзээд, нэг ч япон хүн ажилладаггүй болов уу гэмээр сүшиний газар олов. Сүшиний хэд хэдэн төрлөөс амтлав. Жинхэнэ япон сүши элдэв амтлагчгүй, жигд амттай аж.
Хоолны газраас гарч ирсээр байтал дуг нойрны цаг юу юугүй дөхжээ. Осакагийн завгүй, шөнийн амьдрал олон өнгөөр анив татав хийх хурц гэрлийн анивчаан дор өөрийн өнгө төрхийг олсон байв. “Осакад ирсэн хүн чухам энд л зургаа татуулдаг” гэхээр нь тэр газарт нь очлоо.
Намайг Японд хөл тавихаас ерэн жилийн өмнө “Глико” гэх тив дамнасан хоол хүнсний компани эрч хүч, эрүүл амьдралын бэлгэдэл болгож, тус гудамжид биеийн тамирын богино өмд цамцтай залуу эрэгтэйг гол болгосон самбарыг хэр баргийн хүн олж үзэхүйц өндөрт өлгөсөн нь өнөөг хүртэл тэндээ байсаар байх болжээ.Өлгөсөн цагаасаа хойш зургаан удаа шинэчлэгдсэн ч уг зурагт самбар байсан байрандаа байсаар байгаа нь юм хуучрах тусмаа үнэд ордог гээч болсон бололтой. Осакаг зорьсон жуулчин бүр өнөөх гүйж яваа залуутай зургаа татуулдаг бололтой юм. Би ч бусдаас дутах юу байх вэ, хүмүүсийн сиймхийг харж байгаад зургаа татуулав аа гэж.
Тэгсгээд нислэгээс буусан тэр өдөр өндөрлөх тал руугаа ч орлоо, дараагийн цэг рүү хөдлөх ч боллоо. Тэнд, гэхдээ монгол хүний анзаарахгүй өнгөрөөмгүй нэг зүйл бий. Энэ бол хил хязгаарын тухай ойлголт. Бид Улаанбаатараас гараад л хөдөө, аймгийн төвөөс хөдлөөд л тал, сумын төвийг захлаад л буйд нутгийг олж хардаг. Нийгмийн дарааснаас салж, унтарч цогшсон байгальлаг зөн мэдрэмжээ сэрээх тийм хосгүй боломж бидний хажуу дэргэд өдөр бүр байж л байдаг. Харин тэнд бол хот суурингаас сугарлаа даа гэх ончтой баримжаа тэр бүр төрөхгүй, ерөнхийдөө барилга байшин шингэрч, тосгоны хэв шинж орж ирэх үед нэгээс нөгөөд шилжин буйгаа ойлгоно. Энэ мэтээр хаанаас хаагуураа зааглагдаж буй нь үл мэдэгдэх хот тосгод аяллын хугацаанд үргэлжлэн үргэлжилсээр байх авай.
Тэндхийн шил толь шиг зам хэнийг ч хаана ч хүргэдэг гэнэм. Тэгш гадаргуутай өнөөх донсолгоогүй зам намайг Ширакава гэх хуучны тосгонд хүргэж билээ. Ширакавагийн зургийг би анх олон нийтийн сүлжээнээс олж харсан юм. Өвөл цагийн Ширакава хэчнээн үзэсгэлэнтэй, сэтгэл татам харагдсан гээч. Өндөрлөгийн бүсэд орших эл тосгон аглаг дахь нэгэн төрлийн амар амгаланг цогцлоосон газар байж билээ.
Тосгон битүү ногоон ой модоор хүрээлэгдсэн ба шовгор зузаан дээвэртэй хүрэн өнгийн ижилхэн сууцнуудтай. Зузаан зузаандаа, бүр овоо зузаан дээвэртэй гээч. Тэдгээр сууцыг оршин суугчид нь бие биетэйгээ хамжилцаж байгаад барьдаг байсан гэдэг. Миний таньдаг япон хүн ч гэж хэн байлаа, сүүлд номыг нь уншсан япон хоёр зохиолчийн нэрийг зээлвэл “Энэ сард Мүраками Харүкигийн гэрийг барьчихлаа. Дараа сард Шиба Рёотаро гуайнхыг баръя” гэж л дээ. Япончууд угаасаа нэг нь нөгөөгөөсөө гогцооролдсон хамтын амьдралын схемтэй улс. Тиймээс тэр ярианы үнэн худалд огтхон ч эргэлзсэнгүй, харин ч бүр нүдэнд харагдах шиг болов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.