Э.Бат-Өлзий: Бүдүүн, шулуун гэдэсний эрсдэл нас өндөрсөх тусам өсдөг

Хүдэрчулууны Хулан
10 сарын 28, 2025

Peak.mn: Бид “Эрүүл мэнд” буландаа “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар”  сэдвийг онцолж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзийтэй энэ сэдвээр ярилцах болно. 


-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлтэй бүлэг гэж байдаг уу?

-Байгаа. Нас өндөрсөх тусам энэ хавдрыг тусах магадлал их байдаг. 45-аас дээш насанд заавал дурангийн шинжилгээ хийх, хавдрын скрийнинг илрүүлгийн шинжилгээ хийлгэ гэж дэлхий нийтэд, ихэнх оронд зөвлөдөг.  Бүдүүн гэдэсний хавдар, хөндийт эрхтний хавдар нь ихэвчлэн дотогш, хөндий рүүгээ ургадаг. 

Шинж тэмдэг багатай явж байгаад хожуу үедээ хүрчихдэг учраас бүдүүн, шулуун гэдэсний хавдрын ганц сонгомол оношилгоо бол дуран. Хөндийт эрхтнийг дотроос нь дурандаад шинжлэх явдал юм. Түүнчлэн ямар нэгэн эмгэг өөрчлөлт байвал эдийн шинжилгээ аваад баталгаажуулж шинжилдэг. Үүнээс бусад шинжилгээнүүд тухайлан үр дүнгүй. Тийм болохоор бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар хожуу оношлогддог тал бий. 


-Энэ хавдрын шинж тэмдэг бие дээр ямар нэгэн зовуурь байдлаар илрэх боломжтой юу?

-Нийтлэг бусад өвчний зовуурьтай ойролцоо байдаг учир андуурагддаг. Жишээ нь, хавдрын эхний үе шат гэдэсний хөндийг бөглөснөөр дотор муухай оргиж, биеийг сульдааж ядраадаг. Үүнийг хүн ядаргаа эсвэл хоолны хордлоготой андуураад яваад байдаг.

Харин хожуу үеийн шинжид хөндийт эрхтэн бөглөрч байгаа учраас гэдэс түгжирнэ. Энэ тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээгээр өвчтөнийг аврах боломж бий. 

Эрт оношлогоонд иргэдийн ухамсар, өөртөө тавих анхаарал хамгийн чухал нь болчхоод байна.  Түүнээс биш анагаах ухааны үйлчилгээ, тоног төхөөрөмжид бол нэлээд хувьсгал хийчихсэн.

Хорт хавдарт үндсэн хоёр  зарчим бий. Эрт оношлогдвол л эмчлэгдэнэ. 85 хувь нь эдгэдэг. Харин хожуу оношилсон хавдар эмчилгээний үр дүн багатай. Хүндрэл, нас баралт өндөртэй байдаг юм. Хожуу шатны хор хавдар үсэрхийлнэ, алсын эрхтэнд ч үсэрхийлнэ. Нэгэнт үсэрхийлчихсэн бол хэчнээн олон төрлийн эмчилгээ хийсэн ч тухайн өвчтөн эмчилгээнд мэдрэг, мэдрэг бус байхаас хамаараад бэрхшээлтэй. 


-Хүмүүс энэ төрлийн өвчнөөс ангид байхын тулд ямар хэмнэлээр амьдарч,  ямар хоол хүнс хэрэглэж байх ёстой вэ?

-Ерөөсөө  бүхий л төрлийн хавдар хорт утаанаас эхлээд архи, тамхи, таргалалт гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөлгөөр үүсэж байгаа. Түүнчлэн удамшлын гаралтай хавдар гэж бий. 


-Магадгүй та бид хоёрын ярилцлагыг уншсан олон хүн энэ шинжилгээг өгье, дурангийн шинжилгээнд оръё гэж бодох байх. Манай улсад оношлогооны тоног төхөөрөмж хангалттай байдаг уу?

-Нэгдүгээрт, мэргэжлийн эмчид үзүүлээд шаардлагатай бол дурангийн шинжилгээ хийлгэнэ. Нэг зүйлийг сануулж хэлэхэд, дурандуулахаас нэг хоногийн өмнө заавал гэдсээ хоосолж, суллана. Ингэж бэтгэдэг учраас хугцааа шаарддаг юм шүү. 


-Та бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмч хүнийхээ хувьд хүмүүст хандаад хэлчих юм сан гэж боддог зүйл байдаг уу? 

-Хорт хавдар гэдэг эмгэнэлтэй, хэцүү хүнд өвчин учраас  хүн эмзэглэнэ. Гэхдээ хэтэрхий эмзэг хандаад, хурдан хугацаанд туйлбаргүй шийдвэр гаргаж, эсвэл дэндүү сунжруулах гэх мэт үйлдлүүдийг хийснээр өөртөө ачаалал нэмээд байдаг тал бий. Эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч. Тэр нь ихэнхдээ үр дүнтэй сонголт биш болчхоод байх тал ажиглагдаад байх юм. 

Хүн нэгэнт өвчин эмгэг тусчихсан бол үүнийг ямар арга замаар даван туулах вэ гэдгээ мэдээж бодно. Өндөр хөгжилтэй орны иргэд бол нэмч нартайгаа ярилцаад, эмчийн хэлсэн үгийг хууль мэт дагадаг юм шүү дээ. Харин манайд энд нэг хүн ийм юм сайн гэвэл тэрийг нь дагаад, тэнд нэг хүн тийм зүйл сайн гэвэл түүнийг нь дагасаар сүүлдээ бараг эмчийгээ мартчихдаг тохиолдолд заримдаа гарах юм. 


Холбоотой сэдвүүд

эмчийн зөвлөгөө эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.