"Жорж Макдоналд нэгэнтээ “Итгэл хүлээх нь хайрлуулахаас ч илүү магтаал, хүндэтгэл” гэж хэлсэн байдаг. ХЭН НЭГНИЙ ИТГЭЛ БОЛ ТАНД ҮЗҮҮЛЖ БУЙ ХАМГИЙН ДЭЭД ХҮНДЭТГЭЛ ЮМ. Итгэл нь бий болж, бас алга болж болно. 

Тиймээс ч “итгэл алдах”, “итгэл олох” гэдэг ойлголтууд байдаг. Итгэлийг алдах амархан, олох хэцүү гэдэг...Заримдаа хэн нэгэнд итгэхийг хэчнээн их хүсэвч, болдоггүй. Хэн нэгэнд итгэнэ энэ тэр гэж бодоо ч үгүй мөртлөө нэг мэдэхэд итгэлтэй болсон байх нь ч бий. Хайрладаг ч итгэдэггүй мөртөө, дургүй ч итгэдэг байх нь бий. 

Фредрих Ницше “Чамайг надад худал хэлсэнд би гутраагүй, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо гутарч байна” гэсэн нь ийм учиртай. Хэрэв итгэл хүссэнээр бий болдогсон бол хүн бүр өөртөө итгэлтэй байхсан. Гэтэл өөртөө итгэх итгэл хүртэл тухайн хүний амьдралын туршлагаас бий болдог болохоор л өөртөө итгэлгүй байх тухай ойлголт байдаг.

Хоосон үг, амлалт, тайлбар итгэлийг бий болгохгүй. Итгэл олох цорын ганц арга нь үйлдэл юм. Итгэл шударга, тууштай, хариуцлагатай байхыг шаардана. Итгэл зөвхөн үнэнээс бий болно. 

Худал хуурмагт үндэслэсэн итгэл үгүй болох нь цаг хугацааны л асуудал. Үнэн бол үнэн л байдаг, үнэнд юу ч зарцуулах хэрэггүй. 

Харин худал, хуурмагт будаг шунх, байнгын арчилгаа, зардал хэрэгтэй. Жаахан анзаарга алдахад л “худал” “үнэнд” байраа тавьж өгнө. Иймд хүмүүсийг хуурч, мэхлэн, худлаа ярьж байгаа хүмүүс ийм зардалтай сонголт хийж байгаа нь бусдыг хуурч мэхэлснээс олох ашиг нь зардлаасаа давж байна гэж үзэж байгаа хэрэг. “Би худлаа яриад улсад ямар хохирол авчраа вэ?” гэж Улсын их хурлын нэгэн гишүүн асуусан байна. Харин би түүнээс “Худлаа ярьснаасаа та ямар ашиг олсон бэ?” гэж асуумаар байна.

Эдийн засагчид итгэлцлийн талаар олон тооны судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, Нобелийн шагналт эдийн засагч Arrow (1972) эдийн засгийн хоцрогдлыг итгэлцлийн түвшингээр тайлбарлах боломжтой гэж үзжээ[1]. 

Итгэлцлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тоогоор хэмжсэн судалгаанууд ч байдаг. 

Algan, Cahuc нар (2010) итгэлцэл нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй болохыг тоон шинжилгээгээр нотолсон.[2] Тэдний судалгаагаар хэрэв өвлөн авсан итгэлийн түвшин нь Шведтэй адил байсан бол Орос, Унгар, Польш улсын нэг хүнд ногдох ДНБ нь одоогийн түвшингээсээ 168%, 82%, 78%-иар тус тус өндөр байх байжээ. Ингээд бодохоор итгэл бол орлого нэмэгдүүлэх хүчин зүйл, эдийн засгийн нэн чухал нөөц юм.

Улсын хөгжил итгэлцлээс ингэж хамаардаг юм бол итгэлцлийг хэрхэн бий болгох вэ? 

Өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумын “Итгэлцэл” гэсэн сэдэв их анхаарал татаж билээ. 

Итгэлцэл чухал гэдгийг төр засгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байсан нь сайшаалтай ч, итгэлцлийг сайжруулцгаая хэмээн уриалж байсан нь итгэлцлийн мөн чанарыг ойлгохгүй байна уу даа гэх сэтгэгдэл төрүүлж байсан юм. Учир нь итгэл хоосон үг, уриа лоозонгоос бий болдоггүй болохоор бие биедээ итгэцгээе, итгэлцэл бий болгоцгооё гэж уриалах үр дүнгүй. 

Харин итгэл олохын төлөө, нэгэнт олсон итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажиллах нь итгэл бий болох үндэс юм. Монголчууд “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол” гэж ярьдаг. Төр, төрийн түшээд энэ зарчмаар ажиллаад эхэлбэл төрд итгэх итгэл аяндаа дээшилнэ. Харин хоосон яриа, амлалт, уриалга, худал хуурмаг мэдээлэл итгэлийг үгүй хийх болно. “Худал үнэнд гүйцэгдэх нь цаг хугацааны л асуудал” бөгөөд итгэл худал хуурмаг хоёр зэрэгцэн орших..."


МУИС -ийн Эдийн засгийн багш Б.Алтанцэцэг