Х.Баасанжаргал: Ордон дахь хүүхдийн өрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг л хэлбэр

Би нэг удаа" булангийнхаа ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг урьж ярилцлаа. 

Би нэг удаа хүүхдээ ажил дээрээ дагуулж ирсэн юм. Тийм шаардлага гарч таарсан. Гэтэл Төрийн ордонд оруулаагүй. Хамгаалалтын албаныхан “Энд хүүхдийн өрөө байхгүй, хүүхэд хамгааллын бодлого ч байхгүй” гээд халгаасангүй. 

Тиймээс би хүүгийнхээ зургийг сошиалд тавьснаар ордонд ажилладаг бусад ээж, аав ч энэ асуудлыг мөн гаргаж ирж тавьсан. Төрийн бусад байгууллагынхан ч дотроо ярилцсан. Ингээд яг жилийн дараа Төрийн ордонд хүүхдийн өрөөтэй болсон.  

Өмнө нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ч би хоёр хүүхэдтэйгээ хамт Төрийн ордонд ирээд хүүхдүүдийг маань оруулахгүй байсан учир “Сүхбаатарын талбай дээр тоглоод байж байгаарай” гээд үлдээж байсан юм. Тухайн үед ч, түүнээс өмнө нь ч миний бие энэ асуудлыг удирдлагуудад нь тавьж байсан. Гэсэн ч санаачилгыг маань үл тоомсорлосон. Харин сүүлд УИХ-ын гишүүнийхээ хувиар санал гаргаж байж газар авч байсан нь жаахан харамсалтай санагддаг юм.


Мөнгөтэй хүн л УИХ-ын гишүүн болдог гэдэг “линз”-ээр харж болохгүй  

Бас намайг олон хүн эсэргүүцсэн. “Одоо болтол хүүхдийнхээ асуудлыг шийдээгүй байж УИХ-д орж ирсэн хэрэг үү. Хүүхэд асрагч, жолооч байхгүй юм уу?” гэж. Би үүнийг харин ч сайн зүйл боллоо гэж бодсон. Яагаад гэвэл улс төрийн тавцанд ажиллаж байгаа хүн мөнгөтэй байх ёстой гэдэг “линз”-ээр харж болохгүй юм аа гэдэг мессежийг өгсөн байх.

Төрийн ордонд нийт дөрвөн байгууллагын 1200 гаруй хүн ажилладаг. Хүүхдийн өрөө гаргачихаар мянган хүүхэд хүрээд ирвэл яах вэ?” гэдэг байдлаар асуудалд хандаад байсан байхгүй юу. Тэгэхээр нь 

"Үгүй ээ, төрийн байгууллагуудад ийм чиглэл, заавар, удирдамж аль 2018 оноос гараад явж байгаа шүү дээ.  2018 оноос хойш олон байгууллага, яаманд хүүхдийн өрөөтэй болчихсон. Тэнд хүүхдүүд хэдэн зуугаараа ирээд ажиллах нөхцөлгүй болгож байгаа нэг ч жишээ байхгүй. Тиймээс бид ч  үүн дээр нээлттэй хандах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн.  

Бичлэг үзэх:



Дунджаар 7-12 насныхан хүүхдийн өрөөгөөр үйлчлүүлдэг  


Хүүхдийн өрөөтэй болсны дараа надад тавдугаар ангийн нэгэн хүүхэд “Эгч ээ, надад энэ өрөөнд гоё байна. Би өвөл 16:00 цагт хичээл тараад ээжийгээ хүлээж байгаад ажил нь тарахаар хамт гэртээ харьдаг байсан. Ээжийгээ хүлээгээд ордны хашааны гадаа зогсож байхад ээж заримдаа надад халуун уух зүйл барьсаар гарч ирдэг байсан” хэмээн ярьж байлаа. Бид хүүхдэд ингэж хандаж болохгүй шүү дээ. “Хүн төвтэй бодлого”, “Хүний эрхэд ээлтэй байх” гэдэг зүйл чинь өөрөө бодит амьдралд байх ёстой болохоос биш хоосон уриа, тунхаг төдий байгаад яах билээ.

Дунджаар 7-12 насны хүүхдүүд хүүхдийн өрөөгөөр үйлчлүүлдэг. Яг энэ насны хүүхдүүдийг гэрт нь орхих аюултай байдаг. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх магадлал өндөр. Ийм насны хүүхдүүдийг хараад өгөх хүн төдийлөн байдаггүй юм байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа ээж, аавууд голдуу 40 орчим насныхан. Өөрөөр хэлбэл, ид ажиллаж, хөдөлмөрлөдөг насныхан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг дан ганц ажил хийх тухай биш, хөдөлмөр эрхлэх бүхий нөхцөлийн тухай бодлого юм. 

Намайг энэ асуудлыг сошиалд тавьсны дараа нэгэн судлаач ярьж байсан юм. Хүүхдээ даргаасаа нуугаад ширээнийхээ доор суулгачихдаг хүний тухай. “За, манай дарга ирлээ шүү” гэнгүүт өрөөнийхөн нийлээд “За доошоо суугаарай” гээд хүүхдийг нуудаг. Үүнээс л бид хүүхдэд хэрхэн  ханддагаа харж болно.  

Төрийн ордонд ажилладаг ээж, аавууд надтай тааралдахаараа “Их баярлалаа” гэж хэлдэг. Хамгийн хөөрхөн нь хүүхдүүд дандаа “Баярлалаа” гэж хэлдэг юм.


Бид өөрсдөө идэвхтэй үйлдэл хийж, төр түүнийг нь зохицуулах үүрэгтэй  

Ордонд 20 хэдэн жил ажиллаж байгаа гээд нэгэн эмэгтэй надтай уулзаж байсан. “Хүүхдүүд маань том болчихсон. Гэсэн ч одоо ордонд хүүхэд орж ирдэг болчихсоныг харсан чинь бид хүүхдүүддээ яагаад тийм харгис ханддаг байсан юм бол. Хүүхдээ гэрт нь цоожилчихно, эсвэл хашааны гадаа үлдээчихдэг, ихэнхдээ машин дотор суугаад үлддэг байлаа.  Би яагаад энэ шаардлагыг тавьж чадаагүй юм бол гэж их бодлоо” гэж тэр эмэгтэй хэлсэн.

Монголчуудад хүний эрхийн талаар нэгэн хэвшмэл ойлголт байгаа нь, хүний эрх гэдэг зүйлийг бидэнд зөвхөн төрөөс л олгодог гэж үздэг. Энэ ойлголтыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. 

Та өөрөө аль болох идэвхтэй үйлдэл гаргаж, төр үүнийг нь зохицуулах үүрэгтэй. Тэрнээс биш төр дуртай үедээ хүний эрхийг зохицуулаад дургүй үедээ больчихдог юм биш. Эрх гэдэг хүнд, өөрт нь заяагдмал, төрмөл зүйл шүү дээ.


ЗурагТайлбар
Төрийн ордоны хүүхдийн өрөө
Төрийн ордоны хүүхдийн өрөө
Төрийн ордоны хүүхдийн өрөө
Холбоотой сэдвүүд

би нэг удаа хүнийэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.