 Цэдэнбалын Цэрэндолгор
                
                            Цэдэнбалын Цэрэндолгор
              
              09 сарын 02, 2025
            
               
            
“Дүрэмгүй сургууль” номын зохиолч, Сакүрагаока сургуулийн захирал агсан өдгөө Шинэ Монгол-3 сургуулийн зөвлөх СайгоТакахиког "Хүний багш" буландаа урьж ярилцлаа. Тэрбээр хүүхдийн хүмүүжил, боловсролын тухайд нийтлэг ойлголтоос тэс өөр өнцгөөр ярьдаг нэгэн гэдгээрээ алдартай. Хүүхэд нас гэсэн онцгой үеийг яагаад жаргалтай өнгөрүүлэх ёстой талаарх түүний үзэл баримтлал танд нэгийг бодогдуулна гэж найдаж байна.
Амьдралыг өөрөөр харахад тусалсан миний түүх
Боловсролын салбарт ирээдүйд аз жаргалтай амьдрахын тулд одоо л тэвчих хэрэгтэй гэж үздэг. Би үүний эсрэг бодолтой явдаг хүний нэг.
Гэхдээ үүнийг туулаагүй бол ойлгох амаргүй. Би үүнийг ойлгох асуудлыг даван туулсан хүн л дээ. Хүү минь төрөөд нэг сартайдаа өвдсөн, эхлээд халуураад л байсан. Сандраад эмнэлэгт үзүүлтэл эмч ханиад гэж оношлоод халуун буулгах эм өгсөн юм. Харихаар эмнэлгээс гартал сувилагч гүйж ирээд, нярай хүүхэд халуурах учиргүй, өөр ямар нэг шалтгаан байж мэднэ, яаралтай том эмнэлэгт үзүүл гэж зөвлөлөө. Эмнэлэгт үзүүлтэл тархины менингитээр оношлогдсон. Эмч нар хүүг минь эмчлэгдэнэ гэж амлаагүй, харин байж болох хувилбаруудыг санал болгосон. Тэр эмнэлэгт 4 төрлийн л антибиотикоос өдөрт нэг нэгээр нь туршиж үзсэн. Эхний антибиотикийг туршлаа, дараагийнх нь бүр 3 дахь удаагийн эмчилгээ ч бүтэлгүйтлээ. Аймшигтай биш гэж үү.
Бидэнд ганцхан л антибиотик буюу сүүлийн найдвар үлдэв. Би эмнэлгийн гадаа машиндаа яах учраа олохгүй айж сандрахдаа бурханд залбирч, амлалт өгсөн юм. Хүүгийн минь амийг нь аварвал хүүгээсээ өөр юуг ч хүсэхгүй гэж…Зөвхөн амийг нь л аварч хайрла гэж гуйхад бурхан аварсан гэж боддог.
Нэгэнт ингэж амласан учраас хүүгээ хэзээ ч ингэ, тэг гэж шаардаж, шамдуулж, түүнээс олон зүйлийг хүсээгүй. Үнэхээр хэлж байгаагүй юм шүү, анхааруулж, аашилж, загнаж ч үзээгүй. Хэрвээ ийм зүйлийг туулаагүй бол би багш хүн учраас нилээн загнаж, зааварчилсан эцэг болох байсан болов уу гэж боддог.
Энэ түүх мөн багшилж байх үед сургуулийн маань сурагч амиа хорлосон явдал амьдрал, аз жаргалыг харах өнцөгийг эрс өөрчилсөн билээ.
Хүн бүхэн хүүхдээ аз жаргалтай өсгөж чадна
Монголд нөхцөл байдал ямар байдгийг би сайн мэдэхгүй байна.
Японы хувьд өрсөлдөж байж л амжилтад хүрнэ, бараг л муу сурдаг бол хэн ч биш гэсэн ойлголт байдаг нь нууц биш. Үүнээс болж хүүхэд амиа хорлох, хичээлээс завсарддаг.
Миний мэдэх дунд ангийн сурагч хүү цусны өвчнөөр өнгөрсөн. Тэр хүү ядраад, өвдөөд л байж л дээ. Ээж нь яасныг нь мэдэхгүй тул “Илүү хичээгээд хичээлээ сайн хий, орой болтол хийх хэрэгтэй” гэж байв. Хүүгийн бие хүндрээд эмнэлэгт үзүүлтэл цусны өвчин гэж оношлогдоод, 3 хоногийн дараа нас барсан байдаг.
Бичлэг үзэх:
Тэр ээж хүүдээ өөрийн дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлээгүйдээ харамсан өдөр бүр уйлж байсан юм.
Хүүг 3 хоногийн дараа үхнэ гэж ээж нь, багш нь ч төсөөлөөгүй. Гэхдээ хүн маргааш ч үхэж магадгүй гэдэг нь үнэн шүү дээ. Бид хэзээ үхэхээ мэдэхгүй. Тийм болохоор өнөөдрийг аз жаргалтай, одоог аз жаргалтай өнгөрүүлэх нь хамгийн зөв гэж бодогдохгүй байна гэж үү? Ирээдүйн төлөө одоо тэвчих хэрэгтэй гэдэг нь утгагүй биш гэж үү? Ирээдүй гэдэг нь яг хэзээ вэ? 90 нас уу, 100 нас уу, эсвэл маргааш уу?
Та хүүхдээ төрөхөд нь хараад юу бодож байсан бэ?Эрүүл сайхан хүүхэд төрлөө гээд л баярласан байх тийм үү? Гэвч удалгүй тэр бодол өөрчлөгддөг. Хичээлээ сайн хийгээсэй , хурдан хөлд ороосой арай хурдан гүйж сураасай, өндөр болоосой гэх мэтээр эцэг эхчүүдийн дуусашгүй хүсэл эхэлдэг. Тэр дунд бид хүүхдээ төрөхөд нь зөвхөн эрүүл сайхан хүүхэд төрсөнд нь баярлаж байснаа мартчихдаг юм билээ.
Миний туулсан, тэрхүү ээжийн зовлон жаргал, амьдралын туршлагыг хүн бүхэн туулах боломжгүй л дээ. Тиймээс л бодоод өөрөөсөө асуугаад үзээрэй. Магадгүй жаахан хэцүү ч гэсэн, танд хүүхэдтэйгээ маргааш л хамт байх боломж үлдсэн бол яах вэ? Сонсохоос хэцүү санагдаж байна уу? Тэгвэл өнөөдөр хичээлээ хий гэж лав хэлэхгүй байх тийм үү.
Хааяа ингэж бодож хүүхдээ өсгөх хэрэгтэй, өөртөө ч гэсэн "Хэрвээ би маргааш үхвэл..." одоо юу хийх вэ гэдгээ хааяа бодож байгаарай. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд л бүү даатгаарай. Учир нь сургууль ганцаараа хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй. Гэр бүл болон тухайн орон нутгийн хүмүүсийн оролцоо маш чухал.
Амжилт гаргаагүй ч амьдрахаар төрсөн нь ч үнэ цэнтэй биш гэж үү?
Хүн яах гэж энэ ертөнцөд төрдөг юм бол? Та энэ талаар бодож байсан уу? Би хүн гэдэг бодьгалыг аз жаргалтай амьдрах гэж л төрдөг гэж боддог. Хүний амьдрал бол онц сурч, амжилтанд хүрч, хөрөнгө мөнгөтэй болж, том байшинд амьдрахаар л хязгаарлагдахгүй шүү дээ. Үүнээс өөр үнэ цэнтэй зүйлс амьдралд олон байдаг гэдгийг хүүхдүүд ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа сургуулийн орчинд сурагчдадаа үүнийг ойлгуулахыг, бодуулахыг хүсэж ажилласан.
Миний бодлоор хүүхэд бүр бяцхан бурхан юм. Тэр үнэ цэнэтэй амь төрснөөсөө л утга учиртай тул нандигнах хэрэгтэй.
Томчууд бид хүүхэд насандаа л хийх ёстой зүйлс байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хиймээр байгаа зүйлсээ хийж бүтэлгүйтсэн хүүхдүүд л ирээдүйд азжаргалтай амьдардаг гэдгийг судалгаа хүртэл баталчихсан. Хэрвээ алдаа гаргангуут нь загнаад зандраад байвал хүүхэд яаж суралцаж,танин мэдэж суралцах вэ дээ. Тийм учраас багш сурагчийн харилцаа маш чухал. Тэрхүү харилцааг хүчээр, хэт их дүрэм журмаар бус эрх чөлөөтэйгээр зохицуулж болно.
Би Сакүрагаока сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдтэй чөлөөтэй ярилцахад зориулан цаг гаргадаг байсан. Миний хамгийн аз жаргалтай цаг хугацаа хүүхэдтэй ярилцах хугацаа юм.
Сурагчид нь сургууль руугаа, багш руугаа яаран ирдэг, амиа хорлох талаар огтхон ч боддоггүй аз жаргалтай сургуулийг бүтээх гэж ажилласан. Манай багш нар хичээл л хийх бус аз жаргал гэж вэ, юу хүсэж мөрөөдөг вэ гэдгийг суралцагч хүүхдээсээ асуудаг.
Сургууль дээр шаналсан, гунигласан хүүхэд байвал томчууд шуудхан л “Яасан бэ? Юу болов?” гэж асууж шалгаадаг. Захирлаар нь ажиллаж байсан Сакүрагаока сургууль маань хүүхдээс шууд шулуунаар ингэж асуудаггүй, аль болох ойр дотно байж санаа тавихыг хичээдэг зарчимтай. Зарим хүүхдэд энэ л хангалттай байдаг бол бүр тусламж хүссэн хүүхэд ч бий.
Хүүхдэд ч гэсэн өөрийн бардам зан, асуудлаа яримааргүй үе байдгийг ойлгох учиртай. Үүнийг нь үл тоож шулуухан асуувал ихэнх хүүхэд дуугаа хураачихдаг.
Таныг ямар нэг асуудлаар шаналж байх үед хүн асууж шалгаавал "Намайг тайван байлгаач" гэж хэлмээр үе байдаггүй гэж үү? Тийм болохоор хүүхдийг юун түрүүнд тайван орхиод, хажууд нь хажууд нь байхад л асуудал нь шийдэгдчих үе байна, эсвэл хажууд нь байвал асуудлаа хэлж ярьдаг хүүхэд ч бий. Хэрэв асуудлыг нь мэдвэл хамтдаа шийдэж чадна шүү дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.