 Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
                
                            Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
              
              06 сарын 03, 2025
            
               
            
Энэ удаагийн “Хүний багш” буландаа бид Нийслэлийн Ерөнхий боловсролын 89 дүгээр сургуулийн бага ангийн багш Э.Цээлээнамсанг урьж ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
-Та багш болох шийдвэрийг хэдийд, хэрхэн гаргаж байв?
-Би 1986 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Тэр үед багш хүн их гоё харагддаг, нүдэнд дулаахан, хүндлэгдсэн хүмүүс байсан болохоор багш болъё л гэж хүсдэг байлаа. 8 дугаар ангиа төгсөхөд багшийн сургуулийн нэг хуваарь ирж, аавтайгаа зөвлөлдөн энэ замыг сонгосон доо.
-Анхны ангиа хэзээ хүлээж авч байсан бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-20 настайдаа анхны 1 дүгээр ангиа дааж авч байлаа. Бүх зүйл шинэ, гэхдээ яг л өөрийнхөө хүүхдүүд шиг хайрлаж өсгөсөн. Зурлагаасаа эхлээд, үсгээ дөнгөж үзэж байгаа хүүхдүүдийг би агаарт бичүүлдэг юм. Миний анхны ангийн хоёр хүүхэд ард ирээд зогсчихсон “Агаарт бичиж болохгүй байна, багш аа, таны нуруун дээр биччихье” гэж байв. Хүүхдүүд чинь ийм л хөгжилтэй, хөөрхөн дурсамжууд надад олон бий.
Миний анхны шавь нар одоо 40 гарчихсан хүмүүс бий. Тэд маань энэ жил 8-р анги төгссөний 30 жилийн ойгоо хийж намайг урьсан. Би нэрийг нь хэлээд л “Чи Удвал байна, чи Даваажав байна” гэхэд “Багш ямар сайн санадаг юм бэ?” гэцгээж байсан. Тэр чинь миний анхны анги шүү дээ. Анхны зүйл хэзээ ч мартагддаггүй.
-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ? Таныг энэ олон жил багш байхад хамгийн их урам хайрласан зүйл юу байдаг вэ?
-Бага ангийн багш нэг хэсэгтээ их ядарна. Гэхдээ хүүхдүүдийн инээд, гэнэн томоогүй байдал эргээд намайг эрч хүчтэй болгодог. Ууртай орж ирээд л хүүхдүүдээ хараад тайвширчихна. Одоо би 60 хүрч байна. Тэтгэвэрт гарахад хоёр жил үлджээ. Энэ хүртэл хүүхдүүдийнхээ инээд хөөр, сайхан энергиэр өдий хүрсэн гэж боддог доо.
-Таны бодлоор сайн багш гэж хэн бэ?
-Хүүхдүүдээ яг өөрийн хүүхэд шиг хайрлаж чаддаг хүнийг би сайн багш гэж тодорхойлно. Багш хүн зөвхөн хичээл заадаг байх ёсгүй. Би өдөр бүр өөр өөр ааш араншин, хүсэл мөрөөдөлтэй 40 өөр ертөнцтэй харилцаж, тэднийг ойлгож, удирдан чиглүүлж, урам өгдөг. Энэ бүхнийг ялгаж, зохицуулж сурах нь багшийн ухаан юм.
Сайн багш гэдэг зүгээр нэг мэдлэг түгээгч биш, харин хүүхдийнхээ дотоод ертөнцийг мэдэрч, тэдний сэтгэл зүрхэнд хүрч чаддаг хүнийг хэлдэг. Хүүхэд бүрийн ар гэрийн байдал өөр шүү дээ. Зарим нь хангалуун айлд өсөж байхад, тэгж чадахгүй ч хүүхэд бий. Энэ ялгааг мэдэрч, хэнийг хэрхэн дэмжиж, ямар аргаар урам өгөхөө мэддэг байвал тэр мэдрэмжтэй багш гэсэн үг.
Түүнчлэн багш хүнд байх ёстой нэг чухал чанар бол сонсох. Хүүхдүүдтэйгээ ний нуугүй ярилцаж, тэдний бодол санаа, зовлон шаналлыг хуваалцаж чаддаг байх ёстой. Ийм харилцан ойлголцол дунд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг, итгэлтэй болдог. Үүнээс л жинхэнэ хүмүүжил, боловсрол эхэлдэг гэж би боддог.
-Та ажлаа хийхдээ юунд хамгийн их анхаардаг вэ?
-Миний хувьд хамгийн чухал зарчим бол багш хүн өөрөө цаг баримтлах, хүүхдүүдээсээ түрүүлж ангид ирсэн байх ёстой гэж боддог. Би хэзээ ч ангидаа хүүхдүүдээсээ хоцорч орж байгаагүй. Эртлэн ирж самбар, хичээлээ бэлдчихээд, сурагчдаа угтдаг. Ангидаа орж ирэхэд л хүүхдийн сэтгэлд итгэл найдвар төрж, дулаан мэдрэмж авдаг.
Манай ангийн хүүхдүүд ч намайг дуурайгаад бүгд эртэч болчихсон. Заримдаа бүр надаас ч түрүүлээд ирчихсэн сууж байх нь бий. Хүүхэд гэдэг чинь яг толь шиг. Багшийнхаа ааш зан, хандлагыг өөрийн мэдэлгүй дуурайгаад сурчихдаг. Тиймээс багш хүн өөрөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Хичээлдээ хоцордог, хайнга ханддаг багш хүүхдүүдээсээ “чи яагаад хоцорсон бэ?” гэж асуух эрхгүй шүү дээ.
Зарчим гэдэг бол зөвхөн дүрэм журам дагах биш. Харин өдөр бүрийн үйлдлээрээ үлгэрлэж, хүндлэл, хариуцлага, тууштай байдлыг хүүхдэд мэдрүүлэх юм. Миний хувьд энэ бол зүгээр нэг дадал биш, харин багш хүний ёс зүй, үнэт зүйл.
-Багш мэргэжлийг сонирхож буй залууст хандаж юу хэлэх вэ?
-Ээжээсээ төрөөд, цэцэрлэг дамжаад, дөнгөж сарвалзаж эхэлж буй бяцхан амьтныг номын мөр хөөсөн, хүмүүжилтэй, хүнлэг болгон төлөвшүүлнэ гэдэг бол багш хүний хамгийн том гавьяа гэж боддог.
Ямар ч хүн А үсэг заасан багшаа хэзээ ч мартдаггүй. Энэ утгаараа бага ангийн багш л тэр хүнд “би чадна” гэсэн мэдрэмжийг төрүүлсэн байдаг. Тэд амьдралынх нь суурь, зөв хүмүүжлийн эхлэлийг тавьдаг маш хариуцлагатай, буянтай ажил хийдэг.
Багшийн мэргэжил бол энэ нийгмийн хамгийн чухал, хамгийн сайхан энергитэй, хамгийн нөлөө бүхий мэргэжил. Өдөр бүр олон мянган хүүхдийн сэтгэлд гэрэл асааж, амьдралыг нь чиглүүлж байдаг. Би энэ мэргэжлээрээ бахархдаг.
Иймээс би залуусыг багш мэргэжлийг сонирхоосой, багш болоосой гэж хүсдэг. Хүнд, хариуцлагатай ч гэлээ асар их урам, сэтгэлийн цэнгэл өгдөг ийм ажил ховор мэргэжил юм шүү.
-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.22] ・ 2025.06.08 Хариулах
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [66.181.161.175] ・ 2025.06.05 Хариулах
Turbo Lite 帐篷 240
Зочин [122.201.31.185] ・ 2025.06.03 Хариулах
Сайхан найздаа эрүүл энх,аз жаргалыг хүсье.Бидэнд оюутан цагийн гэгээн дурсамж зөндөө л байдаг даа.Төдийгөөс өдий хүртэл нөхөрлөж яваа сайхан найздаа...
Санал болгох
1 Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа
2 Э.Бат-Өлзий: Бүдүүн, шулуун гэдэсний эрсдэл нас өндөрсөх тусам өсдөг
3 Х.Баасанжаргал: Ордон дахь хүүхдийн өрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг л хэлбэр
4 Д.Жаргалсайхан: Уул уурхайг үзэн яддаг "эх орончид" хүртэл үр өгөөжийг нь хүртдэг гэдгээ мэддэггүй
5 Тогтвортой ирээдүйг боловсролоор бүтээх эрмэлзэл "RCE Mongolia" төв нээлтээ хийлээ