Хүүхдэд хичээл л заадаг биш хүсэл зоригийг нь бадраадаг багш болохыг хүсдэг


Peak.mn сайт “Хүний багш” контентынхоо энэ удаагийн дугаарт “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн орос хэлний багш Э.Оюуныг урьж ярилцлаа. МУБИС-ийг дүүргэсэн тэрбээр мэргэжлээрээ тав дахь жилдээ ажиллаж байгаа аж.

- Багш мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Багш болох мөрөөдөл бага ангид байхаас л эхлэлтэй. Аав ээжээсээ хол хотод сурдаг байсан учраас гэрээ их л санана. 

Тэр үед бага ангийн багшийн үнэр яг ээжийнх шиг санагддаг байж билээ.Аав шиг түшигтэй, ээж шиг дэмтэй багшийн гэрт ангийнхаа 2-3 хүүхэдтэй хичээлээ хийгээд хонож өнжиж, хооллож ундлаад явдаг байлаа. Тэр өдрүүдэд багш хүнд л байдаг сайхан сэтгэлийг мэдэрсэн.

Дунд ангид ороод бас л сурагчдадаа сэтгэлээ дэвссэн жинхэнэ багштайгаа учирсан. Ангийн багш маань хичээл тараад шөнө 12 цаг хүртэл хүүхдүүдийн гэрээр орж санаа тавьдаг байлаа. Эцэг эх, хүүхэд болгонтой уулзана, асуудал байвал ярилцаж хэрвээ хичээлд ирэхгүй бол шалтгааныг нь тодруулна. Ангиараа урлаг, спортын тэмцээнд бэлдээд оройтоход хүлээж байгаад бүгдийг нь хүргэж өгдөг, хүүхдүүдийн хайртай багш л даа. Чухам тэр үед л “Ерөөсөө багш болно” гээд шийдчихсэн. 


Бичлэг үзэх: 


- Мэргэжлээрээ ажиллахад анх төсөөлснөөс өөр зүйл нь юу байсан бэ? 

-Хичээлээ заачхаад л цаг завтай болчихдог, сурагчдадаа зарцуулах цаг хангалттай гардаг гэж андуурч байсан юм билээ. 

Гэтэл гэртээ хариад ч ажил дуусахгүй. Цонхтой цагаараа бичиг цаас, судалгааны ажилтай “зууралдана”. Хэдэн хүүхдийнхээ дэвтрийг тэвэрч хариад оройжин засна. 20:00 цагаас хойш эцэг эхчүүд утасдвал тэр бүрд нь хариулна. 

Үүний хажуугаар ээлжит хичээлийн төлөвлөгөөгөө гаргана. “Маргааш би юу орох вэ, яаж заах вэ, яавал сонирхолтой байх вэ” гэдгээ бодно. Заримдаа нойр хүрэхгүй босоод бэлдэнэ. Хичээлийн цагаа минут минутаар нь хувааж үзнэ. Зүүдэндээ хүртэл бэлдээд өглөө нь яг төсөөлснөөрөө хичээлээ заадаг. 

Энэ бүхнээс багшийн ажлыг дан ганц ур чадвар, мэдлэгтэй байгаад хийхгүй сэтгэлээ зориулж чадах хүн л хийдэг юм байна гэж ойлгосон доо. 


-Анги дааж үзсэн үү?  

-Анги дааж аваад дөнгөж сар л болж байна. Хүүхдүүддээ хатуурхаж чаддаггүй учраас хаяа хэцүү санагдвал “Би та нарт гомдлоо” гээд л уйлна. /инээв/ Орой унтахдаа “Амь биш, заяа биш болчихъё” гэж бодно. Өглөө сэрээд л “нөгөө 40 хүүхэд маань  багшгүй бүлтэлзэж байгаа даа”  гээд л сургууль руугаа яарна.  Ийм л сонирхолтой, ажилласан хүн дурладаг ажил.

Хүүхдүүд бол үнэхээр гэнэн цагаан ертөнц, өнөөдөр муудалцаад, хоёр тийшээ гараад явна. Маргааш өглөө нь таараад “Сайн байна уу, багш аа. Миний хөөрхөн багш аа” гээд л шулганаад зөрнө.  “Багш аа, би ийм юм сурсан шүү. Та байсан болохоор би чадсан шүү” гэж хэлэхээр “Би чадах юм байна.” гэж урам ордог доо.

Шантралгүйгээр ажиллаж байгаагийн хамгийн том дэмжлэг бол миний хамт олон. Залуу хүний хувьд  30, 40 жил ажилласан туршлагатай багш нарынхаа чигчий хуруунд нь ч хүрэхгүй шүү дээ. Ахмад багш нар дээрээ байнга очиж арга зүйн зөвлөгөө авч суралцдаг. Дэвтэр цаасаа бариад л “Заах ийм арга бий… Эхний хэдэн минутад ингээд заачих, дараа нь самбартайгаа харьцчих…”  гэх мэтээр нэг бүрчлэн зааж өгдөг.  

Зураг
Тайлбар







-Мэргэжлийнхээ утга учир, цаад мөн чанарыг ойлгосон, олж харахад тусалсан түүхээсээ ярихгүй юу? 

- Их сургуулиа төгссөний дараахан П.Түмэнцэцэг багш маань уулзаад “Оюунаа, багш хүн зөвхөн хичээлээ л заадаггүй юм шүү. Багш байхын тулд эхлээд чи өөрөө хүн байх хэрэгтэй” гэж хэлсэн юм.  

Багшилж эхлээд зөвхөн самбар дээр хичээл заадаггүй гэдэг дээр өөрөө ажиглалт хийгээд нэг зүйлийг ойлгосон. 

Би 40 минутын хичээлийг нэг ангид 7 хоногт 3-4 удаа ордог. Тооцоод үзвэл нэг хүүхдэд багадаа бүтэн цагийг зарцуулж байна гэсэн үг. 

Бүтэн хичээлийн жилийн туршид хүүхэд болгоныг ажиглаад уурлахаараа, баяр жаргалтай үедээ ямар байдаг вэ гэдгийг мэдчихдэг юм билээ. Бүр харцнаас нь хэнд сайн, ямар хүүхэд анхаарлыг нь татаад байна, юу сонирхоод байгааг нь ч мэдчихнэ. Хичээл орж байхад сонирхдог хүүхэдтэй нь хамт суулгачихаар нөгөө хүүхдэдээ зориулж цэвэрхэн хувцаслана, гэрийн даалгавраа заавал хийнэ гээд олон сайн талтайг олж мэдсэн. 

Багшилна гэдэг багшийн хэлснээр зөвхөн заах төдий зүйл биш мэдрэмж шаарддаг онцгой ажил юм байна гэдгийг олж мэдэрсэн.


- Сүүлийн үед багш мэргэжлийн үнэлэмж буурч байна гэж хүмүүс их ярих болжээ. Та мэргэжлээрээ ажиллаж байгаа залуу хүний хувьд багшийн үнэ цэнийг юу гэж хардаг вэ? 

- Одоо цагт юуг ч интернэтээр сурчихдаг болчихлоо. Багштай багшгүй болно доо гэх яриаг багагүй сонссон л доо. Мэдээлэл өгч, мэдлэг олгоно гэдэг нэг хэрэг. Гэхдээ хүүхэд бүрийн дотор сэтгэлийн гал, хүсэл эрмэлзэл гэж чухал зүйл бий. Багш хүн л тэрхүү галыг бадраадаг гэж би боддог. Яг миний багш нар шиг.

Нэг шавь маань “Би хичээлдээ тийм ч дуртай биш л дээ, гэхдээ багш бидэнтэй гоё харьцдаг болохоор тасалдаггүй” гэж ээж аавдаа ярьсан байсан. Тэр үгийг сонсоод би л хичээлээ сонирхолтой зааж чадвал миний хичээлд хүүхэд дуртай байх юм байна шүү дээ гэж урам орсон. Цаашдаа мэргэжилдээ үнэнч явна гэж боддог. 

Найз нөхөд дундаас “Яах гэж багш болсон юм бэ, одоо мэргэжлээ сольчих. Оффист ажиллаад илүү цалинтай байна” гэж хэд хэдэн хэлсэн. Би үүнтэй санал нийлдэггүй ээ. 

Үр хойч маань “Миний эмээ өндөр цалинтай ажил хийдэг хүн байсан” гэж ярихгүй л болов уу. Харин ч “Ээж минь, эмээ минь багш байсан шүү дээ, олон шавьтай хүн дээ” гэж дурсагдвал сайхан биш гэж үү. Хувь хүний зүгээс сайн хүн, бахархалт багшийн хувиар амьдрах хүсэлтэй.

Зураг
Тайлбар








 

-Залуу хүний хувьд тулгамддаг бэрхшээл юу  вэ? 

-Хүүхдүүдээс илүү эцэг эхчүүдтэй харьцах хэцүү байдаг. “Хүүхэд маань хичээлээ тасалчихсан байна одоо яах вэ” гээд ярихад “Харин тийм. Тасалчихсан байна билээ. Унтчихсан гэсэн.” гээд өмөөрөх маягтай, хайхрамжгүй хандана. Хүүхдээ анхаарахгүй он удаан жил явчхаад дүнг нь хараад “Яахаараа миний хүүхэд 60 авдаг юм” гээд ороод ирэх эцэг эх ч байна.  

Минийхээр хичээлээ сайн хийдэг гээд зөв хүн болчихгүй. Хүмүүжил төлөвшилтэй хүнийг л хөөрхөн, мундаг гэнэ. Ядаж хоцроод ирсэн бол уучлал гуйдаг,  үнэхээр буруу юм хийсэн бол уучлаарай гэж хэлж чаддаг байгаасай. Ийм байхад нь эцэг эх гэр бүл нь дэмжлэг үзүүлээсэй. Багшийг хичээлээ тайван орох нөхцөлөөр нь хангаад, өөдөөс хар яр гээд байдаггүй хүмүүжилтэй болгоосой л гэж хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.