Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 24, 2026
Тахийн сүрэг нэгэн цагт дураараа давхиж явсан уугуул нутаг Хомын талдаа эргэн ирээд өдгөө 20 гаруй жилийг үдэж байна. Гэвч энэ түүх тийм ч дардан эхлээгүй нь үнэн. Анх тахийн бэлчээрт зориулан хашаа хатгахад нутгийнханд таатай санагдаагүй гэдэг. Шинэ зүйл гэдэг адармаатай, багахан сорилттой. Энэ багахан үл ойлголцол удалгүй арилж, Хомын талынхан эх нутагтаа эргэн ирсэн тахийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч зэрэгцэн оршсоор буй. Өдгөө энэ нутгийн хөгшчүүд уул уурхайн нөлөөнд авталгүй үлдсэн нь тахийн л ач гэлцдэг. Цаг хугацааны эрхээр гандаж доройтсон газар нүдэн дээр сэргэн өөрчлөгдсөн нь ч тэдний талархах шалтгааны нэг билээ.
Байгалийг хүн хөл, малын бэлчээрээс холдуулахад л өөрөө л нөхөн сэргэж урган дэлгэрдэг жамтай. Үүнийг батлах мэт Хомын талын хамгаалалтад авсан бүсэд голын дагуу чацаргана ургасаар шугуй болтлоо өргөжжээ. Тэр хэрээрээ шувуудын зорин ирдэг газрын нэг болжээ. Бүр сураг тасраад байсан бөхөнгийн сүрэг хүртэл дахин нутагшаад байгаа талаар, ирвэс ирсэн нь ажиглалтын камер дээр үлдсэн тухай тус хамгаалалтын газрынхан баяртай ярьж байлаа. Уулын амьтан хүртэл ирж нутагшиж буйгаас харахад Хомын тал аргагүй л амьтанд ээлтэй бүс нутаг болжээ. Байгаль ийнхүү өөрийн жамаар унаган төрхөө олж сэргэснийг харсан нутгийнхан “Бүх зүйл байх ёстой зүйлс байрандаа оржээ” хэмээн олзуурхан ярьцгааж байв.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Бидний өгүүлж буй тахийн диваажин болсон энэ нутаг Завхан аймгийн Дөрвөлжин суманд оршдог. Тал цөлжүү хээр, хуурай хээр хосолсон, баруун талдаа Хар-Ус нуур, Дөргөнө нуураар, зүүн зүгээс Завхан голоор, өмнөд хэсэгтээ Монгол элсээр хүрээлэгдсэн хараа баясгам сайхан нутаг. Ийм тогтцыг хуурай газрын байгалийн “арал” хэмээн нэрийддэг.
Энэхүү өвөрмөц байршил хүний хөлөөс зайдуу тул зэрлэг амьтдад хамгийн тааламжтай гэж үнэлэгддэг. Тиймдээ ч гагц тахийг хамгаалах бус тухайн бүс нутгийг цогцоор нь хадгалж, авч үлдэхийн тулд Хомын талын хамгаалалттай газрын хэмжээг өргөсгөж, 410 гаруй мянган га талбайг зургаан жилийн өмнө (2020 онд) байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын ангиллыг нь ахиулсан түүхтэй.
Байгальтайгаа зохицож ирсэн өвөг дээдсийнхээ үргэлжлэл юм бид
Улсын тусгай хамгаалалтад авсан газар бүсчлэлээс хамаарч зарим үйл ажиллагаануудыг хязгаарладаг. Анх Хомын талын малчдын дунд энэ талаар ойлголт тааруу байв. Зөрчилдөх, хамаг газраа булаалгасан мэт санагдаж байсныг ч нуусангүй.
Энэ талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин Н.Нарангэрэл “Хомын талаа тойрон жилийн дөрвөн улиралд нутагладаг 40 гаруй өрх энд бий. Анх тусгай хамгаалалтад авна гэхэд манай нутгийнхан малчдыг хөөх нь гэж ойлгож байсан. Тэр цагаас хойш 6 жил өнгөрчээ. Бидний л газар нутгийг хамгаалж, ирээдүйд хадгалж байгаа хэрэг юм гэдгийг олж харж байна.
Тор татсан талбай нь тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд хамаардаг юм. Онцгой бүсэд орсон хэсэгт анхнаасаа айлын өвөлжөө бууц ч байгаагүй. Тэгэхээр малчид нүүж буух шаардлага гараагүй. Түүний гадна талд хязгаарлалтын бүс гэж бий. Малчид бид энэ бүсэд малаа маллаж, амьдрал ахуйгаа залгуулж байна"
| Зураг | Тайлбар |
![]() | Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин Н.Нарангэрэл |
![]() | |
![]() |
Тахь, янгиртай малын бэлчээр давхацдаггүй. Тэд онцгой бүс дотроо ууландаа нутагладаг. Харин цагаан зээр, хар сүүлт, монгол бөхөн нүүдэллэдэг учраас хааяа бэлчээрт таарна. Бид ингэж малчид зэрлэг амьтдадаа, зэрлэг амьтад нь малчдын амьдралд нөлөөлсөн зүйлгүй, зэрэгцэн оршоод болж л байна. Өвөг дээдэс, аав ээж маань бүгд л ингэж л байгальдаа зохицож, малаа маллаж амьдарч ирсэн юм шүү дээ. Бид энэ жишгээр л явах учиртай.” хэмээн ярьж байна.
Байгалийн цогцолбор газар: Байгалийг унаган төрхөөр нь хадгалах, аялал жуулчлал, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдолтой газар нутгуудыг хамруулдаг. Хамгаалалтын дэглэмээс нь хамааран тухайн нутгийг дараах 3 бүсэд хуваан ангилдаг:
Онцгой бүс: Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах зориулалттай. Энэ бүсэд зөвхөн хамгаалалтын арга хэмжээ болон зөвшөөрөгдсөн судалгааны ажил хийж болно.
Аялал жуулчлалын бүс: Иргэд байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхох, аялал жуулчлал эрхлэх зориулалттай. Энд аялагчдад зориулсан отоглох цэг, зам талбай байгуулж болдог.
Хязгаарлалтын бүс: Энэ бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, аялал жуулчлалын дэд бүтэц байгуулах, зарим төрлийн байгалийн баялгийг ахуйн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг.
Бичлэг үзэх:
Мөн тэрбээр малчид нэг хэсэг малынхаа тоо толгойг өсгөхөд л анхаарсан бол энэ хандлага өөрчлөгдөж талаар ийнхүү ярьж байна.
"Мал ихсэхийн хэрээр бэлчээрийн даац хэтрэх хэцүү. 5-10 жилийн дотор өвс ургамал тачир сийрэг болоод л, зарим ургамал үзэгдэх нь цөөрөөд ирж байгаа юм л даа. Яг энэ эрчээрээ бэлчээр доройтоод л байвал үр хүүхдүүд маань нутагтаа амьдрах боломж хумигдана шүү дээ. Тэгэхээр бидний хийх зүйл бол малаас хүртэх ашгаа нэмэгдүүлэх гэдгийг улам их мэдэрч, чадахаараа хичээж байна. Ялангуяа тусгай хамгаалалттай газартай ойр нутагладаг малчид бүр ч идэвхтэй оролцох учиртай юм билээ" гэж онцлон ярилаа.
Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгож байна
Тусгай хамгаалалттай газрын орчимд амьдардаг гээд бидэнд тулгарсан бэрхшээл байхгүй дээ. Харин ч үр өгөөжөө өгсөн нь их шүү гээд инээмсэглэн урлаж суугаа бүсгүйг А.Эрдэнэчимэг гэдэг. Тэрбээр Хомын талын тусгай хамгаалалттай бүсийн орчимд амьдардаг. Алслагдсан энэ нутагт шинэ зүйл сурах боломж хомс ч хамгаалалтын захиргаанаас зохион байгуулсан сургалтууд түүний амьдралд нь өөрчлөлт авчирчээ.
Энэ талаар, "Манайх Улаанбаатараас 1300 гаруй км алслагдсан газар. Төв газарт тэр бүр очоод сурах боломж олдохгүй. Хомын талын БЦГ-ын захиргаанаас малчид бидэнд зориулж олон жил сургалт явуулж, тэр нь ч амьдралд их нэмэр болдог юм. Би гэхэд гурван жилийн өмнө эсгийгээр бүтээл хийх сургалтад анх сууж байлаа.
| Зураг | Тайлбар |
![]() | Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн иргэн А.Эрдэнэчимэг |
![]() | |
![]() | |
![]() |
Тэр үед хонины ноос, нэхийгээ хангалттай үнэ хүргэж чадахгүй байгаагаа мэдсэн. Гадаад хүмүүс аль болох байгальд сөрөг нөлөөгүй зүйлс авахыг л хүсдэг юм билээ. Хонины ноос дулаан хадгалж, халуунд сэрүүхэн, сэрүүн цагт дулаан байлгадаг. Эдэлгээ удаантай учраас нэг авсан хүн дараа нь хүүхдэдээ, ээждээ, найздаа гээд заавал дахиж авдаг" гэлээ.
Түүний хийсэн эсгий балерина 80-90 мянган төгрөгийн үнэтэй. Ахуй ажлынхаа хажуугаар 2–3 хоногт нэгийг урлаж амждаг гэв. Урлалын ажлаас гарсан үлдэгдэл өөдсийг хүртэл жижиг чихмэл хийхдээ ашигладаг гэнэ. “Хийсэн бүхнийг маань Франц руу гаргадаг. Амьдралд энэ орлого их нэмэртэй” хэмээн тэр хэлэв.
Сүүлийн үед шар сүүгээр чихэр, цэлцгэнүүр хийж, өөхөөр саван ч хийж байгаа аж. Малаас гарч байгаа түүхий эд болгоныг бүтээгдэхүүн болгож чадвал илүү ашигтай юм билээ гэж А.Эрдэнэчимэг ярилаа.
Бичлэг үзэх:
Хомын талаас Франц хүртэл буюу малчдын хүртэж буй өгөөж
Байгаль хамгаалалт зөвхөн хязгаарлалт биш, орлого болж чаддагийн бодит жишээ Хомын талд бий. Тахийг сэргээн нутагшуулах ажлын хүрээнд нутгийн иргэдтэй хамтран ажилласан нь өнөөдөр эдийн засгийн үр өгөөжөө өгсөн ажил болжээ. Хомын талын БЦГ-ын хамгаалалтын захиргаа (Хомын талын тахь ТББ) энэ тал дээр арвин туршлагатай.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Тэдний ачаар малчид тахийн чихмэлээс эхлээд эсгий таавчиг зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Бас чацарганын үйлдвэр хүртэл ажиллуулжээ. Дөрвөлжин сумын эмэгтэйчүүд тахь сэргээн нутагшуулах үеэс эсгий бүтээгдэхүүнүүд хийж эхэлж, 20 гаруй жил тасралтгүй Франц руу гаргаж байгаа нь энэ нутгийнхны брэнд болсон ажил болжээ. Одоо бол Онц, Тавантолгой багт ноос, эсгийгээрээ бүтээгдэхүүн урладаггүй айл өрх ховор гэж малчид ярьж байна.
Хомын талын тэмээтэй 10 гаруй айлаас торомны ноос авч, Францын тансаг ноосон бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж эхэлсэн сайхан мэдээ ч дуулдана. Жилд 500 орчим кг ноосыг зах зээлийн ханшаас өндөр үнээр авдаг гэнэ.
Хомын талын малчдаас авсан торомны ноосоор хийсэн хөнжил 480-680 евро буюу 1.8–2.6 сая төгрөгөөр борлуулагдаж байна.
Үнэ хүрээд байгаа нь ч учиртай. Гадны хэрэглэгчид байгальд ээлтэйг, бүр байгалиа хамгаалахад оролцож байгаа малчдын үйлдвэрлэснийг дуртайяа сонгож байгаа хэрэг. Эх дэлхийдээ ээлтэй хандлага руугаа эргэж органик руу тэмүүлэх болсон энэ үед эрэлт хэрэгцээ нь цаашид улам ч нэмэгдэх нь тодорхой юм. Энэ хэрээрээ малчдын орлого ч нэмэгдэх нь гарцаагүй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.