Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна

“Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулах уулзалтыг Боловсролын сэтгүүлчдийн нэгдлээс санаачлан зохион байгууллаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ удаа бодлогоор хэрэгжүүлэх шинэчлэлүүдээ танилцуулсан юм. Танилцуулгаас онцлох мэдээллийг хүргэж байна.

Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай

Энэ онд боловсролын салбарт нийт 1,353 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс:

  • 506.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс
  • 588.4 тэрбум төгрөгийг гадаад зээлээр
  • 257.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ

Төлөвлөгөөний хүрээнд нийт 238 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Үүнээс 63 нь шинээр эхлэх, 175 нь өмнөх оноос шилжсэн ажлууд юм.

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэж тооцоолжээ.


Багш нар, сургуулийн удирдлагуудыг үе шаттай аттестатчилна

Энэхүү үнэлгээ нь багшийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг бодитоор тодорхойлох зорилготой.

Эхний ээлжид Баян-Өлгий аймгаас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ирэх есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд 700 сургуулийн захирлыг аттестатчилж үнэлэх юм.

Аттестатчлалын хүрээнд багш, удирдлагын мэргэжлийн түвшин, сургалтын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг ил тод болгохыг зорьж байна.

БЗС-гаас авсан зээлээ төлөхгүй төгсөгчдийг хөдөө орон нутагт багшаар ажиллуулна

Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй иргэдийг орон нутагт багшаар ажиллуулах боломжийг судалж байна.

Энэхүү зохицуулалт нь орон нутаг дахь багшийн хомсдлыг бууруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Одоогоор уг зохицуулалтын нарийвчилсан журам, хэрэгжүүлэх хэлбэрийг боловсруулж байгаа аж.

Багшийн дутагдалтай сургуульд ажилласан залуучуудыг цэргийн албатай дүйцүүлэх бодлого судалж байна

Хөдөө, алслагдсан бүс нутгийн сургуулиудад багшийн дутагдал олон жил үргэлжилж, зарим хичээл огт ордоггүй, эсвэл мэргэжлийн бус багшаар заалгах нөхцөл үүсээд байна. 

Ялангуяа математик, физик, англи хэл зэрэг суурь хичээлүүд багшийн хомсдолд ороод байгаа аж.

Энэ нөхцөлд багшийн дутагдалтай сургуульд тодорхой хугацаанд ажилласан залуучуудыг цэргийн алба хаасантай дүйцүүлэн тооцох зохицуулалтыг судалж байгаа аж. Уг бодлого нь боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдлыг богино хугацаанд нөхөх боломжтой шийдэл гэж үзэж байна.


Шаардлага хангахгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална

Боловсролын байгууллагын барилга, засварын ажилд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх материал ашиглаж байгаа асуудлыг бүрэн цэгцэлнэ гэж Боловсролын сайд мэдэгдлээ. 

Тэрбээр сургууль, цэцэрлэгийг хортой будаг, стандартын шаардлага хангахгүй материалаар засварлаж байгаа зөрчлүүд илэрч байгааг онцолсон юм. 

Энэ хүрээнд шаардлага хангахгүй барилгын материал, будаг, тоног төхөөрөмж, шохой ашигласан байгууллагуудад хатуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.

Боловсролын салбар хар жагсаалтаа зарлана

Мөн боловсролын салбарт олон жил тендер авч, чанаргүй гүйцэтгэл хийсэн компаниудын “хар жагсаалт”-ыг энэ сард багтаан Сангийн яамтай хамтран зарлахаар бэлтгэж байгаа аж.

Сайдын хэлснээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэж, давтан тендер авч байгаа компаниудад зориулж хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэж үзэж байна.

Боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ

Ийм нөхцөлд боловсролын салбарт дараах өөрчлөлтүүдийг хийх шаардлагатайг онцоллоо. Үүнд:

  • Хичээлийн тоог бууруулж, цөөн хичээлийн чанарт төвлөрөх
  • Ангийн дүүргэлтийг бууруулж, нэг ангид ногдох хүүхдийн тоог 25 орчимд барих
  • Ахлах ангиас мэргэжил чиг баримжаанд суурилсан сонгон хичээлийн тогтолцоонд шилжих
  • PISA үнэлгээг илүү бодит, тогтмол хэмжилтийн хэрэгсэл болгон ашиглах
  • Багшийн үнэлэмж, ажлын байрны шаардлага, шалгуурыг сайжруулах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.