Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 15, 2025
Peak.mn: “Хүний багш” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид нийслэлийн Ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Түмэндэлгэрийг урьж оролцууллаа. Багш байхын жаргал зовлон, сайн сайхныг мэдэрсээр 18 дахь жилтэйгээ золгож, энэ хугацаанд гурван ч анги дааж төгсгөөд буй түүний яриаг хүргэе.
“Хүүхдүүдийнхээ гэрэлтэй царай, цагаахан сэтгэл, эерэг энергиэс багш хүн өдөр бүр урам зориг, хүч эрч хүчээ сэлбэдэг. Цалин хөлс, материаллаг зүйлсээр дутмаг үе байлаа ч сэтгэлээ шавь нартаа зориулсан багшийн амьдрал аз жаргалаар дүүрэн байдаг” хэмээн онцолсон юм.
Бичлэг үзэх:
Байгаа орчноосоо аз жаргал мэдэрдэг хүнд тийм ч олон зүйл хэрэггүй болдог
Бид хүнээр баян. Хамгийн гоё энергийг би сургуулийнхаа орчноос, тэр дундаа хүүхдүүдээс авдаг. Бид бүгдээрээ л аз жаргалтай байхын тулд энэ орчлонд ирсэн. Тиймээс хүн бүр байгаа, байгаа орчноосоо л аз жаргалыг мэдэрч байвал хүний амьдрал тийм ч олон зүйл хэрэггүй гэдгийг ойлгох байх.
Би багшийнхаа ажилд хэзээнээс л дуртай. Багшийнхаа ажлыг хийсээр яваад л тэтгэвэртээ гарна. Яагаад гэхээр, хүн л болсон хойно амьдралд хааяа таагүй зүйл тохиолдох үед би сургуульдаа ирээд л хүүхдүүдээсээ гэрэлтэй энерги, хүндэтгэлийг мэдэрдэг юм.
Цалин хөлс дутмаг, хангалтгүй санагдсан үе заримдаа гарсан ч эцэг эхчүүдийн харилцан ойлголцол, хамт олны сэтгэл ханамжтай байдал, халуун дулаан уур амьсгалд л татагдсаар өдийг хүртэл ажилласаар л байна.
Заримдаа бас бодно оо. “Би хүн болгонд тулж ажиллаж чадаагүй байх даа, нээрээ тэр үед ингэдэг байж дээ” гээд л. Ингэж өөртөө шүүмжлэлтэй хандах үе бас бишгүй. Тиймээс алхам тутамдаа, өдрөөс өдөрт суралцсаар л явна.
Багш хүн үргэлж суралцах ёстой. Хүүхдүүдтэйгээ харилцахад шаардлагатай бүхнийг, арга туршлага дутсан бүхэнд мөнгө хаяад ч хамаагүй суралцахыг эрмэлздэг. Нэг шинэхэн төгсөгч багш сургуульд маань ирэхэд л тэр залуухан багшид байгаа зөв хандлагыг нь авчих юм сан гэж бодно. Ер нь насаараа л сурахын өлсгөлөнд явдаг хүмүүс шүү дээ, багш нар.
Сэтгэл дэвссэний хариуд хүндлэл ирдэг юм
Аав маань бага ангийн багш байсан юм. Шавь нь аавыг маань хөдөөгөөс бүүр онгоцоор авхуулаад хотод аялуулаад явуулж байсан гэдэг. Багш хүн сурагчдадаа сэтгэлээ дэвсэж, зөв чиглүүлж сургахынхаа хэрээр хүндлэлийг хүлээж авдгийн нэг жишээ нь энэ юм болов уу.
Нөгөө талаар, багшийн нийгмийн асуудлыг, цалин хөлсний бодлогод түлхүү анхаарах юм бол энэ хэрээр чанартай багш нар олон болж чанартай боловсролыг хүүхдүүдэд олгоно. Боловсрол сайн байвал нийгэмд үүсэх сөрөг асуудлууд ч багасна. Тийм учраас би хувьдаа чанартай багш нар олноор бий болоосой гэж боддог юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.