"Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшинтэй амьдралынх нь хэв маягийн талаар ярилцлаа.

-Ярилцлага өгөхөөр цаг зав гаргасанд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Д.Амартүвшин гэдэг. Би 34 настай, эрэгтэй хүн. /инээв/


-Комедиан болсон түүхээсээ хуваалцаач?

-Би анх үзэгч нь байсан. 6-7 сар комеди үзсэний дараа анх тайзан дээр гарсан. Тэр үед сандарснаасаа болоод олигтой зүйл ярьж чадаагүй, хүмүүсийг инээлгэж чадахгүй тайзнаас бууж билээ. Одоогоос 4 жилийн өмнө “Open Mic”-д идэвхитэй явж эхэлсэнээр комедиан болсон. Комедиан Жаки бид хоёр хамт оролцдог байсан юм.


-Чухам юунаас санаа сэдэл авч элэглэл хийж үзэхээр шийдсэн бэ?

-Батаа тайзан дээр бэлгийн харьцааны тухай маш илэн далангүй ярьж байхыг сонсоод ангайсан. Яагаад гэвэл хүмүүс яг л энэ талаар ярихыг хэн нэгэн хориглочихсон юм шиг, ярьсан хүмүүсийг жигших нь холгүй байдаг шүү дээ. Тэр сэдвийг тайзан дээр гаргаж ярьснаар хүмүүсийн хайрцаглагдсан, хэвэнд цутгагдсан мэт сэтгэлгээг өөрчилж болох боломжтойг анзаарч комедиан болохоор шийдсэн.

Анх тайзан дээр гарахад тэр олон хүнийг инээлгэнэ гэдэг амар зүйл байгаагүй.

Олон удаа тайзан дээр гарсаар, яваандаа илүү сайжирсан. Хамгийн гол нь тухайн хүний мэдрэмж, өөрийн үзэл санаа их нөлөөлдөг юм билээ.


-Comedy Lab хэрхэн үүссэн бэ?

-UB Comedy кпубд байсан хэсэг комедиан нийлээд өрх тусгаарлахаар шийдсэн. Ингээд өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр Comedy Lab байгууллаа. Энэ талаар нийгмийн сүлжээгээр их л шуугих шиг болсон. Тиймээс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.


-Та Comedy Lab-ийн ирээдүйг хэрхэн харж байгаа вэ? Яавал илүү олон хүнд хүрч чадна гэж боддог вэ?

-Би энэ талбарыг хүмүүс өөрийгөө хөгжүүлж, комедигоо туршиж үзэх, хүмүүсийг инээлгэх, хэн бүхэнд нээлттэй платформ гэж хардаг. Клуб маань ирээдүйд маш энгийн, ойлгомжтой, хүмүүст хүрэхэд дөхөм болно. Бүх дүрэм журам нь маш тодорхой, энэ урлагийг сонирхдог хэн бүхэнд нээлттэй, яавал шоунд гарах, хэрхэн комедиан болох вэ гэх мэт бүх дүрэм нь тодорхой платформ болно гэж үздэг. 

Тийм ч учраас бид шинэ комедиануудыг төрүүлэхээр хайж эхэлсэн. “Open Mic”- ээс залуучууд гарч ирж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20 гаруй залуу стэнд-ап комеди төрлөөр оролцлоо. 

Ийм байдлаар бид ирээдүйн шилдэг комедианыг төрүүлдэг платформ болгохоор ажиллаж байна. Тэд пуужин бол бид нислэгийн талбай болно гэсэн үг. Манай талбайд ирээд нисэх боломжоор бид хангана. Харин үзэгчдэд бид юуг амлаж чадах вэ гэвэл хамгийн чанартай элэглэл, хамгийн тухтай орчин, сайн дуугаралтыг манайхаас авах боломж юм.


-Комедиан Амараа өөрийгөө яг ямар хүн гэж дүгнэдэг вэ? 

-Намайг яг ямар хүн бэ гэдгийг хүмүүс л тодорхойлж хэлж чадах байх. Би хувьдаа өөрийгөө ямар хүн бэ гэдэг дээр ач холбогдол өгдөггүй. 

Миний бодлоор хүмүүс өөрийгөө байгаагаар нь дүгнэж чаддаггүй юм шиг санагддаг. Дүгнэсэн ч голдуу алддаг болов уу.  Учир нь хүн өөрөө субъектив амьтан учраас өөрийгөө шударгаар дүгнэхээс илүү дөвийлгөх талдаа байдаг. Надтай харилцаж үзсэн, надтай ойр байдаг хүмүүс л намайг Амараа бол тийм хүн гэж хэлж чадна. Хүмүүсийн миний давуу талыг нэрлэхийг сонссон, ихэвчлэн зөрдөг юм.


-Та хэр их уншдаг хүн бэ? Залуусыг уншаасай гэж зөвлөмөөр ном бий юу?

-Би ном уншдаг хүмүүсийн дэргэд өөрийгөө уншдаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ улс төр, эдийн засгийн номыг түлхүү шимтэн уншдаг. Манай байгууллага ч бас одоогоор улс төр, эдийн засгийн чиглэлээр академик түвшиний 7 ном гаргасан. Хүмүүст “Жоннатан Гулибэлийн Аялал: Эрх чөлөөгүй орноор аялсан нь” номыг зөвлөнө. Энэ ном улс төр, эдийн засаг, философийн ойлголтыг маш энгийнээр тайлбарласан. Эдийн засаг сонирхдог залууст Марк Скаузений “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” номыг уншаасай гэж зөвлөе. Саяхан нээлтээ хийсэн Айн Рэндийн “Өөрийгөө бодох нь ариун үйлс”, мөн манай байгууллагаас гаргаж буй Адам Смитийн институттэй хамтран “Австрийн их сургуулийн гарын авлага” гэх ном бий. Би өөрийн биеэр Адам Смитийн институтын захирал Имонн Батлертай уулзан номоо санал болгон, эх хэл дээрээ орчуулсан. Эдгээр номыг залуучуудаа уншаасай гэж хүсэж байна.


-Та ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?

-Ер нь миний амьдралыг хөгжимгүйгээр төсөөлшгүй. Ихэвчлэн удаан хэмнэлтэй электро хөгжим сонсох дуртай. Deep House; Down Tempo гэх мэт диско, фанки ая сонсдог. Бас сонгодог хөгжимд дуртай. Сүүлийн үед дуурь сонсдог болж байна.


-Хүүхэд насаа хаана, хэрхэн өнгөрүүлсэн бэ? 

-Байнга л аав ээжийнхээ чихнээс хонх уяж явдаг, зүгээр суудаггүй хүүхэд байлаа. Хүүхэд нас минь Бага тойрог, Дарь Эх хавьцаа л өнгөрсөн. 8 дугаар анги хүртлээ 48 дугаар сургуульд сурсан. Байгалийн ухаан, математик, хими, фикизийн хичээлд их сайн, сонирхолтой хэрнээ монгол хэлний хичээлдээ тааруухан. Үүнийгээ тухайн үед монгол бичиг, кирилл бичиг хольж зааснаас болсон гэж боддог. 

Би зах зээлийн үеийн хүүхэд. Тухайн үед хүн болгон л амьдрах гээд эрвийх дэрвийхээрээ хөдөрмөрлөж зүтгэсэн. Аав, ээж хоёр маань нарийн боов хийж зардаг байлаа. Харин би зарж борлуулах үүрэгтэй. Ингээд 12 настайгаасаа л дэлгүүр, ТҮЦ гудамжаар явж наймаа хийж, хүнтэй харилцаж эхэлсэн. 3, 4 дүгээр хороолол, Сансар, 13 дугаар хорооллын ТҮЦ-үүдийг бол андахгүй сайн мэднэ. Бүтээгдэхүүнээ зарахын тулд хүнтэй зөв харилцах арга сурсан, тэр үеэс л хүнтэй харилцаж сурсан юм шиг санагддаг. 


-Хүсэж мөрөөдөж байсан ажил мэргэжлээ эзэмшиж чадсан уу?

-Хүүхэд учраас бараг л өдөр бүр өөр мэргэжилтэй болохыг хүсдэг байлаа. Кино үзээд киноны баатартай адилхан болно гээд л... Дөрөвдүгээр анги хүртэл ийм байдлаар явсан. Ахлах ангид ороод том үйлдвэртэй болчихоод олон хүнийг ажилтай болгоно гэсэн мөрөөдөлтэй болов. Энэ мөрөөдлөө хоёрдугаар курс хүртэл бодсон. Багадаа наймаа их хийж, хүмүүстэй харилцдаг байсантай ч холбоотой юм уу, бизнесмэн, эдийн засагч болох гэж бодож үзлээ.

Гэвч МУИС-ийн эдийн засгийн ангид орох гээд ЭЕШ өгтөл тэнцээгүй. Одоо эргээд харахад, би тэр үед шалгалтдаа бүдэрсэн ч өөрийн арга барилаар эдийн засгийн онол, ойлголтыг сурч, өөрийн харах өнцөгтэй болсондоо баярладаг. Тэнцчихсэн бол яг л одооны нэгэн хэвийн сэтгэлгээтэй эдийн засагч нарын адил Кэйнсийн онол яриад л явах байсан болов уу.

 

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

-Миний нэг өдөр завгүй өнгөрдөг. Өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд, “Comedy Lab”-ийнхаа ажилд ордог. Шоугаа явуулах, байгууллагуудтай гэрээ хийх, клубын promotion, нийгмийн сүлжээг хариуцаж, өдөр тутмын шоуны зар гаргах гээд л долоо хоногийн зургаан өдөрт нь шоугаа зохион байгуулдаг. Арай гэж ажил дуустал охиноо цэцэрлэгээс нь авах цаг болчихсон байдаг. 

Бас бид эдийн засгийн онолын чиглэлээр “Mises Mongolia” ТББ үүсгэн байгуулсан. Саяхан эдийн засагч, философич, бизнесмэнүүдийг урин томоохон олон улсын хурал хийж, том ажлын ард гарлаа. Мөн ном орчуулах, арга хэмжээ зохион байгуулах гээд нэгэн зэрэг олон ажил дээр төвлөрч ажилладаг.


-Та мэргэжлээрээ ажиллах, comedy show явуулах бас сайн аав байх гээд энэ их үүрэг хариуцлага дунд цагаа хэрхэн зохицуулж төлөвлөдөг вэ?

-Цагаа зохицуулахад хамгийн гол зүйл нь хийх ажлуудаа төлөвлөх байдаг. Хэтэрхий нарийвчилсан биш ч чухал ажлуудаа google calendar дээр тэмдэглэдэг. Өдрийн 10 минутыг маргаашийн хийх ажлаа төлөвлөхөд зарцуулдаг. Хүмүүс цагаа төлөвлөхгүй байгаагаас болоод ажлууд нь амждаггүй юм шиг санагддаг. 


-Сүүлийн асуулт. Та залууст юуг хамгийн их захиж, зөвлөхийг хүсдэг вэ?

-Би залуучуудад юу ч зөвлөхийг хүсэхгүй байна. Учир нь хүн хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө амьдарч, амьдралынхаа аз жаргалаа өөрөө эрж хайж олоосой гэж хүсдэг.


-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.