Хүдэрчулууны Хулан
10 сарын 07, 2025
Монгол Улс Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ авсан 46 дахь орон боллоо
Ажил дээр, эсвэл анги хамт олонд, гэр бүл дотор, найз нөхдийн дунд хэн нэг маань “нэг л биш” байх шиг санагдах үе хааяа тохиолдож байсан уу. Яахаа мэдэхгүй, түүнд хэрхэн туслах аргаа олохгүй эргэлзэж тээнэгэлзэх үе байв уу?
Ийм тохиолдолд тухайн хүнийг шүүмжлэхгүйгээр сонсох, ярилцах гэх мэт арга замаар сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэн, зөв чиглүүлэх чадвар, мэдлэгийг хүмүүст эзэмшүүлдэг олон улсын хөтөлбөр байдаг аж.
Дэлхийн 45 оронд хэрэгждэг Mental Health First Aid /MHFA/ буюу Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж олон улсын хөтөлбөрийн албан ёсны эрхийг авсан 46 дахь улс нь Монгол болжээ. Ингэснээр олон улсад хэрэгжүүлдэг Mental Health First Aid (MHFA) хөтөлбөрийг нутагшуулах чухал алхмаа манай улс эхлүүлж байна. MHFA бол мэргэжил үл хамааран хүмүүст сэтгэлзүйн эрүүл мэнд болон энэ чиглэлийн анхны тусламжийг үзүүлэх ойлголт, мэдлэгийг цэгцтэйгээр олгох чухал хөтөлбөр юм.
Сэтгэлзүйн эрүүл мэнд өөрөө биеийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг хэмээн орчин цагт үзэх болсон бөгөөд бие махбодид үзүүлдэг анхны тусламжтай нэгэн адил сэтгэлзүйд ч анхны тусламж авах хэрэгцээ шаардлага гарч болдог байна.
Тэрхүү сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлэгч нь хэн ч байх боломжтой, цаашлаад хүн бүр энэхүү мэдлэгийг эзэмших нь Тогтвортой хөгжлийн бодлогод нэгэн чухал хүчин зүйл, бүрдэл хэсэг нь болдгийг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орнууд хүлээн зөвшөөрдөг байна. Үүнийг батлах энгийн нэгэн томоохон жишээ нь,
Австрали улсад анх 25 жилийн өмнө эхлүүлсэн энэхүү хөтөлбөр өдгөө дэлхий даяар найман сая гаруй хүнийг хамруулан Сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэгч болгосон нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд бодитой, эерэг өөрчлөлт авчирсныг жил бүрийн өргөжсөн судалгаа баталж байна.
Хүн амын болон ажлын байрны түвшинд 15 хүн тутмын нэг нь MHFA-ийн мэдлэгтэй болсноор нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт авчирдаг гэсэн тооцоолол ч байна.
Монгол Улсын 35 иргэн MHFA сургалтын анхны суралцагч боллоо
Австрали улсад төвтэй Mental Health First Aid International байгууллагын дэд захирал Dr. Jakqui Barnfield, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Claire Kelly нар монголд хүрэлцэн ирж, энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд манай улсад анхны MHFA сургалтыг зохион байгуулж бна. Энэ бол MHFA олон улсын хөтөлбөрийг монголд “Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж” гэсэн албан ёсны нэршлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл юм.
Mental Health First Aid төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлыг санаачлан, үүсгэн байгуулагч Э.Мөнхзул, Б.Халиунаа нар нь Австралийн Засгийн газрын “Australia Awards” тэтгэлгийн төгсөгчид бөгөөд олон улсын хөгжил, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн аж. Тэд эх орондоо буцаж ирээд, олон улсын стандарт хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн байна.
Хөтөлбөрийн ач холбогдол, зорилгын талаар тэд тайлбарлахдаа, “Хүн бүрт ойр тойрныхоо хүмүүсийг сэтгэлзүйн асуудалд орохоос өмнө эрт илрүүлж, сонсож дэмжих чадварыг бий болгохын тулд хөтөлбөрийг заах анхны багш нарыг бэлтгэж, ажлын байранд болон олон нийтэд хэрэгжүүлэх стратеги, аргачлалыг боловсруулах шаардлагатай” гэв. Энэ ч утгаараа Mental Health First Aid International байгууллагын дэд захирал Dr. Jakqui Barnfield, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Claire Kelly нар “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд нийт 35 хүнд хоёр өдрийн хичээл заалаа. Тодруулбал, Зэвсэгт Хүчний Жанжиш штаб, СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, АШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Боловсролын яам, Иргэний Нисэхийн ерөнхий газар, ЛГБТ төв, эмнэлэг болон бизнесийн байгууллагууд, боловсролын салбараас төлөөлөл оролцож өнөөдөр cертификат гардан авсан юм.
Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж хөтөлбөрийг “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн дэмжинэ
Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилготой уялдаж байгаа учир хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулахад төрийн оролцоог хангаж, бодлогын түвшинд дэмжихээ илэрхийлээд байгаа аж.
Түүнчлэн АШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимээс гарын авлага болон сургалтын материалыг мэргэжлийн түвшинд олон нийтэд хүргэх, хөтөлбөрийн агуулгыг монгол хүн, соёлын онцлогт нийцүүлэх ажлын тухай товч мэдээлэл өгөн дэмжих юм байна.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Leo Zheng энэ талаар, “Энэ бол Австралийн боловсрол, хөгжлийн хамтын ажиллагааны амжилтын нэг жишээ. Австрали Улсын Засгийн газрын зорилго бол сургасан мэргэжилтнүүд маань эх орондоо буцаж очоод нийгэмд эерэг өөрчлөлт авчрах явдал” хэмээн онцолсон бол MHFA Mongolia-г үүсгэн байгуулагч Э.Мөнхзул Б.Халиунаа нар “Тогтвортой санхүүжилт ТББ-ын хувьд лиценз эзэмшиж, олон улсын стандартыг мөрдөж, оролцогч бүх талуудын уялдааг хангаж төслийн зохион байгуулалтыг хариуцаж байгаа нь итгэл, хариуцлага шаардсан ажил юм. Хөтөлбөрийг монгол хүний онцлогт нийцүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа маш чухал. Бид энэхүү төслийг санаачилснаараа Тогтвортой хөгжлийн хөдөлгөөн эхлүүлж байна гэж харж байгаа.
Анхны тусламж бол зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хийх, ярих ажил биш бөгөөд бид нийгмээрээ, нийтээрээ, бүр гэр бүл, найз нөхөд, ажлын байрны хүрээндээ хэрэгжүүлдэг энгийн чадвар байх ёстой” гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.