Т.Бямбатогтох: Салалт сайн зүйл биш ч гарцаагүй тохиолдолд үр хүүхдийнхээ төлөө эвлэрч, эцэг эхийн хувиар харилцах зай үлдээ

Манай улсад өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг гэсэн статистик тоо баримт бий. Амьдрал нь бүтэлгүйтэж хоёр тийш болсон хосуудын хувьд тэр дундаа хүүхэдтэй гэр бүлийн хувьд саллаа ч хэдийн үр хүүхдээрээ насан туршдаа холбогдсон байдаг. Харамсалтай нь энэ үүргээ ухамсарладаг нь  тийм ч олон биш, үр дүнд нь салалтын хохирогч болсон хүүхдүүд насны туршийн сэтгэлийн шархтай үлддэг. Peak.mn сайт энэ удаа гэр бүл судлаач Т.Бямбатогтохыг онцлон урьж уг асуудлаар ярилцлаа. Тэрбээр 17 жил ажиллаж буй мэргэжилтэн юм.

-Монгол гэр бүлүүдэд голдуу ямар асуудал тулгарч байна вэ, тэрхүү асуудлын шалтгааныг мэргэжлийн хүний хувьд хэрхэн хардаг вэ? 

-Туршлага, ажиглалтаасаа дүгнэж үзвэл хосуудад сэтгэл зүйн боловсрол, харилцааны боловсрол, санхүүгийн боловсрол үнэхээр дутмаг. Үр дүнд нь гэр бүлд гарсан асуудлууд нь даамжирсаар салах шийдвэрт хүрч байна. 

Наад зах нь сэтгэл зүйн дархлаатай хүн асуудал гарах бүрд салах талаар яаран боддоггүй. Гэтэл уранхай оймсоор эхэлсэн хэрүүлийг дэвэргэсээр удам сударт нь тулж очиж салж байна шүү дээ. Хэдийгээр физиологийн хувьд насанд хүрсэн ч бие хүний хувьд төлөвшөөгүй, өөрийгөө ойлгож таниагүй үедээ гэр бүл зохиогоод байгаа нь эргээд олон асуудлын тэр дундаа гэр бүл салалтын гол шалтгаан болж байна.

Бичлэг үзэх: 

- Салалт гэсэн эмзэг сэдвийг ярихаас өмнө асууя. Гэр бүл зохиох чухал сонголт хийхээсээ өмнө залуус ямар зүйлсийг нухацтай бодож үзэх ёстой вэ? 

-Амьдралын боловсрол, төлөвшлийг нэг хөтөлбөр, сургалтаас л ойлгоод сурчихдаг зүйл биш л дээ. Мэдээж оролдож, алдаж онож байж л суралцдаг. Гэхдээ сурах гэж байна гээд хэн хэнийхээ амьдралаар туршилт хийж болохгүй. Тийм учраас ийм хариуцлагатай сонголтыг хийхээсээ өмнө өөрийгөө таних хэрэгтэй.  Ер нь харилцааны боловсрол, сэтгэл зүйн боловсрол гэдэг нь хүн өөрийгөө танихаас л эхэлдэг. 

✔ Би хэн бэ?
✔ Би ямар давуу, сул талтай хүн бэ?
 Би ямар үедээ аз жаргалтай байдаг вэ?
✔ Амьдралын ямар зүйлийг таашааж, юуг утга учиртай гэж үздэг вэ?
Надад ямар зан араншинтай хүн илүү тохирох бол?
Би тэр хүнд тохирохоор байна уу, үгүй юу? зэрэг асуултын хариуг өөрөө олох хэрэгтэй.  

Гэтэл ихэнх хүн “би төвтэй, яг одоо төв”-тэй амьдардаг. Ялангуяа залуу гэр бүлүүдийн маргаан “Би тийм зүйл хиймээр байна, би өлсөөд байна, би амармаар байна, би, би…” гэдэг хандлагаас болж үүсдэг. Харин төлөвших тусам энэ хандлага багасна, тэр хэрээрээ өөрчлөгддөг.  Өөрөө өлсөж байсан ч хүүхдэдээ түрүүлж хоол өгөхийг, өөрөөсөө урьтаж хүүхдээ аюулгүй, тав тухтай байлгахыг хичээдэг болсон цагт л гэр бүл бат бэх оршдог.

-Бусдыг хайрлахаасаа өмнө өөрийгөө ойлгож, танихыг алгассанаас асуудал гардаг байх нь ээ?

 -Хосууд энэ чухал шатыг алгасаад байгаа юм. Бусдыг хайрлана гэдэг өөрийгөө таньсан ойлголтоос, өөрийгөө хайрласан хайраас эхлэн урган гардаг зүйл.  Ингэж чадаагүйгээс “Би чамайг хайрлаж байгаа учраас л…” гэж өөрийгөө зөвтгөсөн өрөөсгөл ойлголт бий болдог. Жишээ нь “Би чамд хайртай учраас хардаж байна” гэдэг. Гэтэл хэт их хардалт бол хайр биш, өвчин. Харин ч нөгөө хүнээ сэтгэл зүйн хувьд хямрааж, зовоож буй сэтгэл зүйн хүчирхийлэл гэдгийг ойлгох ёстой.  

-Гэр бүл төлөвлөлт гэж ярихаар үүнийг төлөвлөдөггүй, аяндаа бий болдог зүйлс гэж ярьдаг.  Үүнийг яагаад төлөвлөх ёстой вэ? 

-Амьдрал тэр бүр төлөвлөгөөгөөр болдог зүйл биш л дээ. Гэхдээ сайн, муу ч хувь хувийн амьдралын төлөвлөгөөтэй байх ёстой.  

Хос хоёр энэ талаараа хоёр талаасаа илэн далангүй ярилцах нь эхний чухал алхам. Ингэснээр л “Тэгвэл ингэе” гэсэн хамтын шийдвэрүүд гардаг. Жишээ нь хэдэн хүүхэдтэй болох, хэзээ байр оронтой болох, хэзээ нь өөрсдөө сурч, хөгжих вэ” гэдгийг ерөнхийд нь төлөвлөж болно шүү дээ. Ингэж байж л гэнэт гарч ирдэг эрсдэл, асуудлаас биеэ хамгаалж, хамтдаа  урагшилдаг. Харин манайд энэ асуудлыг нухацтай авч үздэггүй, зөнд нь хаядаг. 

Дөнгөж сая гэхэд 22 настай залуутай уулзлаа. “Гэр бүлээ төлөвлөсөн үү”? гэж асуухад “Энэ талаар бодоогүй. Одоогоор найз охинтой” гэж хэнэггүй хариулсан.  Яг үнэндээ хувь хүнд өөрт нь төлөвлөгөө байхгүй нөхцөлд хосын дундаас хамтын гэр бүлийн төлөвлөгөө гарах боломжгүй. Энэ бүхэн л салалтын шалтгааны нэг болоод байгаа юм.

-Гэр бүл салалтын талаар монголчуудын дунд ямар буруу ойлголт байна вэ? 

 -Миний ажигласнаар монголчууд салалтыг эхнэр нөхөр л салж байна гэж ташаа ойлгодог. Гэтэл салалт нь тухайн эр эм хоёрын төдийгүй, тухайн гэр бүлийн бүх гишүүд салж байгаа гэдгийг анзаардаггүй. Гурван хүүхэдтэй гэр бүл салсан бол тэр айлын хүүхдүүд хүнтэй ч суугаагүй байхдаа салалтыг мэдэрч, дотроо өмөрч, тастагдаж, урагдаж үлддэг. Салалтаас үүдсэн асуудал хүүхдийн амьдралд ямар толбо үлдээж, ирээдүйд гарах асуудлын үндэс шалтгаан болж байгааг нь хэн ч хэлж мэдэхгүй. 

Салсан гэр бүлийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох элбэг гэсэн тоо баримт ч байдаг.  Энэ бол ганцхан жишээ. Үүний цаана дахиад олон асуудал бий, тухайлбал боловсролын чанар, хүүхдийн өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн эрүүл мэнд гээд олон суурь асуудлууд яригдана.  

-Бусад улс оронд салсан ч хүүхдийнхээ өмнө эцэг эхийн үүргээ биелүүлээд хамтран өсгөдөг шүү дээ. Энэ талын ойлголт манайд дутмаг байна уу даа?

  -Салалтын дараах хүүхэд хүмүүжлийн асуудлыг ярихаас урьтаж салалтын өмнө хүүхэд хүмүүжилд аавын оролцоо, ээжийн оролцоо ямар байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Гэтэл салаагүй байхдаа ч хүүхэд хүмүүжил дээрээ оролцоо маш бага буюу хүүхэдтэйгээ хамт тоглодоггүй, хамт зааж сургадаггүй. 

Шуудхан хэлэхэд орчин үеийн монгол хосуудад хүүхэд хүмүүжлийн эерэг арга алга бараг алга байна шүү дээ. Аавуудын хувьд гэхэд дийлэнх нь ажил хийж олсон мөнгөө эхнэртээ авчирч өгөх л үүрэгтэй гэж боддог. Хүүхэд нь тийм ийм зүйл авмаар байна гэхээр нь аваад л өгчихдөг, картаа зурдаг. Үүнийгээ аавын үүргээ гүйцэтгэж байна гэж боддог. 

Энэ төрлийн буюу  "АТМ аав"-ын үүрэг гүйцэтгэж байсан аавуудад салсны дараа ч онц гойд ялгаа мэдрэгдэхгүй. Хааяа нэг л уулздаг болно, тэтгэмжийн мөнгөө төлнө. Энэ эцэг хүний хувьд ганцхан тэжээн тэтгэх үүргээ л биелүүлээд байна гэсэн үг. Ийм аавуудаас гэхэд анхнаасаа оролцоогүй хүүхэд хүмүүжлийг, эцгийн оролцоог энд яриад ч хэрэггүй болж байгаа юм.

-Нэгэнт гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн хүнд та юу зөвлөх вэ?

 -Зайлшгүй шалтгаанаар салахаар болсон бол мэргэжлийн хүнд, хамгийн гол нь гэр бүл судлаачид хандахыг зөвлөнө. Гэр бүл судлаачид сэтгэл зүйчдээс арай өөр арга барилаар ажилладаг гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Нүд өвдвөл шүдний эмч дээр очдоггүй биз дээ, үүнтэй  л ижил. Гэр бүл судлаач зөвхөн таныг бодол мэдрэмжийг төвөө болгохгүйгээр таны гэр бүлийн асуудлыг бүхэлд нь харж оношилж байж зөвлөгөө өгдөг.

-Эвлэрүүлэн зуучлах төвд хандаж байгаа гэр бүлүүдэд ямар асуудал тулгардаг вэ?

 -Салалтын явцад эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ санал болгодог. Үүнийг буцаагаад хүчээр нийлүүлэх гээд байна, “Салгахгүй ээ” гээд хүчээр нэг оронд хамт хийх гээд байгаа юм шиг буруу ойлгодог тал бий. 

Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр салалтыг гомдол хорсол багатайгаар харилцаагаа дуусгах шийдэл гаргахыг хэлж байгаа юм. Салж буй хосууд аль болохоор бие биеэ уучлаад, өөрийгөө уучлаад, нөхцөл байдлыг уучлаад шинэ энгийн байдлаа хэрхэн хүлээж авах тал дээр зөвшилцөх ёстой. 

Бас хүүхдүүддээ үүнийгээ хэрхэн ойлгуулах юм бэ гэдэг дээр тохиролцох хэрэгтэй шүү дээ. Яг л компаниуд ямар нэг асуудал дээр зөвшилцөж, харилцан гэрээ хийж, асуудлыг шийдвэрлэдэг шиг л зүйл. Ингэж ярилцаж, ойлголцоод салж чадвал салалтын дараа хүүхдийн хүмүүжлийн асуудал харьцангуй багасах болно.

-Салсан эхнэр нөхрүүд харилцаагаа эрүүл зөвөөр дуусгаж чадсан эсэхээ яаж мэдэх вэ? 

- “Еx”- ээ бодохоор танд ямар мэдрэмж төрж байна вэ? Таны уур хүрч байна уу, гомдол төрж байна уу?  

Хэрвээ сэтгэлийн хөндүүргүй, үзэн ядалтгүй, уйлмааргүй, уурламааргүй мэдрэмжүүд төрж байвал та хоёр харилцаагаа эрүүлээр дуусгажээ гэсэн үг. Эрүүл хандлага гаргаж үр хүүхдийнхээ төлөө эргээд эцэг эхийн хувиар харилцах зай үлдээсэн хэрэг. 

Харин өнгөрсөн харилцаагаа бодохоор л уур хүрч, шаналж байвал сөрөг хандлагаар салжээ. Харилцаагаа бүрэн дуусгаж чадаагүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд харилцаагаа эрүүлээр дуусгахыг хичээх хэрэгтэй. 

Эцэг эх нь зөрчилдөөд байгаа тохиолдолд хүүхэд хамгийн их хохирдог. Тиймээс хүүхдээ бодоод эвлэрч, ойлголцож ямар ч тохиолдолд хэн хэн нь ээж аав байх үүргээ биелүүлэх л хэрэгтэй.
 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.